Хэдэн жилийн өмнөөс хэл үг дагуулсаар буй "Халзан бүргэдэй"-н асуудал өнөөдөр л төрийн сонорт хүрэв.
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Газрын ховор элементийн хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлнэ” гэж заажээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн оны аравдугаар сарын 10-15-ний өдрийн хооронд хийсэн айчлалаар “Газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэл”-ийг хамтран хэрэгжүүлэх талаар ХБНГУ-ын талтай яриа хэлэлцээ хийсэн билээ.
Газрын ховор элемент нь ХХI зуунд хүн төрөлхтний хэрэглээний “гол түүхий” эд юм.
Учир нь гар утас, дагалдах хэрэгслүүд, цаашид үйлдвэрлэл нь улам тэлэх цахилгаан машин батарей гэх мэт зүйлсийн элемент болно. Үүгээр ч зогсохгүй пуужингийн эд анги, GPS гээд дэвшилтэт технологийн эрин үе түүнийг тойрон эргэж байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонны нөөцтэй, зургаан орд илрүүлсний дөрөв нь том орд хэмээн эрдэмтэд онцолсон.
Тодруулбал, Улаандөлийн орд 124.78 тонн, Халзанбүргэдтэйн орд 1.5 сая тонн, Мушгиа худаг 365.1 мянга, Хотгор 1.2 сая тонны нөөцтэй бол Цагаан чулуут 274.55 тонн, Лугийн гол 14.5 мянган тонны нөөцтэй.
Халзан бүргэдэйн ураны эрсдэлийг бага гэж байв
Гэтэл Халзан бүргэдэйн хайгуулын ажил эхлээд өчнөөн жил болж байхад дорвитой шийдвэргүй явсаар өдгөөг хүрсэн. Газрын ховор элементийг хувийн хэвшилд тулгуурлан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгон цаашдын боловсруулалтад хүргэхээр үйл ажиллагаа явуулж байсан нь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий MNREC-той холбогдоно.
Тэд Ховд аймгийн Мянгад сумын гэлтгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөдрийг хүрсэн. Хайгуулын ажлыг Халзан Бүргэдэй уулын орой хэсгээс 2,5 км зайд, хойд талын салбарласан хэсэгт нь хайгуул, ашиглалтын ажил явуулна. Гэвч орд газар Ховд голоос 10 км орчим, Хар усан нуураас 15 км, Мянгад сумаас 12 км зайд оршдог аж. Энэ нь иргэдийн эсэргүүцлийн гол шалтгаан юм.
Эл уулын “ураны агууламж бага тул эрсдэлгүй” гэх утга бүхий мэдээллийг төслийн ерөнхий зөвлөх нь өгсөн байдаг.
Өдгөө Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хөдөө орон нутаг, бүсчилсэн хөгжилд онцгой анхаарч “Шинэ сэргэлтийн 5 цагариг” концепцыг боловсруулан ажиллаж буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ есдүгээр сарын 4-ны өдөр Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ, "Халзан бүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ" гэж мэдэгдсэн.
Сүүлийн жилүүдэд газрын ховор элементийн хайгуулын ажлыг эрчимжүүлсэн хэдий ч цаашилбал иргэдийн "ширүүн" эсэргүүцэлтэй нүүр тулах нь энэхүү жишээгээр тодорхой болж байлаа. Ер олборлолтын асуудал ямагт эсэргүүцэлтэй тулсаар ирсэн түүхтэй.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар тухайн асуудлыг авч хэлэлцэж байна. Хамгийн их нөөцтэй ордыг ашиглах эсэх гаргалгаа нь "2023 он"-д иргэдийг сонсох болж хувирав.
Иргэдийн бодол эсрэг зүгт байсаар байвал газрын ховор элементын тал дээр хамтарч ажиллах тухай яриа замхарч, царцан үлдэх үү? Үүний хажуугаар хэл үггүй байгаа бусад ордууд дээрээ төр бие даан шийдвэрээ гаргах уу.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)