Наймдугаар сарын 9-ний өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зохион байгуулж, хотын бондыг гаргахаар болсон билээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 45 хоногийн туршилт хийхээр болсныг бид мэдээлж байв.
Энэ үеэр бондоор босгосон 500 тэрбум төгрөгийн 35 хувь болох 177.5 тэрбумаар шахмал түлшний түүхий эдийг солих шийдвэрийг НИТХ баталсан юм.
Гэвч эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хэлсэн үг төдийлөн иргэдэд тааламжтай байгаагүй. Түүнийг сайдаар томилогдох үед нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын чанарт өөрчлөлт гаргах, эрчим хүчний төслүүдийг урагшлуулах” гэсэн хоёр даалгаврыг өгсөн юм билээ.
Мөн 2023 оны нэгдүгээр сараас эхлэн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар томилогдсон. Тиймээс 177 тэмбумын гэх нүүрсний санааг зүтгүүлсэн хэрэг. Харин тэрбээр нэг дэх даалгавраа энэ өвлийг амдаж байгаад засгийн газраар хэлэлцүүлж, НИТХ-ээр батлуулсан.
Нийслэлийн иргэдэд утаат түлшээ түлээд угаартаад суух эсхүл үйлвэрийн шат дамжилгат түлш түлээд арай бага хордох гэсэн “хоёрхон сонголт” үлдэж байх шиг.
Гэр хорооллын айлуудын гал асаахдаа хэрэглэдэг бүх түлшийг хурааж авч байгаад, ирэх 12 сард 45 хоногийн туршилтаа эхлүүлнэ. Ингэхдээ шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхэд яаж ажиллаж байсан, яг тэр жишгээр буюу өргөн бүрэлдэхүүнтэйгээр хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг иргэн бүрийн гэрт хүргэх аж.
45 хоногоос цааш “туршилт үргэжлэхгүй, тухайн нүүрсийг түлэхгүй”
Урьдчилсан төлөвлөгөө ёсоор бол 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг гэхэд түүхий эдээ БНХАУ-аас оруулаад ирвэл 12 дугаар сарын 15 хүртэл 115 мянган тонн түлшийг үйлдвэрлэж, зуух галлаж туршина.
Тухайн нүүрсний туршилтыг төлөвлөгөөт хоногт хийж дуусаад, агаарын чанарт ахицтай өөрчлөлт орвол мөн иргэдийн санаа бодолд нийцвэл “Үйлдвэр” барих томоохон ажил руу Монгол Улс ханцуй шамлан орох юм.
80 тонн хагас коксжих нүүрс оруулж ирж, Тавантолгой түлш компанид барьцалдуулагч ашиглан дөрвөн төрлийн түлш хийж үзсэн байна. Тухайн туршилтын үр дүн нь зургаан лаборатори, 100 гаруй дээжийг дамнан гарч иржээ.
Тодруулбал, хагас коксоор үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг айл өрх хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт 2022 оны мөн үетэй харьцуулбал aгаарт хаягдах тоосонцорын хэмжээ 72.6 хувь, хүхэрлэг хийн хэмжээ 85.5 хувь, угаарын хийн хэмжээ 10.8 хувь, азотын исэл 23.5 хувиар тус тус буурна гэсэн судалгаа гарчээ.
Тухайлбал, агаарын чанарын түвшинг зохих хэмжээнд нь барьж чадна гэж тооцоолж буй. Тухайлбал 2019 оны 1, 12 дугаар саруудад анх удаа мидлингээр шахмал түлшийг үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанарын үзүүлэлт болох тоосонцор нь 215 мкг/м3-ээс 130 мкг/м3 буюу 40 хувиар буурсан байна.
Туршилтын тонн нүүрсний үнэ БНХАУ-ын үйлдвэрээс гарч манай улсын иргэдийн гарт хүрэхдээ 1 сая 543,2 мянган төгрөг болох нь. Гэхдээ үүний тодорхой хувийг төсөвт шингээж иргэдэд 150 мянга орчим төгрөгөөр борлуулна гэсэн үг.
Хэрэв үйлдвэртэй болвол тухайн үнэ буурах боломжтой аж. Багануурын уурхайд түшиглэх үйлдвэр нь 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Мөн үйлдвэр босох хүртэл 16-18 сарын хугацаа шаардлагатай.
Тиймээс 2023 оны дөрөвдүгээр улиралд тендерийг зарласан тохиолдолд 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг гэхэд хагас коксын үйлдвэртэй болох талаар эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ярив. Мөн үйлдвэрлэлийн явцад гарсан давирхайг экспортлох боломжтой юм.
Гэвч эрчим хүчний сайд туршилтаар гэр хороолол тэлж байгаа энэ үед утаа буурна гэж хэлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн хэвээр буй.
177 тэрбум төгрөг 100 хувь бондоос гарах мөнгө мөн үү?
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж буй мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж байгааг батлах аудитын тайлан бий.
Нийслэлээс 2021 онд - 30.2 тэрбум, 2022 онд - 34.5 тэрбумыг захиран зарцуулсан бол 2023 онд 39.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
Жил бүр төсөвлөдөг эл мөнгө иргэдийн гар дээр очих нүүрсний үнийг буулгадаг. Тиймээс 177 тэрбум нь чухамдаа дээрх төсвийн хөрөнгийг шингээсэн дүн болохыг албаныхан хэлэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)