Энэ сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэснийг зарласан билээ. Цочир хүйтэрч, халтиргаа гулгаагаа давсаар дарж чадахгүй болсон учраас зам дээр иргэд машинтайгаа "мөлхөж" байгаа тул ийм "цочир шийдвэр" гаргасан ч гэх. Магад, шатахууны хомстолтой ч холбоотой биз. Энэ нь ирэх оны нэг сарыг дуустал хүчинтэй.
Сурагчдын хичээлийн амралт эхэлсэн үед "хорьж" байгаад аливааг турших хүсэл сонирхол ч буй. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн цар тахлаас сурсан ганц зүйл нь хязгаарлах, хориглох.
Монголчууд ч туйлын дасамтгай учир хэд хоног өрвөлзөж байгаад толгойгоо бөхийлгөөд өгөхийг тэд мэддэг болов. Бас болоогүй, нийслэлээс гаргасан тухайн журмыг зөрчвөл "жолоодох эрхгүй" болно. Хэн л жолоодох эрхээ хасуулчхаад "Улаанбартаат" хотдоо огцом дуусдаг явган хүний замаар, хурд сааруулагчгүй замын гарцаар, ирэх гэж мянган жил болдог автобусны зогсоол руу алхаж байх вэ дээ.
Найм хоног өнгөрлөө. Дугаарын хязгаарлалтаар тал нь зам дээр явж байгаа ч ШТС-руу дараалалд уусах машины цуваа тасрахгүй байна. Яг л байдгаараа, асуудлууд хэвээрээ.
XXI зууны тэг зогссон, тоггүй "харанхуй" Монгол Улсын иргэд хүлцэнгүйн ёроолд "худгийн мэлхий" шиг хаа нэг цовхчиж, нар үзэх гэж өлийвөөс "хориглов" бичигтэй цаасаар амаа таглуулж байна.
-40 хэм давж хүйтэрч байгааг гайхсан дарга нарын шийдвэр, шийдвэрлэх чадваргүй байдал нь "-40 хэм"-ээс ч хүйтэн байгаа бус уу. Түгжрэл, цахилгаан, шатахуун, утаа униартаа "боомилуулан дарлуулж" суугаад "дассан" монголын заяа их ч биз. Хөгжлийн гараанаас гарах биш, буцаж ухардаг орон энэ дэлхийн өөр хаана байдаг бол.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)