Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалттай ярилцлаа. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.
-Таны хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэх байр суурийг илэрхийллээ. Шударга бус сонгууль болно хэмээн урьдчилаад дүгнэчхэв үү?
-Нам байгуулж ажиллана гэдэг бол эх оронч зүйл. Харин УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэдэг эх оронч үйлдэл. Гэхдээ Үндсэн хуулиа зөрчиж байна гэдэг шударга бус сонгуулийн эхлэл болно. Тухайлбал, өмнөх сонгуулиас эхлээд тойрог дээр зарцуулах мөнгөн дүнгийн доод хэмжээг тогтоосон. Энэ нь хөрөнгө чинээгээр хүнийг ялгаварлан гадуурхахгүй гэдэг Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Бид ямар нам байхаас үл хамааран ягштал мөрдөх ёстой бичиг баримт бол Үндсэн хууль. МАН, АН-ын Үндсэн хууль гэсэн тусдаа баримт бичиг байхгүй. Харамсалтай нь, манай улсад хууль хэрэглээ болж төлөвшөөгүй байна.
-Энд хэлээд буй ягштал мөрдөх ёстой баримт бичгээ мэддэггүй дарга байхыг үгүйсгэхгүй юм?
-Байна л даа. Үндсэн хуулиа мэдэхгүй дарга байна гэдэг бол жолооны дүрэм мэддэггүй жолоочтой адил. Төрийн бага доод шатны албан хаагчид үндсэн хуулиа мэдэхгүй байгаа юм. Ямар үүрэгтэй, ямар хариуцлага хүлээдгээ ч мэдэхгүй дарга нар байна гэдэг хамгийн хариуцлагагүй зүйл. Тиймээс бид оюуны хувьсгал хийх юм сан. Тайван замаар ойлголцож зөв амьдрах юм сан гэж боддог. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэх зүйр үг бий шүү дээ. Бүгдээрээ хэлэлцэх гээд байгаа шалтгаан бол юу зөв, юу буруу вэ гэдгийг л тогтоох асуудал.
-Та УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй юм бол танай намаас өөр хүн нэр дэвших үү?
-Манай нам 2017 онд Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн. Эх орныхоо нийгмийг сайн сайхан болгох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийн нэгдэл л дээ. Бид улс төрийн намуудын дунд судалгаа хийсэн. Тэгэхэд гишүүдээ хөгжүүлж, системтэйгээр институт болон төлөвшиж буй нам байгаагүй. МАН-ын тухайд мөнгөө хуримтлуулсан хэмжээгээр нь удирдах зөвлөлөө байгуулдаг болсон. АН ч мөн энэ жишгээр л явж байгаа.
Харин Монголын хүний төлөө намын хувьд илүү их гишүүдээ хөгжүүлдэг бодлогын байгууллага байх юм сан гэдэг чиглэлээр ажилладаг. Нам гэдэг яг л хүнтэй адилхан. Хүмүүс хамтарч намыг байгуулдаг. Төлөвшил, ойлголцол гээд тодорхой цаг хугацааны шалгуурыг давах ёстой шүү дээ. Бид нэгдээд одоо долоон жилийн хугацаанд ажиллаж байна.
-Улс төрийн намын нэг томоохон зорилго нь УИХ-д суудалтай болох биш гэж үү?
-Манай нам МАН, АН хоёр шиг аймаг, сум, дүүрэгт хороо байгуулаагүй ч үзэл бодол нэгтэй хүмүүсээр цар хүрээгээ тэлэх байдлаар ажиллаж байгаа. Бидэнд нэр дэвшигчид байна. Соён гэгээрлийн ажил гэдэг цаг хугацаа шаардана. Тиймээс энэ удаагийн сонгуульд эрх баригч болно, бодитой томоохон өөрчлөлт хийнэ гэхээсээ илүү эрдэмтэн судлаачдаас олон хүн оруулах сан гэж бодож байна. Тухайлбал, УИХ-д сууж байх ёстой хүмүүсийн нэрсийг гаргаад, тэр хүмүүсийг дэмжиж ажиллах "сан" байгуулъя хэмээн ярьж байгаа.
Нэг мянган ухуулгын байр худалдаад авчихсан хүнтэй нэг ухуулгын байртай хүн яаж өрсөлдөх юм бэ.
-Өөр шалтгаан бий юу?
-Би нэр дэвшихгүй гэх юм бол бидний яриад буй зүйл үнэ цэнтэй болж байгаа юм. Хэрэв нэр дэвшинэ гээд яваад байвал адилхан л хулгайч болох гэж байна хэмээн яригдана.
Надаар Монгол Улс дутахгүй. Улс төрийн намыг удирдаж буй нөхдүүд өөрөөр нь л Монгол Улс дуусчих юм шиг, нар мандахгүйгээр төсөөлөөд байдаг.
Ийм улс төр хоцрогдчихсон. Сонгогчид хэн ч байсан ялгаагүй хулгайч гэх ойлголттой болчихсон байна.
-Энэ жилээс парламентад 126 гишүүн сонгогдоно. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ер нь одоогийн УИХ-ын гишүүдийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж байна вэ?
-Юуны өмнө бид УИХ-ын гишүүн гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. УИХ-аас хууль гэдэг баримт бичиг гардаг. Тухайн хуулийг хэрэгжүүлэх үүднээс улсын төсвийг тавьдаг. Эргээд УИХ-ын гишүүд хуульд хяналт тавих үүрэгтэй байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр УИХ нь Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэх чадамжгүй байгууллага болоод хувирчихсан. Одоо манай УИХ бол хөрөнгөлөг хүмүүсийн байдаг газар боллоо. Өөрийн ашиг сонирхолтой хуулийн төсөл дээр очиж оролцдог. Бусдад нь оролцдоггүй, бүр хуралдаа ч суудаггүй гишүүд олон бий. УИХ-ын гишүүн хуралдаа суухгүй байна гэдэг бол төлөөллийн систем алдагдаж буй хэрэг.
УИХ-ын гишүүд дунд хоёрхон минут бусдын үгийг анхааралтай сонсдог хүн байхгүй. Өөрийнхөө үгийг хэлчхээд л гараад явчихдаг. Гэтэл нэг УИХ-ын гишүүн 22 мянган хүний өмнөөс ярьж байгаа юм. Өрөөлийг сонсдоггүй хүнээс ямар л оновчтой үг гарах вэ дээ.
-Таны бодлоор ямар хүмүүс УИХ-д дэвшиж, сонгогдох учиртай гэж?
Хөрөнгө мөнгөгүй ч гэсэн улс эх орныхоо төлөө бодлогын баримт бичиг боловсруулах чадамжтай салбар салбарын эрдэмтэн мэргэд судлаачдыг УИХ-д оруулж байж бодлогын хувьд үсрэнгүй хөгжил гарах юм. Хууль боловсруулах нь судлаач зэрэг бичгийн хүмүүсийн хийх ажил байгаа юм. Гэтэл өөртөө ашиг хайсан хүмүүс УИХ-д оччихоод байгаа нь хамгийн том зөрчил болчхоод байна.
-Тэгвэл сонгууль хүртэлх хугацаанд ямар ажлуудыг хийх вэ?
-Үлдэж буй дөрвөн сарын хугацаанд бид чадах зүйлээ хийх хэрэгтэй. Зургаадугаар сарын 28-нд сонгуулийн үр дүн сайн гарах юм бол бид тайван замаар энэ хэдэн хулгайч нараасаа салчих гээд байна. Энэ өдрийг хүртэл муулах ажил хийх юм бол сайн үр дүн гарахгүй. Яагаад саналаа өгөх ёстой вэ, яагаад сонгох ёстой вэ гэдгийг хүмүүст ойлгуулах ажлыг сайн хийж чадвал цөөхөн хулгайч УИХ-д гарах болов уу.
Бид Ардчилсан нийгэм хэмээн яриад л байдаг. Гэхдээ ардчилсан нийгэм гэх тодорхойлолтоо буруу ойлгосон юм шиг. Ардчилсан нийгэм гэдэг бол хүмүүсийн оролцох эрх. Сонгууль ч мөн ард иргэдийн оролцоотой л хийгддэг зүйл шүү дээ. Сонгуульд ард түмэн ч хариуцлагатай оролцох хэрэгтэй. Сонгууль дууссаны маргааш худал хэлсэн хүмүүст хариуцлага тооцдог хүсэл эрмэлзэлтэй байх юм бол аливаа хүн эрх мэдэлтэй болох гээд улайран зүтгэх ямар хэрэг байна вэ.
-Сонгуулийн тойргийн хуваарилалтыг та ямар өнцгөөс харж байгаа вэ? Ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан.
-Нэг аймагт 17 хоног сурталчилгаа хийж байхад, нөгөө талд дөрвөн аймгийн 80 орчим сумд мөн 17 хоногт сурталчилгаа хийхээр байгаа. Энэ бол харьцангуй ойлголт. Энэ хуваарилалт өөрсдөд нь ямар ашигтайг ч сайн ойлгохгүй байна. Дангаараа улс төр хийхийг боомилсон эерэг тал харагдаад байгаа юм.
Энэ удаагийн сонгууль их сонирхолтой сонгууль болно. Эрх баригчид өөрсдийн дүрмийг бидэнд тулгаж байхад, ард иргэд ч мөн өөрсдийн дүрмийг зохиох боломж байгаа шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)