Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо толгойтой болсноос хойш анх удаа буюу наймдугаар сарын 28-ны өдөр эхний хурлаа хийж, нэг тэргүүн дэд дарга, 15 дэд даргатай болсон билээ. Дотроо тэмцэлддэг "нам доторх сөрөг хүчин" болон хувирсан Ардчилсан намын найм гаруй жилийн хагарал энэ хүрээд дуусна гэдэгт бүгд л найдлага тавьж буй.
Толгойгүй олон сүүл Төрийн ордонд толхилцож, дарга болох эрмэлзэлээрээ ч гэх үү, С.Эрдэнэ намынхаа тамгыг цээжиндээ "онголох"-доо тулж байв.
Энэ мэт үйл явдлууд хөвөрч, хүч алдарсан юм. Гэвч яаж ийгээд цуурснаа "шавардаж" явахгүй бол тархай бутархай олон намын хүч нийлээд ч сөрөг хүчин болох АН-ын хэмжээнд хүрч чадахгүй.
Харин Монголын улс төрийн намууд нөлөөгөө улам тэлж, өсөх нь нэг талаар сайн хэрэг. Түүн дундаа Ардчилсан нам яасан ч байр сууриа ганхуулж, хэрүүл тэмцэлдээ живж болохгүйг энэ жилүүд харуулсан болов уу.
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгасан. Энэ бол хаврын чуулганы үр дүн. Тэгэхээр 2024 онд улс төр өөр замаар буюу өөр сонгуулийн тогтолцоогоор явна. Иймд нам хүртэл өөрөөр нөлөөллөө тэлэх шаардлага үүсээд буй.
Харин есдүгээр сарын 7-ны энэ өдөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хоёр дахь хурлаа хийж, цаашид хэрхэх талаар болон авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрийнхээ талаар мэдээлэл хийлээ.
Ингэхдээ 1980-аад оныхноор цус сэлбэснээ онцгойлов. "Шинэ салхи" оруулж, ардчиллыг хамгаалан тээж, авч явах залуусыг "бойжуулах" ёстойг гишүүд олонхоор дэмжиж байгааг намын дарга Л.Гантөмөр уламжиллаа.
Тэд намаасаа гадагш харж, төрийн хүнд суртлын талаар ҮБХ-оороо хуралдсан бололтой. Гэрээ засаад төрөө зас гэдэг билээ. Ардчилсан намынхан дотоод асуудлаа нэг мөр цэгцэлж дуусаад индэрийн өмнө үе үе харагдах хүсэл нь оволзон буй бололтой.
С.Баярцогт намынхаа гадаад харилцааг хариуцаж ажиллана. АН-ын тэргүүн дэд дарга болон дэд дарга бүр өөр өөр чиглэлээр тухайн салбар, аймаг, сумуудад төвлөрч ажиллана. Шат шатанд удирдлагаар хангахыг тэд эрхэмлэж байгаа аж.
Гэвч одоо болтол дарга нар нь нэгэн чухал байр суурь болох Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоогоо бодсоор явна.
М.Жаргал
Сэтгэгдэл (4)