Улсын баяр наадам дөхсөн энэ цаг үед бид та бүхэндээ улсын цолонд хамгийн ойрхон байгаа бөхчүүдийн тухай сонирхолтой мэдээллийг цувралаар онцлон хүргэх болно. Энэ удаад бид Аймгийн хурц арслан Улагпаны Берекег онцолж байна.
Тэрбээр 1989 оны тавдугаар сарын 02-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд мэндэлжээ. Одоогоор "Өлгийн Хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хороо, "НДП Констракшн" ХХК, Хилийн цэргийн 208 дугаар ангийн нэр дээрээс барилдаж буй. Түүний биеийн өндөр одоо ид барилдаж буй бөхчүүд дундаа дээгүүрт орно. Учир нь тэр 190 см өндөртэй, 118 кг жинтэй. Өөрийн биеийн арал чацыг ашиглан барилддаг онцлогтой бөх юм. Галбир, хийц сайхантай, хууччуулын ярьдгаар хэцтэй бөх гэдэг чинь Береке юм шүү дээ.
У.Береке 2007 онд сумынхаа баяр наадамд од нь гийж, Сумын заан цолыг 18 насандаа хүртэж байлаа. Бөхийн амьдралаас хэсэг холдсон уу, эсвэл амьдралын өнгө аяс тэгэж таарсан уу 2012 онд, таван жилийн ард дээр сумын заан цолоо баталсан гэдэг. Тухайн жилээсээ эхлэн бэлтгэл сургуулилтаа жигдэлж, бөх хүний амьдралыг эргэлж буцалтгүй сонгосон гэнэ. Улмаар дараа жил нь 2013 онд Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд тав давж, Аймгийн начин цолыг 24 насандаа хүртэж байв. Аймгийн начин цолноос ахилгүй нэг жил болов. Түүний дараагаар 2015 оны Баян-Өлгий аймгийн баяр наадамд Аймгийн харцага цолонд дэвшив. Эндээс л түүний аймгийн цолонд дүүрэн барилдах хүсэл, эр буцалсан байх гэж боддог. Береке 2016 оны аймгийнхаа баяр наадамд анх түрүүлж, Аймгийн арслан цолонд хүрсэн бол дараа жил нь 2017 онд дахин түрүүлж Хурц чимэг нэмжээ. Одоо түүнд улсын цол л дутаад байх шиг санагдана. Яагаав, уяа сойлго нь таараад их, бага сунгаанд түрүүлдэг ч баяр наадмын өдөр цээжинд ирдэг морь байдаг даа. Тэгэж л зүйрлэвэл ономоор санагддаг.
2022 оны наадмаар мань эр гурав давсан. Тэр угаасаа л ямар ч барилдаанд зоолттой хоёр, гурав давчихдаг. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгийн даваанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Сумын заан Ч.Гантулгыг, хоёрын даваанд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын харьяат бөх, Аймгийн заан Б.Мандалбатыг, гурвын даваанд Завхан аймгийн Ургамал сумын харьяат, Аймгийн арслан П.Өсөхбаатарыг тус тус хаясан. "Энэ жил ч Береке арслан өнгөтэй байна даа" гэж олон ч хүн хэлцэж байв. Гэтэл дөрвийн давааны нугалаагаар тухайн оны Бүх цэргийн баяр наадмын түрүү бөх, Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэлтэй оноолт таарах нь тэр. За даа, тэгээд л тэр унасан юм. Чөлөөтийн гайхамшиг, Үндэсний бөхийн төрмөл авьяастан, МУГТ Лхагвагэрэл цааш явсаар Улсын заан цолонд хүрсэн дээ. Харин өнгөрсөн наадмаар хоёр даваад Улсын харцага Ш.Пүрэвгарьдад унаж харагдсан.
Өндөр арслангаа улсын цолонд хүрээсэй гэж нутгийнх нь ард түмэн хүлээдэг нь гарцаагүй. Нэгэн цагт улсын цолтон төрөлгүй удсан Өлгий нутгаас Улсын заан Б.Серик, Улсын начин Б.Баатарцол, Улсын Өсөх идэр начин Н.Мустафа зэрэг хүчтэнүүд төрөн гараад байна. Тэр ч бас залгамж нь мөн. Нэг л өдөр улсын цол авчихаад даруухан гэгч нь инээн зогсохыг нь харна даа бид... Гагцхүү бэлтгэлээ сайн хийж, жингээ жаахан нэмчихвэл гэж бөхөд хайртай олон түмэн ярьдаг юм. Мордоно, хөмөрнө, хутгана, тонгорно... Өлгийн өндөр Береке хурц өндөр цолонд хүрэх бөх дөө...
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)