Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат арванхоёрдугаар сарын 18-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Иймд эхний хоёр өдрийн нүүрсний сонсголоос онцлох таван баримтыг танилцуулж байна.
Энэ удаагийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалт, тэдгээрийн хэрэгжилт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүжүүлсэн бусад төслүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнгийн дагуу авсан арга хэмжээ, Хяналт, шалгалтаар илэрсэн бусад асуудал зэрэг зургаан асуудлын хүрээнд нотлох баримтуудыг шинжлэн судална.
НЭГ. БАРИМЖААГҮЙ ИХ ТОО БУЮУ 440 ИХ НАЯД
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ бол 44 их наяд төгрөгийн хулгай болсон" хэмээн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр мэдэгдэж байсан. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "40 их наяд биш 440 их наядын хулгай" хэмээн мэдээллэж байв. Иймд тус хоёр гишүүнийг гэрчээр оролцуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд "Энэ тооцооллыг манай судлаачдын баг, олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан. Бид энэ тооцооллыг хийхэд оффтейк гэрээ ил болоогүй байсан. Г.Ганболд гишүүний яриан дээр үндэслэл тооцоолол хийсэн" гэх тайлбарыг өгсөн. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Би хэвлэл мэдээлэлд явж буй тоо баримтуудыг дурдсан. Зарим нь 44 их наяд, зарим нь 440 их наяд гэж байна. Ийм зах замбраагүй тоо гарсан байна хэмээн ярьсан. 440 их наяд төгрөг гэдэг бол хэвлэл мэдээлэлд явж байсан дүн" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, ямар ч үндэслэлгүй 440 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хэмээн олон түмнийг бухимдуулжээ.
ХОЁР. ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА-ГҮЙ УЛС
5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр гарчээ. Энэ нь ойролцоогоор 5 орчим тэрбум ам.долларын нүүрс юм. Шинжээчийн дүгнэлтэд танилцуулсан нүүрс ачиж буулгах эх баримт буюу түүний мэдээлэл байхгүй мөн 2016 оноос өмнөх мэдээлэл устсан байна. Ингэснээр гаалийн мэдээлэлд тулгуурлаж машиныг дугаараар нь он сар өдөр, компани, жингээр нь мэдээллийг нь гаргажээ. Нийтдээ 5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр Монгол улсын хилээр гарсан байгааг тогтоосон байна. Энэ асуудлаар эхний өдрийн сонсголд долоон жолооч оролцсон бөгөөд тэдний хэлж буйгаар гаалийн бүрдүүлэлтгүй хил гарах боломжгүй, бүгд бичиг баримттай хил гарсан гэх тайлбарыг өгсөн юм.
ГУРАВ. ГЭРЧЭЭР ОРОЛЦОХ БОЛСНОО ГАЙХСАН ГЭРЧҮҮД
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шатад улс төрийн нөлөө бүхий албан тушаалтай хүмүүс гэрчээр дуудагдсан. Тухайлбал, эхний өдрийн сонсголоор УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар гэрчээр мэдээлэл өгсөн бол хоёр дахь өдөр Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт нар гэрчээр оролцов. Тэд яагаад энэхүү сонсголд гэрчээр оролцож байгаагаа мэдэхгүй байна гэх нийтлэг тайлбарыг өгч байв.
ДӨРӨВ. ЧАЛКО-ИЙН ГЭРЭЭ
Нүүрсний сонсголын хоёр дахь өдөр Чалко-ийн гэрээг сөхөж, холбогдох гэрчүүдийг оролцуулав. Тухайлбал, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь "Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг нэг ч килограм дутаахгүйгээр Чалкод шилжүүлэх гэрээтэй л байсан. Ийм маягаар жил гаруйн хугацаанд явсан. Бидэнд үнэ зохиох зүйл байхгүй Чалкогийн дагуу л явсан, тэр нь хятадын зах зээлийн индексийн дагуу явдаг хатуу үнэ байсан" гэсэн юм. Харин тус компанийн Борлуулалтын албаны дарга асан Батмэнд "Чалко"-ийн хүссэн үнээр л нүүрсээ борлуулдаг байсан. Зохицуулах гэж бид их үзсэн, очсон, уулзсан. Компани болгон руу хадаг барьж очих нь холгүй л нүүрс борлуулахын төлөө явж байсан" гэв.
ТАВ. УЛС ТӨРИЙН ШАХАА
Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэ асуудалтай холбоотойгоор ЭТТ-н анхны дарга Б.Энэбишийг гэрчээр оролцуулсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ "Улс төрийн шахаа байсан. Тавантолгойн ордыг эхлүүлэх УИХ-ын удирдамж гарсан. Гэхдээ энэ бол хууль. Хоёр нам нэгдээд иргэддээ мөнгө өгнө гээд амалчихсан байсан. Хууль тогтоомжийн хүрээнд өгсөн шахаа гэж томъёолох юм даа. УИХ-ын 30 гишүүн утсаар холбогдож гуйсан байдаг" гэсэн юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)