Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлалын талаар Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг өөрийн сошиалд хуудсандаа ийнхүү нийтэлжээ.
Тэрбээр "Энэхүү түүхэн айлчлал нь Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 31 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй түүхэн ач холбогдол, онцлогтой юм. Манай хоёр улсын харилцаа Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй гэдгийг олон түмэн сайн мэднэ. Гүюг хаанаас 1246 онд Пап IV Инноцент-д урилга илгээж байсан. Түүний хувийг Пап Францис Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өөрийн биеэр гардуулж өгсөн.
Үүнээс хойш 777 жилийн дараа Пап манай улсад айлчлал хийлээ гэж ойлгож болно. Энэ нь Монгол Улс олон зуун жилийн түүхтэй улс гэдгийг бүрэн дүүрэн нотоллоо.
Пап Францис айлчлалынхаа үеэр манай улсын ард иргэд, олон нийтэд хандаж үг хэлэхдээ манай улсын өнө эртний түүх, соёл, уламжлалын утга агуулга, мөн чанарыг онцолж, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой хөгжилд оруулж буй манай улсын хувь нэмрийг сайшаасан.
Тэрээр хэлэхдээ “Өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэдгийг тодотгож, “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж монголын соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм” гэж дүгнэсэн.
Папын айлчлалыг гадаад улс орнуудын 150 орчим хэвлэл мэдээллийн төлөөлөл сурвалжилсан. Тиймээс Монгол Улс энэ өдрүүдэд дэлхийн олон улс орнууд төдийгүй 1.3 тэрбум католик сүсэгтнүүдийн анхаарлын төвд байлаа.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, гуравдагч хөршийн бодлогоо хэрэгжүүлэх, Монгол Улсын энхтайванч гадаад бодлого, үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулахад нэн ач холбогдолтой боллоо.
Мөн энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, шашны эрх чөлөөг эрхэмлэгч Монгол Улсын гадаад бодлого, тэр дундаа гуравдагч хөршийн бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна" гэжээ.