Эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн -65кг-ийн жинд барилддаг, 2020 оны Токиогийн Олимпын аварга Такута Отогуро Монгол улсад бэлтгэл хийхээр иржээ.
Түүний тухай товч мэдээлэл хүргэхэд, Такута Отогуро нь бага наснаасаа эхлэн Японы Олимпын Хорооны зохион байгуулдаг Элит Академид маш нарийн системийн дагуу бэлтгэгдэн олон улсын тавцанд 2013 оноос эхлэн барилдаж эхэлсэн.
2015 оны залуучуудын дэлхийн аваргад түрүүлсэн тэрбээр насанд хүрэгчдийн ангилалд дөнгөж гурван жилийн дараа буюу 2018 оны Будапештын дэлхийн аваргад түрүүлж залуучуудын болон насанд хүрэгчдийн хошой аварга болсон. Олон улсын тавцанд 46 ялж, 5 ялагдсан амжилттай тэрбээр 2023 оны ДАШТ-ий шөвгийн 16-д Орос гаралтай Унгар тамирчин Ислаим Мусукаевт ялагдал хүлээж Олимпын эрх авах эхний боломжоо алдсан.
Үүний дараа Бүх Японы Цом дээр Котаро Киёокад ялагдсанаар Олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд оролцох боломжгүй болсон. Улмаар Котаро Киёока олимпын эрхээ амжилттай авснаар Такута Отогурогийн хувьд 2024 оны олимпын наадамд оролцох боломжгүй болоод буй юм. Энэ жил дөнгөж 26 нас хүрэх түүний хувьд дөрвөн жилийн дараа олимпын хошой аварга болох зорилготой.
Сэтгэгдэл (2)