Нээлттэй парламентын буянаар гэх үү, иргэд төрийн хэрэгт оролцох боломжтой болсон. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, D-өргөдөл цахим системд өргөдөл гаргаж тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулна. Мөн 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулна. Харин 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм. Тэгвэл тус платформд "Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтыг хүчингүй болгох" тухай өргөдлийн иргэн Б.Пүрэв эхлүүлж, санал авч байна. Одоогоор саналыг тоо 11 мянгыг даваад байна.
Чухамдаа иргэд үздэг ганц хоёрхон телевизийн сувагтай байдаг. Атал огт үздэггүй сувгуудад мөн хураамж төлнө гэдэг шударга бус хэмээх яриа цахим орчинд хүчийг аваад байлаа. Харин өдгөө 100 мянган хүний санал авчихвал чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой болно.
Тухайн өргөдөлд дурдсанаар, өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл ҮХЦ бидний хамаарах асуудал биш бөгөөд УИХ-ын бүрэн эрхэд хамаарна гэсэн хариуг өгчээ. Иймд Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиуд, ардчиллын суурь зарчмууд болох иргэдийн мэдэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сонгох, шударгаар өрсөлдөх зэрэг эрхийг зөрчсөн гэж үзэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг иргэд шаардаж байгаа аж.
Өргөдөл:
"УИХ 2019.12-р сард баталж, 2020.07 сараас хэрэгжиж эхэлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.21 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.5.3, 20.5.4 дэх заалт, мөн зүйлийн 20.6, 20.7, 20.8 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.5, 26.7 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, иргэд, телевиз үзэгчид IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбоо, түүний гишүүн 18 телевизэд хураамж төлөхгүй байхаар зохицуулж өгнө үү" хэмээсэн байна.
М.Жаргал