Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгахдаа ар гэрийн зөвшөөрөөгүй эд эрхтэнг авсан тухай хэрэг олны сэтгэлийг сэртхийлгээд байна. Үүнд мэс ажилбарт оролцсон гэгдэх эмч, эрүүл мэндийн байгууллагын гэмтэй үйлдлээс гадна Монгол Улсад "Донор" байх эрх зүйн орчин дутмаг талаарх асуудал хөндөгдөж байна.
Манай улсад "Донорын тухай хууль" баталснаас даруй 23 жил өнгөрчээ. Цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа гэх учир шалтгаанаар эл хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан боловч төдийлөн утгаа олоогүй байгааг энэ үйл явдал харууллаа.
Хамгийн сүүлд гэхэд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нар Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж байлаа. Ингэснээр насны доод хязгаарыг багасгаж, 21 нас хүрсэн иргэн донор болох боломжтой болсон юм. Мөн "Амьгүй буюу тархины үхэлтэй донор"-ын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох тухай тусгасан байв.
Гэвч өнөөдөр болж буй үйл явдал бол гэр бүлд үзүүлэх дэмжлэг болох 3,5 сая төгрөгийг авч чадаагүйгээс гадна "тоносон цогцос" хүлээж авсан дотнын хүмүүсийн сэтгэлзүй болон эргээд нийгмийн итгэл найдварыг алдсан хэрэг юм.
Түүнчлэн бид хуулийг мөрдөнө гэж "гурилддаг" болохын тод нэгэн жишээ энэ болов. Донорын тухай хуулийн 15.2-т "амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна гэж заасан байдаг". Үүнийг дагаж мөрдсөн үү, мөрдсөн. Гэтэл чухам юу, юуг нь шилжүүлэн авахаа дурдаагүй нь нэг талаараа донорт хүндэтгэлгүй хандсан гэж буруутгаж болох нөхцөл байдал аж.
Нөгөө талаас Монгол Улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн байдаг. Эх орондоо "Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах" ажилбарыг хийлгэж, доноруудын ачаар эрүүл саруул амьдарч буй, үхлийн гараас мултарсан олон хүмүүс бий. Монголд анагаах ухаан хөгжсний илрэл байсан салбар энэ. Мэдээлэлд дунд байх ташаа мэдээллийг залруулах зорилгоор, мөн салбарынхаа төлөө тархины үхэлтэй донорын талаар мэргэжилтнүүд тайлбарласаар буй. Зүрх зогссон тохиолдолд ямар ч донороос эрхтэн шилжүүлэн суулгах боломжгүйг тэд хэлсээр байна.
Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "хэлээ залгисан" мэт таг дуугүй. Түүнд энэ салбарыг тэргүүлэх эрх бий эсэхэд эргэлзэх эрх ард түмэнд бий. Тэр дуугүй байснаараа бүхэл бүтэн салбарын мэргэжилтнүүдийг, анагаах ухааны ололт амжилт хийгээд алдаа дутагдлыг ч үл хайхарч буй үйлдэл гэх үү.
Харин эл асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх нь тодорхой. Гэвч "шийдэгдсэн" гээд хаагаад орхиж болохгүй. Нэгэнт үхлээс аврагдахгүй болсон тохиолдолд хэн нэгэнд амьдрал бэлэглэхийг хүссэн хүнд "Донор" байх эрхийг нь нээж өгөх хэрэгтэй мэт. Тэгж чадвал ахин ийм нөхцөл байдал үүсэхгүй байх боломж бий хэмээхтэй санал нийлэх хэсэг ч бий.
Мөн "Донор"-ын тухай мэдээллийг түгээх шаардлага тулгарч байна. Үүнд нийгэм, соёл урлагийн гээд бүхий л салбарын оролцоо дутмаг. Үнэн хэрэгтээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тухай гадаадын киноноос л үзэж хардаг шүү дээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (9)