БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод "Монгол-Хятадын ЭКСПО" дөрөв дэх удаагийн арга хэмжээг есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээг "Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-д талууд хамтарсан үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жил "Хөгжлийн шинэ боломжуудыг нээн хуваалцаж, шинэ хэв маягийг бий болгох нь" уриан дор зохион байгуулах аж. Уг ажлын хүрээнд үзэсгэлэн худалдаа, хурал, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах юм.
Үүнтэй холбогдуулан дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан ажиллаж буй. Өнөөдөр дэд ажлын хэсгээс үзэсгэлэн худалдаанд оролцох 500 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл өгөх ажил зохион байгууллаа.
Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас уг арга хэмжээний талаар тодрууллаа.
Я.Эрдэнэсайхан: “Монгол-Хятадын экспо"-д оролцох 500 аж ахуйн нэгж Монголын дүр төрхийг олон улсад сурталчилна
Тэрбээр “Монгол-Хятадын ЭКСПО" үзэсгэлэн худалдаа дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ бол маш том боломж. Монголын ААН-үүдэд маш их үр өгөөжтэй. БНХАУ-ын талаас гаалийн татварыг хөнгөлж, 500 ААН байгууллагыг оролцуулах боломжтой гэсэн хязгаар тогтоож өгсөн. Бид энэ хүрээнд ААН-үүдээ бүртгээд дуусаж байна. Өнөөдөр энэхүү экспод оролцох ААН-үүддээ хил гаалиар бараа бүтээгдэхүүнээ яаж гаргах, хаана байрлах, хууль дүрэм нь ямар байдаг талаар сургалт зохион байгуулж байна. Бид хүний нутагт очино. Тэнд очоод Монгол Улсын ААН гэх нэг нэрийн дор оролцоно. Иймд хууль дүрэм журмыг чанад сахих ёстой зэрэг мэдээллүүдийг өнөөдөр өгнө. Мөн ААН-үүд санал бодлоо солилцоно.
“Монгол-Хятадын ЭКСПО” бол зөвхөн ААН-үүдийн үзэсгэлэн биш. Монгол Улсын дүр төрх буюу Монгол Улс хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг олон улсад сурталчлах арга хэмжээ юм. Үүнээс гадна Монголын соёл урлагийн 100 төлөөлөл оролцож, Монгол Улсаа сурталчилна.
2019 онд энэхүү экспод иргэд оролцож болдог байсан. Харин энэ жилийн хувьд зөвхөн ААН-үүдийг оролцуулна. ААН-үүд бараа бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийж, түнш олж, цаашид байнгын худалдаа хийх зорилгыг агуулж буй.
Мөн бид “Made in Mongolia” гэдэг онлайн худалдаа хийдэг БНХАУ-ын JTI-тэй хамтарсан компанийг ажлын хэсэгтээ оруулан ажиллаж байгаа. Ингэснээр 500 ААН-үүд онлайнаар БНХАУ-ын худалдааны томоохон платформоор бараа бүтээгдэхүүнээ зарах боломжийг нээж өгч байна. Иймд ААН-үүдийг өргөнөөр оролцохыг уриалж байна” гэв.
Ийнхүү тус экспод 10 орчим орон оролцох бөгөөд улс бүр өөрсдийн өнгө төрхийг илэрхийлсэн бараа бүтээгдэхүүнээрээ оролцох юм. Манай улсын хувьд дүр төрхийн үзэсгэлэнгээр эх орны нэрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн оролцоно.
Д.Батчулуун