Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар санал, дүгнэлтийг Хууль зүй, дотоо хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр, "Бидний тавьж байгаа зорилт бол шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болъё гэдэг саналыг Шүүхийн тухай хуульд бичсэн. Энэ хүрээнд өнөөдөр "Шүүхийн бодлогын баримт бичиг" төсөл бий боллоо. Уг төслийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Тус баримт бичиг нь нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт. Хоёрдугаарт, шинээр батлагдсан шүүхийн тухай хуультай уялдуулж боловсруулсан. Гуравдугаарт, “Алсын хараа- 2050”-д дурдсан шүүхийн эрх мэдлийн хүрээнд дэвшүүлсэн зорилтуудаа дагнасан бодлогын баримт бичигт илүү тодотгож тавьж өгсөн. Цаашид шүүх эрх мэдлийг хэрхэн боловсронгуй болгох, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, тэр дундаа эрх зүйн хөгжлийн чиг хандлагатай шүүх эрх мэдлийг хэрхэн хөл нийцүүлэх гэсэн агуулгаар энэхүү бодлогын баримт бичиг бичигдсэн.
Мөн үүнд дэлхий нийтээрээ шүүн таслах үйл ажиллагааг цахим болгож буйтай уялдуулж шүүх эрх мэдлийн салбарт цахим хөгжлийн ололтыг хэрхэн нэвтрүүлэх, цаашлаад шүүн таслах үйл ажиллагааг дагнан хэрэгжүүлж байгаа хэрэг маргааных нь нөлөөг илүү нарийвчлан, дагнан мэргэшүүлэх тогтолцоог илүү боловсронгуй болгох талаар, мөн шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын чиглэлийг олон төрлийн баримт бичиг бүрдүүлэхгүй, зөвхөн нэг дагнасан баримт бичигтэй байх, шүүгчдийг хэрхэн хөгжүүлж, сургах, шүүхийн захиргааны ажилтнуудыг хэрхэн сургаж, шүүх эрх мэдлийн боловсон хүчний нөөцийг хэрхэн нөхөж, бүрдүүлэх вэ гэсэн олон талын асуудлыг тусгасан, шүүх эрх мэдлийн хөгжлийг 30 жилээр тодорхойлохыг зорьсон.
Шүүх салбарын бүтцийн өөрчлөлтийг Шүүх байгууллагын хуулиар хийхийг зорьж байгаа. Хуучин нийгмийн тогтолцооноос шилжиж, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, хөнгөн шуурхай, чирэгдэл багатай төрийн нэг төрлийн үйлчилгээ болох шүүхэд мэдүүлэх эрхээ хангуулах боломжийг илүү хүртээмжтэй байдлаар үзүүлэх тогтолцоог сонгох, өмнө нь олсон ололт буюу хэрэг маргааныг дагнасан хэлбэрээр шүүдэг тэр тогтолцоог хадгалахыг зорьж байгаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтцийн өөрчлөлтийг энэ хуулиар зохицуулна.
Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шударга ёсны өсөмжийг нэмэгдүүлэхэд шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хийх, гүнзгийрүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Үүнтэй уялдуулж шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичиг орж ирсэн. Мөн араас нь залгуулаад Шүүх байгуулах хууль, түүнийг дагасан хуулиуд орж ирэхээр төлөвлөгдсөн" гэв.
Р.Батхишиг