Төрийн өмчийн бүх ЕБС-ийн 5, 6 дугаар ангийн сурагчид "pearson" платформ ашиглан англи хэл сурах боломж бүрдлээ.
Англи хэлний үндэсний хөтөлбөр 4.0 болон мэргэжлийн боловсролын мэдээллийн технологийн хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээж хэлэхдээ, “Бидэнд боловсролын зорилготойгоо уялдуулан орчин үеийн боловсролын шинэ хандлага, технологийн дэвшил, инновацад илүү хурдан суралцах, хэрэглэх зайлшгүй хэрэгцээ бий болж байна.
Энэ хичээлийн жилд бид ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын салбарт хоёр чухал хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлэхээр өнөөдөр нээлтийн ажиллагаагаа хийж байна. Үүний нэг нь ерөнхий боловсролын салбарт хэрэгжих “PEARSON ENGLISH” хөтөлбөр юм.
УИХ-аас энэ оны долдугаар сард ёсчлон баталсан Боловсролын ерөнхий хуулинд сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар заасан. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 372 дугаар тогтоолоор бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд манай яамнаас өнгөрсөн хичээлийн жилд сургалтын агуулга нь олон улсын жишигт нийцсэн цахим платформд суурилсан багшийн хөгжил, сурагчийн сурлагын ахицыг дээшлүүлэх аргачлал бүхий “PEARSON ENGLISH” англи хэлний цогц хөтөлбөрийн туршилтыг 38 сургуулийг хамарч хийсэн.
Энэхүү туршилтад хамрагдсан сургуулийн 5-9 дүгээр ангийн туршилтын бүлгийн суралцагчдын англи хэлний мэдлэг чадварын гарааны дундаж үнэлгээ 29.3 хувь байсан бол туршилтын дүнд 47.4 хувь болж өсжээ.
Сурагчдын англи хэлний ярих, сонсох, бичих чадвар жигд хөгжиж хичээлдээ сонирхолтой сурах идэвх чармайлт нь нэмэгдсэн, англи хэлний багш нарын арга зүйн чадвар дээшилсэн гэж тайланд дүгнэсэн байна. Иймд бид 2023-2024 оны хичээлийн жилд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. “PEARSON ENGLISH” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг нэгэнт туршиж үр дүнг нь гаргасан 5-6 дугаар ангийн хөтөлбөрийг ЕБ-ын нийт 688 сургуульд хэрэгжүүлэхээр болж байна. Өмнөх туршилтад хамрагдсан 38 сургуульд 7-9 дүгээр ангийн туршилтыг хэрэгжүүлнэ. Багш нарын цахим ур чадвар “PEARSON ENGLISH CONNECT” платформд хичээл сургалт явуулах арга зүйд суралцах, сургалт, гарын авлага, зөвлөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.
“Алсын хараа -2050” Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болох зорилт тавьж, цахим үндэстэн болох уриалгыг дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд ирээдүйд шаардагдах мэдээллийн технологийн салбарын эрэлтийг хангах, боловсон хүчнийг бэлтгэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг нэвтрүүллээ.
Дэлхийн 70 гаруй орны Засгийн газар, нэр хүнд бүхий ажил олгогчид, мэргэжлийн холбоод, 300 гаруй их дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн “PEARSON BITECH INTERNATIONAL IT LEVEL 3” олон улсын мэдээллийн технологийн мэргэжлийн хөтөлбөрийг энэ хичээлийн жилд 6 сургууль, үүний дотор Улаанбаатар хотын Ражив Гандийн нэрэмжит үйлдвэлэл урлалын политехник коллеж, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Ховд аймаг дахь политехник коллежуудад хэрэгжүүлж эхэллээ.
Өнөөдөр бизнес эрхлэгчдийн 91 хувь нь ажилчдаа академик болон техникийн хосолсон ур чадвартай байхыг илүүд үзэх болсон бөгөөд BITECH сургалтууд нь суралцагчдад цагийн менежмент, харилцаа холбоо, асуудал шийдвэрлэх, төлөвлөх зэрэг практик ур чадварыг хөгжүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай. Дэлхийн улс орнуудад тус хөтөлбөрөөр жил бүр 1 сая гаруй суралцагч төгсөж 300 гаруй их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болж байна.
“PEARSON BITECH, PERSON INTERNATIONAL IT LEVEL” хөтөлбөрт олон улсын жишигт нийцүүлэн 15-16 насны суурь боловсрол бүхий суралцагчдыг элсүүлэн суралцуулж төгсөгчид нь “PEARSON BITECH INTERNATIONAL IT LEVEL 4” хөтөлбөрт шатлан суралцах боломжтой юм.
Энэхүү хөтөлбөрүүдийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. Эдгээр хөтөлбөрүүд нь Монголын хүүхэд залуучуудыг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн суралцуулах тэгш боломж олгож дэлхийн монгол иргэнийг бэлдэх шинэчлэлийн гараа нь болох юм" хэмээн онцоллоо.