Улсын наадамд аймгийн цолтойдоо түрүүлнэ гэдэг маш ховор амжилт юм. Баргийн бөх давтаад баймгүй энэ амжилтыг Ардын хувьсгалаас хойш таван бөх гаргажээ. Тэдэнтэй танилц.
Улсын арслан М.Бэх-Очир
Мангалын Бэх-Очир 1899 онд нь Булган аймгийн Сэлэнгэ суманд мэндэлсэн. Үндэсний бөхийн улсын арслан юм. Тэрбээр 1931 онд 32 насандаа улсын наадамд анх удаа барилдахдаа 10 даван түрүүлж, анхдагч болсон түүхтэй. Харамсалтай нь, М.Бэх-Очир хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөн, улсын наадамд дахин хүч сорьж чадаагүй. Тэрбээр ардын хувьсгалд оролцсон партизан, армийн хурандаа цолтой офицер хүн байсан. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1937 онд цаазаар авахуулах ялаар шийтгэгдэн нас барсан бөгөөд 1963 онд цагааджээ.
Дархан аварга Б.Түвдэндорж
Анхдагчийн өлгий нутаг Булганыхан гэлцдэг. Түүний эл амжимтыг нутгийнх нь бөх давтсан юм. Түүний амжилтыг Булган аймгийн Хангал сумын харьяат, дархан аварга Б.Түвдэндорж үргэлжлүүлсэн. Монголын спортын ууган Гавьяат тамирчин тэрбээр 23 насандаа 1939 оны улсын наадамд ес даван түрүүлж, арслан хүртсэн юм.
Тэрээр улсын баяр наадамд 7 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 17 удаа шөвгөрсөн хүчтэн.
Дархан аварга Ш.Батсуурь
Төрийн наадмын долоон түрүүтэй Б.Түвдэндорж аваргын амжилтыг Говь-Алтай аймгийн Жаргалан сум, хуучнаар Завхан аймгийн Жавхлант сумын харьяат, дархан аварга Ш.Батсуурь 1947 онд давтсан. Тэр 1922 онд мэндэлжээ.
Монгол Улсын Үндэсний бөхийн дархан аварга, бөөрөнцөг түлхэлтийн улсын аварга юм. Тэрээр Засагт хан аймгийн Үйзэн гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хасагт хайрхны ар, Жаргалан уулын өвөрт 1922 оны хар нохой жил төрсөн. Түүний өвөг эцэг Равсал, Равсалын аав Хийдэв заан нутаг усандаа алдартай их бяртай хүн байсан.
17 настайдаа нутгийнхаа Цахирын овооны наадамд түрүүлснээр бөхийн гараагаа эхэлсэн бол 1947 онд 25 насандаа Улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртэж, дараа жил нь амжилтаа давтан улсын аварга цол хүртсэн байдаг. Төрийн наадамд гуч гаран жил амжилттай барилдахдаа Үндэсний баяр наадамд 2 түрүүлж, 3 үзүүрлэж, 16 удаа шөвгөрч, 1963 онд Үндэсний бөхийн дархан аварга цол хүртсэн.
Ш.Батсуурь нь үндэсний бөхөөс гадна Монголд орчин үеийн спортын төрөл зүйл үүсэж хөгжихөд хувь нэмрээ оруулж, бөөрөнцөг түлхэлтийн улсын аварга байсан бөгөөд 1950, 1951 онуудад улсын дээд амжилтыг тогтоож байв.
Ш. Батсуурь 1942 онд Байтаг Богдын Хөх толгойн отрядад анх хилчин байлдагч болж хожим нь ардын армийн 065-р анги, 089-р анги, “Алдар” нийгэмлэг, 016-р нэгтгэлд офицероор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
Улсын арслан С.Оргодол
Самдангийн Оргодол (1927-2002) нь Төв аймгийн Баянбараат сум, одоогийн Баян-Өнжүүл сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. С.Оргодол бага залуу наснаасаа мал маллаж, эмнэг хангал эдэлгээнд сургах зэрэг мал аж ахуйн хүнд хүчир ажилд нухлагдан бяр чадал сууж эхэлжээ. Тэрээр анх сумын наадмаас эхлэн зодоглож сумын заан цол авчээ.
Тэрээр 1955 оны улсын баяр наадамд хуучин заншил монгол ёс бөх сугалаагаар барилдуулахад аймгийн заан С.Оргодол найм давж түрүүлж 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртжээ. Дараа жил нь зургаа давж тэр жилийн түрүү бөх Д.Дамдинд өвдөг шороодож улам нэмэх чимэг авчээ. 1957 онд зургаа давж, долоогийн даваанд Ц.Бадамсэрээжид арслантай тунаж барилдаж гүйж оронгуут толгой дээрээ гарган явуут дундуу хаях гэтэл дагуулж ачих мэхэнд нь унаж өсөх нэмэх чимэг авчээ.
1955 онд спортын төрөл бүрийн зэрэгтэй тамирчдыг төрүүлэх зорилгоор БНМАУ-ын спортын нэгдсэн ангиллыг батлан мөрдөж ажиллуулахад С.Оргодол арслан Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны тамирчдын нэг байсан бөгөөд 1955 онд Хятад, Монголын тамирчдын уулзалт тэмцээний үеэр 189 кг-ын туйван өргөж нэгдүгээр байр эзэлж байсан хүч, авяас бүрдсэн тамирчин байлаа. Мөн хүндийн өргөлтийн тэмцээнд хотод ирээд үйлдвэр комбинатын улаан буланд болсон нэгэн барилдаанд дархан аварга Б.Түвдэндоржтой үлдэж түрүүлж байжээ.
Улсын аварга П.Бүрэнтөгс
Хагас зуун жил гаруй тасарсан эл амжилтыг Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга П.Бүрэнтөгс үргэлжлүүлсэн билээ. Төрийн наадамд нэг удаа үзүүрлэсэн тэрбээр 2012 оны улсын наадамд ес даван түрүүлж улсын арслан, 2020 дахин түрүүлж, улсын аварга цол хүртсэн юм.
Пүрэвийн Бүрэнтөгс нь 1988 онд төрсөн. Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм.Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.
Улсын наадамд 2012, 2020 онд түрүүлж, дөрвөн удаа шөвгөрсөн нэгэн.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (18)