АН-ын бүлэг мэдээлэл хийв. Энэ үеэр АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан шаардлага танилцуулав.
"Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн удирдлагаас тодорхой шийдвэрийг гаргаж, өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байна. Мөн дугаарын хязгаарлалтыг хавтгайруулсан шийдвэрүүд гарлаа. АЭХ-оос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна".
"МАН-ын ЗГ, нийслэлийн удирдлагын хариуцлагагүй үйл ажиллагаа, олон удаагийн алдаатай шийдвэрүүд иргэдийн амжиргаа, аюулгүй байдал, эрүүл мэнд, ирээдүйд аюул занал учруулсаар байна. Эрх баригчид эрчим хүч, шатахууны хомстол, агаар хөрсний бохирдол, замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, төрийн үйлчилгээний доголдол, боловсрол эрүүл мэндийн салбарын уналт зэрэг төрийн бодлогоос шууд хамааралтай нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвар, чадамжгүй болох нь нотлогдлоо.
Төрийн дарамт, төсвийн хулгай хэрээс хэтэрсэнээр ардчилсан тогтолцоо, чөлөөт эдийн засаг зэрэг Үндсэн хуулиар баталгаажсан монголчуудын суурь үнэт зүйлсэд заналхийлж, төрд итгэх итгэлийг үгүй хийж байна. Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн гэнэтийн шийдвэрүүд хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд халдаж, эрсдэлд оруулаад зогсохгүй, эцэг эхчүүдийн ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг боомилж, гэр бүлийн орон зайд хүртэл сөргөөр нөлөөлөх үр дагавартай байна.
Тухайлбал, ЕБС-ийн танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай БШУ-ны сайдын тушаал нь цаг хугацааны хувьд бэлтгэл хангах боломжгүй, сурагчдын болон багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн хэрэгцээг уландаа гишгэсэн шийдвэр боллоо.
1. Хэдхэн хоногийн өмнө зарлагдсан PISA-н үнэлгээгээр монгол хүүхдүүд мэдлэг, чадварын хувьд бусад улс орны хүүхдүүдтэй харьцуулбал 2,5 жилийн хоцрогдоолтой гэж гарсан. Цахим сургалтын хүртээмж, чанар хангалтгүй байгаа талаар олон судалгаа хийгдсэн байдаг.
Гэтэл боловсролын салбарыг нөхөх, чанарын үзүүлэлтүүдээ сайжруулах чиглэлд бодлого боловсруулах үүрэгтэй салбарын сайд хоцрогдлыг ийнхүү улам бүр даамжруулах шийдвэр гаргасанд харамсаж байна.
2. Гэнэт зарласан шийдвэрийн улмаас хүүхдүүд хараа хяналтгүй орхигдох, ахуй орчинд гэмтэж бэртэх, хүчирхийлэлд өртөх зэрэг олон эрсдэл бий болох магадлалтай байна. Цар тахлын хөл хорионы үед ахуйн хүрээний осолд өртөн бэртэж, гэмтсэн хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэн байдаг. Тиймээс цар тахлын бус үед хүүхдүүдийг нэмэлт эрсдэлд оруулахгүй байх нь чухал гэж үзэж байна.
3. Цахим сургалтад шилжих, дугаарын хязгаарлалтыг тэлэх зэрэг цочир шийдвэрүүд нь иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөх эрхэд мөн халдсан үйлдэл болж байна. Энэ нь нэн ялангуяа залуу гэр бүлүүдэд, тэр дундаа эмэгтэйчүүдэд маш хүндээр тусдаг. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, цар тахлын хөл хорионы улмаас бага насны хүүхдүүдтэй ээжүүд албан ёсны хөдөлмөр эрхлэлтээс шахагдан, эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин жил бүр буурсаар байна. Энэ нь урт хугацаанд эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх, нийгмийн идэвх оролцоонд сөргөөр нөлөөлдөг хортой үзэгдэл юм.
Тиймээс иргэдийн амьдрал ахуйд хүндрэл учруулах эдгээр шийдвэрээ залруулж, урт хугацааны бодлого танилцуулахыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс танаас шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл (7)