Эдийн засгийн чуулган болж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгч, үг хэллээ.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн найман улирал дараалан өссөн. 2023 оны байдлаар 6.8 хувиар өсөх төлөвтэй байна. Энэ бол бүс нутагтаа төдийгүй дэлхийд өндөр өсөлтөөр тооцогдохоор байгаа. Инфляцын түвшин 18 сарын турш бууж, одоо 7.8 хувьтай байна. 2018 оноос хойш анх удаа төсөв ашигтай гарсан. Товчхондоо амаргүй гурван жилийг Монгол Улсын эдийн засаг амжилттай туулж гарлаа. Энэ өсөлтийг бид тогтвортой хадгалмаар байна.
6.7 хувийн өсөлтийг 10 жил тогтвортой авч явж чадвал нийгмийн амьдрал ч огт өөр болно. Үүнийг дагаад хүмүүсийн сэтгэхүй, сэтгэл, хандлага ч өөрчлөгдөнө. Эдийн засгийн хажууд улс төрийн амьдрал заавал явагдана. Үүнээс гадна тухайн орон нутаг хаана байрлаж байгаа нь эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг.
-Баруун, Зүүн, Говь, Төв, Хойд, Хангайн бүс. Сонгуулийн тойрогтой төстэй байгаа. Үүнд үндэслэж эдийн засгийн хөгжлийн бодлогоо ярих асуудал бий.
Эдийн засгийн хувьд ирээдүйд хөгжих боломжтой, анхаарал татахуйц 21 аймгийн төв, 69 сум гэсэн 90 байршил бий.
Бүсчилсэн хөгжил бол хүнд юм биш, маш энгийн зүйл. Эрчим хүч, төмөр зам, авто замыг байгуулахын төлөө зээл хайж гүйх шаардлагагүй. Улсын төсвөө зарцуулаад байх шаардлагагүй. Графикаар бол хувийн хэвшил өөрөө хийх боломжтой зүйл харагдана. Ганцхан Монгол Улс л байгалийн баялагтай бус. Орос болон Хятадтай өрсөлдөхийн тулд давуу байх ёстой. Үүний тулд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар явах хэрэгтэй.
ХАА-н үйлдвэрийг хаана хөгжүүлэх боломжтойг мөн гаргасан. Энэ бүс нутгуудад маш сайн чанарын авто замыг барих хэрэгтэй. Үүнийг төр хийх ёстой. Уул уурхай, эрчим хүчний шугамыг ч энэ чиглэлд татаж болно.
Аялал жуулчлалын хувьд эртний олдвор, түүх соёл, байгалийн цогцолборт газруудад чиглэнэ. Авто замаас гадна иргэний агаарын тээвэртэй болох шаардлага бий. Тухайн бүс нутгуудад онгоцны буудлууд бий болох ёстой.
Хувийн хэвшлийн хийж чадах зүйлийг төр хийнэ гээд 10, 20 жил болно. Зах зээлээсээ тэс хөндлөн төмөр зам барьсан гашуун туршлага бидэнд бий.
Монгол Улсын санхүүгийн эх үүсвэр, хүн хүч, капитал хязгаарлагдмал. ийм үед хөрөнгө оруулвал тэр нь оновчтойгоор бидэнд үр дүнгээ өгөх бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж хөгжинө.
Хөгжлийн бодлого дээрээ нэг өдөр алдвал нөхөх гэж хоёр жилийг зарцуулна. Бид зөв гэсэн зүйлээ нэг хоногийн өмнө амжуулахын төлөө явах ёстой.
Хөгжлийн бас нэг асуудал бол боловсрол. ЕБС, МСҮТ-ийн байгааг нь сайжруулж, байхгүй аймагт нь байгуулах хэрэгтэй. Дээд мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд мөн л бүсчилж дээд боловсролын байгууллагуудыг байгуулах ёстой. Энэ дагуу Ерөнхий сайд ч явсан.
Хувийн хэвшлүүд чадалтай, чансаатай ажиллах хүчний тухай л нэгдүгээрт ярьж байна. Тиймээс бид боловсролын тогтолцоон дээр энгийн, ойлгомжтой зүйлийг төр санаачлагатайгаар авч явах учиртай.
Манай улсын хөгжлийн бодлого хөрш хоёр улс болон бусад орны хөгжлийн бодлоготой уялдах ёстой.
Өнөөдөр ЭЗХ-ийн яам ОХУ-тай монголын бараа бүтээгдэхүүн татваргүйгээр гаргах тал дээр хэлцэл хийгээд явж байгаа. Мөн БНХАУ-тай худалдааны хэлэлцээр хийх албан ёсны хүсэлтээ тавьчихсан. БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа буюу чөлөөт худалдааны хэлэлцээрийг хийгээд эхний үе шат нь дууссан. Энэ бол 3,5 сая хүнтэй улсынхаа эдийн засгийн боломжийг улам тэлж, Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирдэг, монголчууд эх орондоо ажиллаж амьдардаг бололцоог бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна.
Гадна талд нь боломж байхад Монгол Улс хуваагдаж жижигрэх бус нэгдэж томрох ёстой. Бид нэг зүг рүү харах хэрэгтэй. Бид дотроо эвдэрч, хуваагдаад л байвал улсын хөгжил хойшилсоор байна. Монголчуудыг ухраасай гэж боддог хүний урд нь гарч алхах учиртай. Туг, дарцаг байдаг юм бол түүнийг нь бариад алхах ёстой. Айх, болгоомжлох зүйл бага байх ёстой. Олон жилийн турш ярьсан бүсчилсэн хөгжлийг цаасан дээрээс босгож, амилуулах шийдвэрүүд гараасай гэж хүсэж байна" гэлээ.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)