Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз гэдэг гүтгэлгийн мэдээллийг тараасан. Дараа нь гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулж, Монгол Улсын газрыг 100 жилээр гадаадынханд олгох гэж байна гэсэн гүтгэлэг хийсэн. Энэ бүх гүтгэлгийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж байна. Эзэн нь гарч ирж, хэвлэлийн хурал хийж, хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байх талаар УИХ-ын даргад ярьж явна. Халтмаагийн Баттулгыг ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоотой холбоотойгоор нийт 7 удаа хориг авч байсан. Ерөнхийлөгч биш болсон ч найм дахь хоригоо тавьж байх шиг байна.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж улс орон хөгжинө. Улс хөгжиж гэмээн ард иргэдийн орлого нэмэгдэнэ. Цаашлаад гадаадад ажиллаж байгаа залууст эх орондоо ажиллах нөхцөл бүрдэнэ. Ийм ч учраас "Хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирсэн. Ингэхдээ олон хэлэлцүүлэг хийсэн.
Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтай банк байгаасай гэж хүсдэг. Гадны банк орж ирж байж өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурна. Үүний үндсэнд ард түмэн зээлийн хүүгийн дарамтаас гарна, нэмэр болно.
Гадаадын хөрөнгө оруулалттай их дээд сургууль манай улсад байгуулагдаасай гэж хүсэж байгаа юм. Монголдоо дэлхийн боловсролыг эзэмших үүд хаалга тэгж нээгдэнэ.
Гадаадын эмнэлгүүд монголд үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсдэг би. Ингэвэл хэдэн зуун саяар гадаад явж эмчлүүлдпэг иргэд монголдоо эмчлүүлж чадна.
Жалгаар нэг хаягддаг арьс ширийг боловсруулдаг үйлдвэрийн хөрөнгө оруулагчдыг монголд орж ирээсэй гэж хүсэж байгаа юм. Түүнийг ашиглан бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд манай улсад байгуулагдаасай гэж зорьж байгаа юм.
Анхан шатны боловсруулалт хийж, түүхий шахам экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулдаг хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэх хүсэл байна. Ингэж байж мянга, мянган залуус өндөр орлоготой болох боломж бүрдэнэ.
Аль болох хурдан хугацаанд энэ хуулийг боловсруулах ёстой. Би Ардчилсан намыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг гэж явж ирсэн. Өнөөдрийн АН-ын хүмүүсийг хараад үнэхээр харамсаж байна.
Монгол Улсад хийгдэх аливаа хөрөнгө оруулалтыг хааж боосоор байвал хөгжихгүй. Эсэргээрээ хүний санал санаачлага, эрх чөлөөг дэмжиж байж хөгжинө. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийг харлаа. Тиймээс ЭЗХ-ийн яам байгуулж, "Ч.Хүрэлбаатар аа эдийн засгаа босгоо" гэсэн. Үр дүнд нь унаад байсан эдийн засгаа босгоод авлаа. Валютын нөөц бүрдлээ. Төсвийн орлого давж биеллээ.
Гэхдээ уул уурхай, тээврийн салбараас бусад салбарт эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа учраас айл өрх бүрийн хаалгаар мөнгө орохгүй байгаа юм. Залуус нэг хоногийн наана ч болтугай хөгжье гэж бодож байгаа болов уу гэсний үндсэн дээр яаралтай хэлэлцэх санал тавьсан.
Одоо би маргаантай хоёр асуудалд хариулт өгье.
Нэг. Газрын асуудал. Ч.Хүрэлбаатар гадаадуудад газрыг 100 жилээр өгөх гэж байна гэдэг гүтгэлэг тарааж байна. 1993 онд буюу одоогоос 30 жилийн өмнө 100 жилээр газар ашиглуулж болно гэдэг хуулийг Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад баталж байсан. Дараа нь 2013 онд Ц.Элбэгдоржийн үед "газрыг хөрөнгө оруулагч нарт 60 жилээр ашиглуулж болно, эзэмшүүлж болно" гэж нэмж өөрчилсөн.
Өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж байгаа Х.Баттулга Засгийн газарт гишүүнээр, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан сайдаар ажиллаж байсан. Өөрсдөө ийм хууль хийчхээд засаж янзлах гэсэн хүнийг харлуулж, дайрч байна. Эзэмшүүлэх гэдэг үгийг хасна. Хэн энэ хуулийг санаачилж, хэн залруулж байгаа нь харагдаж байгаа биз ээ.
Хоёр. Визийн асуудал. Хөрөнгө оруулалтын хуулиар үүнийг ярихгүй шүү дээ. Хаа хамаагүй зүйл авч ирж нааж, харлуулж байна. Гадны хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нээж өгч байна гээд байгаа. Гадаадын иргэдэд виз олгодог асуудлыг хууль тусдаа бий. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулиар виз олголтыг зохион байгуулдаг. Тусгайлсан агентлаг ч бий. Энэ бол Монгол Улсын хуулийг үгүйсгэж байгаа асуудал шүү.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (5)