Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Ардчилсан нам, ХҮН намтай зөвшилцөх асуудал яригдаж байна. Хэрэв эвсэх албан ёсны шийдвэр гарвал та ямар байр суурьтай байх вэ?
-МАН-аас цөөн суудалтай улс төрийн намуудад зөвшилцлийн засгийн газар байгуулах саналыг тавьсан. Харин хамтрах, зөвшилцөх эсэх нь тухайн улс төрийн хүчний гаргах шийдвэр. Бид цаашид улс орныхоо хөгжлийг урагшлуулъя гэх юм бол зөвшилцлийн засгийн газар байгуулах нь зүйтэй хэмээн харж байгаа.
Бид бүхний хувьд улс төржилт нь бага байх ёстой. Төрийн бодлого шийдвэр нь тогтвортой байх ёстой.
Бусад сөрөг хүчнүүдээс дэвшүүлсэн хөгжлийн бодлого, том төслүүд явах ёстой гэсэн байр суурьтай байна.
-Ардчилсан нам хоёр хэсэгт хуваагдсан байр суурийг илэрхийлж байгаа. Нэг хэсэг нь дангаараа сөрөг хүчнээ хийгээд явъя гэж байгаа бол нөгөө хэсэг нь хамтрах нь зүйтэй гэх. Танай намын хувьд ч хоёр талын байр суурийг илэрхийлж байна...?
-Дийлэнх олонх байсан бол бид хариуцлага хүлээгээд явна. Харин өнөөдрийн нөхцөл байдал бол дийлэнх олонх биш байгаа. Хуулиуд эцэслэн батлах зэргийг бодоод үзсэн ч доод тал нь гуравны хоёроор батлагдах ёстой. Мөн 70-80 суудал байх ёстой. Тиймээс ажил явахгүй байх эрсдэлтэй байгаад байгаа.
Улс төрийн нөхцөл байдлын зүгээс үзэхэд ирэх дөрвөн жилийн хугацааг алдмааргүй байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эхлүүлж байгаа ажил үр дүнгээ үзэх ёстой.
Ардчилсан нам, ХҮН намынхан ч гэсэн энэ талаасаа асуудалд хандаж шийдвэр гаргах болов уу хэмээн харж байна. Тэрнээс улс төрийн олонх болсон нам дангаараа Засгийн газраа байгуулаад явах нь нээлттэй.
-УИХ-ын гишүүд өрөөгөө хүлээж аваад, хуучин өрөөгөө солиод нүүдэл суудлын байдалтай байна. Таны хувьд өрөөгөө солих уу? УИХ-ын тамгын газраас ямар чиглэл ирж байна вэ?
-Хааны алба ээлж, дараатай гэдэг шиг өрөөгөө сэлгээд л явна. Гишүүдийн тоо нэмэгдсэн. Тэгэхээр байр савны хүрэлцээ муутай л байх шиг байна. Одоогоор УИХ-ын бүтцийн асуудал яригдаагүй байна. Дараагийн хүн ирэхээр байр саваа өгөөд явна.
-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Засгийн газрыг төрийн ордноос нүүлгэх тухай асуудлыг хөндсөн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Зарчмын хувьд зөв асуудал. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Гүйцэтгэх засаглалдаа тавих хяналт болоод, хуулийн хэрэгжилт талаасаа бие даасан тусдаа байх ёстой. Төрийн эрх барих байгууллага бие даасан тусдаа байх ёстой. Үүнийг ирэх дөрвөн жилийн хугацаанд цэгцлэх ёстой хэмээн харж байгаа. Хараат бус байдлыг бэхжүүлэх тал дээр УИХ онцгой анхаарах хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд чадлаараа хөрөнгө мөнгө, санхүү, цалин хөлс талаас нь анхаарч байсан бол одоо үйл ажиллагаагаа хараат бус хийх тал дээр нь эрхзүйн орчин болоод ажиллах нөхцөл байдлыг дээшлүүлэх ёстой.
-Баярлалаа.
Сэтгэгдэл (12)