УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент долоодугаар сарын 2-ны өдөр буюу өчигдөр анхдугаар чуулганаа хийсэн. Чуулганаар 126 гишүүн тангараг өргөж, үүний дараа МАН-аас нэр дэвшин сонгогдсон Д.Амарбаясгаланг анхдугаар чуулганаар УИХ-ын даргаар сонгосон юм.
Энэ удаагийн парламент хоёр бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулна. Бүлэг байгуулах босго давсан намууд УИХ-д дэд дарга, бүлгийн даргатай байх хуультай. Энэ дагуу Ардчилсан намын бүлэг хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгов
42 гишүүнтэй АН-ын бүлэг хуралдаж бүлгийн даргаа сонголоо. Бүлгийн даргад Н.Алтанхуяг, Х.Баттулга, О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын дэвшүүлснээс Х.Баттулга, Д.Ганбат нар нэрээ татсан байна. Бүлгийн даргад нэр дэвшигч Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар дээр санал хураагаад О.Цогтгэрэл олонхийн санал авчээ.
УИХ-ын дэд даргаар Б.Пүрэвдоржийг сонгов
УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар дээр нууц санал хураалт явуулахад олонх нь Б.Пүрэвдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна.
Ардчилсан нам хамтарсан засагт орохгүй гэх байр суурийг илэрхийлэв
Хамтарсан засаг байгуулах асуудал хэн бүхний анхаарлыг татаж буй. Уг нь МАН олонх болж дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой. Гэсэн ч АН, ХҮН намтай хамтарч эвсэлийн Засгийн газар байгуулах боломжийн талаар ярилцах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Харин Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлээд буй. Тэрбээр “АН-ын төлөөллийн төв байгууллага ҮБХ цаашдын улс төрийн үйл ажиллагаанд чиглэл өгөх бөгөөд хувь улс төрчийн хувьд ‘айлын хатавчинд очиж суухгүй’ буюу засагт орохгүй сөрөг хүчнээ хийх, ирэх жилүүдэд анхан, дунд, УИХ-ын гээд аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж үздэг тул ийн шийдвэр гаргасан болно" гэсэн юм.
Сэтгэгдэл (16)