Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүргэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд байршуулахаар зорин ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” киоск машиныг нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоороо 6 дугаарт ордог Чингэлтэй дүүргийн зах худалдааны төв болон хороодод нэвтрүүлж байна. Ингэснээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартад нийцэж байгаа юм.
“ХУРДАН” киоск машинаас иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа, татварын өрийн үлдэгдлийн лавлагаа хуулийн этгээдийн татан буугдсан эсэх лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа төлөх зэрэг төрийн байгууллагын 400 гаруй үйлчилгээнээс гадна Чингис хаан музейд тасалбар захиалах, Жимобайл, Юнител, Скайтел зэрэг хувийн хэвшлийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Цаашид 500 гаруй “ХУРДАН” киоск машиныг улсын хэмжээнд байршуулах бөгөөд үүнээс 30 “ХУРДАН” киоск нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулагджээ.
Сэтгэгдэл (1)