МҮХАҮТ, Монголын Халал Хөгжлийн Холбоо хамтран “Halal track, Trace and recall” хяналт баталгаажуулалтын системийг хамтран хэрэгжүүлнэ.
Ингэснээр Монголын үйлдвэрлэгч, экспортлогчдыг Халал бизнес ертөнцтэй холбох шинэ гарц нээх, олон улсын сүлжээнд “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүн борлуулах боломж бүрдэнэ. Мөн Монголд халал амьдралын хэв маяг болон экосистемийг бүрдүүлэх талаар цаашид хамтран ажиллахаа “Халал бизнес форум”-ын үеэр зарлав.
Хамтын ажиллагаа нь Монголын бизнес эрхлэгчдийг олон улсын халал зах зээлд гарах, бүтээгдэхүүнээ экспортлох, олон улсын үнэ цэнийн сүлжээнд оролцоход нь туслах, дэмжих зорилготой.
Ялангуяа Монголын экспорлогч, импортлогчдыг халалын ёс зүйн дүрэм журмыг баримтлан бизнес хийхэд нь мэдлэг, мэдээллээр хангах, олон улсаас хууль ёсоор итгэмжлэгдсэн Халал баталгаажуулалтын монгол дахь байгууллагаас хянан баталгаажуулсны үндсэн дээр экспортлогчдод гэрчилгээ олгуулах, хэрэглэгч, худалдан авагчдад ээлтэй халал цахимжуулалтын хяналтын систем нэвтрүүлэхийг зорьж байгаа аж.
Энэ системийг Сингапурын технологийн Металюжн компани хөгжүүлсэн бөгөөд үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн Халал стандарт протоколыг хэрхэн хангасан талаар мэдээллээр хангах, тэднийг зах зээл дээр хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах боломж олгох, хэрэглэгчдэд баталгаатай, найдвартай халал бүтээгдэхүүнээр хангах суурь нөхцөл бий болгодог цахимд технологид суурилсан тогтолцоо юм.
Монгол Улс халал бизнесийг хөгжүүлэн бүтээгдэхүүн гаргах эхний үе шатандаа явж байгаа бөгөөд сүүлийн үед Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб зэрэг оронд бага зэргээр экспортолж байгаа.
Монголд боловсруулсан халал шошготой мах, бусад хүнсний бүтээгдэхүүнүүдийг халал журмыг баримталсан эсэхийг хөөн хянах тогтолцоо байхгүй, ихэнх нь өөрсдөө, системийн бусаар бүртгэж байгаа ч импортлогчийн хувьд ийм мэдээллийг итгэмжлэхэд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд халал журамд тавих бүх шаардлагыг хангасан дэвшилтэт “Halal track, Trace and recall” хяналт баталгаажуулалтын системийг нэвтрүүлэх нь зүйтэйг оролцогчид хэлж байлаа.
Халал нь зөвхөн мах, хоол хүнс төдийгүй, соёл иргэншил, шашин шүтлэгтэй холбоотой учир форумд Баян-Өлгий аймаг, Налайх дүүргээс 60 гаруй бизнес эрхлэгч оролцжээ.
Ташрамд сонирхуулахад, халал махны зах зээл 2021 оны байдлаар 802 тэрбум ам.доллар байсан бол 2030 он гэхэд энэ зах зээлийн багтаамж нэг их наяд 654 тэрбум ам.долларт хүрэх судалгаа бий. Монгол Улс саяхан Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээрт элсэж орсон тул энэ боломжийг ашиглах боломжтой аж.