Хавар-зун 2024 улирлын загварын долоо хоногоор маш олон брэндийн бүтээлч захирлууд солигдож загварын орднуудын шинэ хуудас нээгдсэн билээ. Тус үйл явдлаас улбаалан загварын томоохон брэндүүдийн бүтээлч захирлын албанд ажиллах эмэгтэй хүмүүсийн орон тоо улам багассаар байгааг харах боломжтой. Иймд уншигч та бүхэнд энэ зун тренд болж буй чиг хандлагуудыг танилцуулж байна.
Бэлхүүс давсан өндөр суудал
Хэдхэн улирлын өмнө Y2K урсгалын нам суудалтай өмднүүд загварын бүх л платформыг эзэлж эргэлт буцалтгүйгээр айлчлан ирсэн мэт санагдаж байсан ч удаан үргэлжилсэнгүй. Магадгүй хэт нам суудалтай учраас практикал тал дээр оноо алдсан байх боломжтой. Тэгвэл үүний эсрэг тууль гэж тодорхойлж болохуйц бэлхүүсээр татсан, тэр ч бүү хэл бэлхүүс давсан өмдний силуэтийг загварын орднууд цуглуулгадаа багтаажээ. Энэхүү чиг хандлага нь тэгвэл эрэлттэй байж, урт удаан насалж чадах болов уу?
Хээнцэр цацаг
Бүтэц болон ширхэгтийн хувьд хамгийн сонирхолтой загваруудын нэгээр цацагтай хувцасны чиг хандлагыг нэрлэх боломжтой. 1920-иод оны шулуун эсгүүртэй даашинзны загварт зонхилдог байсан цацган унжлага Gucci, Bottega Veneta, Jil Sander гэхчлэн брэндийн цуглуулгынх нь онцлох деталь болжээ. Ингэхдээ Gucci мөнгөлөг унжлагатай пальто, Jil Sander хайчилбарын аргаар дэрвийлгэсэн мэт цацган хормойтой даашинз, Gabriela Hearst сүлжмэл цацагтай цүнхийг толилуулж нэг ижил трендийг харилцан адилгүй өнцгөөс харуулсан байв.
Нэвт гэрэлтсэн юбка
Нэвт гэрэлтсэн хувцасны түүх үргэлжилсээр, бас хувьсан өөрчлөгдсөөр байна. Анх дизайнерууд ихэвчлэн эмэгтэй хүний цээж хэсгийг тодотгосон нэвт гэрэлтсэн топ болон даашинзнууд урлаж байсан бол одоо түлхүү гэрэлтсэн материалтай юбкан дээр анхаарлаа хандуулах болжээ. Эмзэг турьхан энэхүү материалаар загвар зохион бүтээгчид дан ганц юбканы хэлбэрийг гаргаад зогсолгүй төрөл бүрий хээ, хатгамал, шигтгээ, өд болон хуванцар чимэглэл нэгтгэж илүү хээнцэр болгосон байна. Энэ нь сэтгэл татам байдлыг нэмэхээс гадна хэт их гэрэлтэхээс сэргийлсэн, өдөр тутамд өмсөхөд туслах практикал элементийн үүргийг давхар гүйцэтгэж байгаа юм.
Цасан цагаан төрх
Намирсан торгомсог, тэгш бус хэмтэй хуниастай, нэвт гэрэлтсэн турьхан гээд цасан цагаан даашинз бол хурц нар шарсан өдрийн төгс хувцас мөн. Тус загварыг дизайнерууд түлхүү шагай татсан, аль эсвэл газар шүргэсэн урттайгаар урласан харагдлаа. Ингэхдээ ухмал хатгамалтай болон шиффонон материалтай загварууд давамгайлсан байна.
Поло хэв маяг
Шинэ улирлын цуглуулгууд атлетик преппи хэв маягаараа онцгойроод байгаа юм. Энэхүү чиг хандлагаар брэндийнхээ гоо зүйг тодорхойлж буй эрхмүүдийн нэг бол яахын аргагүй Миучча Прада. Тэрээр ажил хэрэгч мөртөө спортлог элемент шингэсэн загварууд урлаж, зохих загварчилгааг нь хийхдээ гаргууд нэгэн юм. Тэгвэл Миуччагаас гадна энэхүү өнгө аясыг Dries Van Noten, DSquared2, Chanel, The Row гэхчлэн брэндүүд цуглуулгадаа шингээжээ.
90-ээд оны хувцаслалт
1990-ээд оны минимал хэв маяг эргэн ирээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлэхдээ цэмцгэр хийцтэй эгэл загваруудын үнэ цэнийг бидэнд ахин нэг сануулах шиг болсон. Энгийн мөртөө утга агуулгын хувьд өргөн байж чаддаг энэхүү чиг хандлага нь бусадтайгаа харьцуулахад өөрийн гэсэн характертай, сүнслэг гэлтэй. Тэгвэл 1990-ээд оны гоо зүйг өөлөх зүйлгүйгээр илэрхийлж чадсан брэндүүд бол яахын аргагүй Jil Sander, Calvin Klein, Helmut Lang байлаа.
Цэцгэн хээ ба дүрслэлүүд
Зөөлөн ягаан өнгө, торон материал, цэцгэн хээ. Байж болох хамгийн романтик хэв маяг дэлгэрч эмэгтэйчүүдийг өөрсдийн уян зөөлөн чанараа хувцсаараа дамжуулан тодотгох уриалга дэлгэрээд байна. Цэцгэн хээ угалз болон дүрслэлүүд гаргасан эдгээр загварыг та Burberry, Balmain-ы харуулсан шиг гял цал, максималист байдлаар загварчлах боломжтой бол илүү минимал, даруухан хувцаслахыг хүсдэг хүмүүс Loewe, Zimmermann, Del Core-ын цуглуулгаас жишээ аваарай.
Металлик загварууд
Өвлийн улиралд металлик загварууд цас хаялсан цагаан орчин, олон өнгөөр гялалзах гацуур модтой уялддаг бол зуны улиралд террас дээрх үдэшлэгт өмсөх төгс хувцас болдог. Тиймээс тус загвар нь дөрвөн улирлын турш эрэлттэй байж чаддаг билээ. Тэр дундаа энэ жил Парис хотноо Зуны олимп зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан брэндүүд өөрсдийн цуглуулгадаа алтлаг, мөнгөлөг, мөн хүрэл өнгийн загварууд багтааж томоохон үйл явдлыг бэлгэдсэн харагдлаа.
Романтик Балерина
Дугуйрсан хоншоортой, намхан ултай сонгодог балерина хөлд эвтэйхэн, цэмцгэр харагддаг, практикал гээд олон давуу талтай. Дизайнерууд энэ улирлын хувьд олмоор бэхлэгдсэн Мэри Жейн загварт, мөн нэвт гэрэлтдэг торон хувилбарт анхаарлаа хандуулахыг уриалж байна. Гоёмсог балеринаг Fendi, Loewe, Stella McCartney, The Attico, Chanel, Prada зэрэг маш олон брэндийн цуглуулгаас олох боломжтой.
Том цүнх өдөр тутамд
Өдөр тутамдаа хувийн хэрэгцээнийхээ олон эд зүйлс авч явахыг хичээдэг хүмүүст таалагдахуйц нэгэн тренд дэлгэрч буй нь том хэмжээтэй гар цүнх юм. Багтаамж сайтай, зөөлөн арьсаар хийгдсэн энэхүү цүнхийг Max Mara, Valentino, The Row, Miu Miu, Brandon Maxwell харуулж байна.
Сэтгэгдэл (4)