АНУ-д найм дахь жилдээ ажиллаж, амьдарч байгаа найзынхаа гэрт нь ирчихээд тагтан дээрээс орчныг ажиглан санаашран зогсох үед Ө.Батхүү маань “Шударга бус шүү, 300-хан сая хүнд ийм уудам, үржил шимтэй газар нутаг, тийм таатай уур амьсгалыг бэлэглэх гэж. Гэтэл дэлхийн нөгөө өнцөгт ган гачиг, өлсгөлөн ядуурал дунд үй олон хүн амьдрах гэж зүтгэж байдаг” гэж хэлж билээ. Тэгэхэд нь би ширээнийхээ номыг болгочихоод байгаа Тим Маршаллын “Газар зүйн хүч”-ээс уншсан “Бурхан согтуучууд, хүүхдүүд, Америкийг тусгайлан халамжилдаг” гэдэг үгийг хэлээд мушийсансан. Энэ явдлаас хойш арав гаруй хоногийн дараа, өнөөдөр ингээд бодоход нээрэн газар зүй ямар хүчтэй юм бэ, уур амьсгал ямар шидтэй юм бэ?...
...Монгол бол хоригт орсон улс. Хоёрхон хөрштэй, далайд гарцгүйгээр оршин тогтносон маань газар зүйн талаасаа биднийг хориглогдсон үндэстэн болгож, энэ нь эдийн засгийн чадамжийг шууд утгаараа мөн л хоригт оруулсан. Улс үндэстний эдийн засаг хүчирхэг эсвэл, сул дорой байх нь дан ганц улс төрийн үзэл суртал хийгээд удирдагчдын чадамжаас шалтгаалдаггүй, газар зүйн байршил, уур амьсгал ч нөлөөлдөг гэдэг нь дэлхийн бусад улсын жишээгээс харагддаг. Магадгүй Монгол орон далайд гарцтай байсан бол, дулаан усны зогсоолтой байсан бол, ургац хураах урт улиралтайсан бол нэг хүнд ногдох ДНБ 5033 доллар (2022 оны эцсээр) гэсэн ядруухан статистик гаргаад сууж байхгүй л байсан байх.
Гэвч газар зүйн байрлал гэдэг бидний хүслээр өөрчлөгддөг хүчин зүйл биш. Эх газарт түгжигдсэн нь үнэн, хоёр том хөрштэй нь үнэн, нүүгээд явчихаж чадахгүй нь бүр үнэнээс хойш ямар ч үндэстэн дэлхийд гарах өөр гарцыг эрэлхийлэх нь бас л ҮНЭН. Монгол Улсын тэр гарц нь юу байх вэ? НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерешийн хэлснээр “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон манай улсын хувьд газар зүйн хоригийг давж гарах гол гарц нь гуравдагч хөршийн бодлого гэдэг нь хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалаас харагдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлал хэд хэдэн онцлогтой.
- Албан ёсны урилгатайгаар АНУ-д айлчилж, Цагаан ордонтой Засгийн газрын төвшинд мэдэгдэл гаргасан Монголын анхны Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болов.
- Айлчлалын үеэр “СТРАТЕГИЙН ГУРАВДАГЧ ХӨРШ” гэсэн нэн шинэ хэллэгийг Монгол Улс анх удаа гадаад бодлогодоо ашиглалаа. АНУ-ыг Стратегийн гуравдагч хөршөөр нэрлэн Эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулав.
- Мөнхийн хоёр хөршдөө Гүйцэтгэх засаглалын тэргүүн, парламентын тэргүүн хоёр албан ёсны айлчлал хийснээс сар гаруйн дараа мөн л Гүйцэтгэх засаглалын тэргүүн АНУ-ыг зорьсноороо Монгол Улс “Гуравдагч хөршийн бодлого”-оо өргөжүүлж байгаагаа тунхаглав.
- Хоёр хөршөөсөө эдийн засгийн хийгээд стратегийн олон салбараар хараат байдаг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал БНХАУ болон ОХУ-ын анхаарлын төвд байв. БНХАУ-ын хувьд хөрш 14 орных нь төр засгийн тэргүүнүүдийн АНУ-д хийх айлчлалд үргэлж анхаарлаа хандуулж, анализ хийдэг бол, америкуудтай улстөрийн болон эдийн засгийн маш хүйтэн харилцаатай байгаа оросууд энэ үед хэн тэднийд очиж, хэлэлцээрийн төвшинд юу ярив гэдэг нь чухал сэдэв байв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
“Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо хөгжүүлж байгаа бөгөөд гадаад харилцааны тэнцвэрийг хадгалахад энэ бодлого нэн чухал”
“Вашингтон пост”
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис
АНУ нь Монгол Улстай ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшил зэрэг нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаа.
Цагаан ордон
Камала Харристай хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргаж Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалаа шинэчилсэн Монгол Улсын Ерөнхий сайдын амбийц дараагийн уулзалтуудаар зураглагдаж байв. MITRE, Google, NASA... Бодлогын судалгааны хүрээлэн, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, сансар огторгуй... Хиймэл дагуул бүү хэл Бодлогын судалгааны тогтвортой үйл ажиллагаатай, дата дээр суурилсан хүрээлэн ч үгүй Монгол Улсын Ерөнхий сайд NASA-тай, MITRE-тэй хамтран ажиллах тухай ярин уулзалт хийгээд явж байна гэдэг яг одоо бол холын мөрөөдөл сонсогдож магадгүй л юм. Гэхдээ энэ бол төрийн зарим айлчлалын “шигтгээ” болон оруулдаг, танилцах төдий уулзалтууд биш “Монголын амбийц” гэдгийг ганцхан жишээгээр дурдъя.
...Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө Л.Оюун-Эрдэнэ “Сургийн нийгэм судалгааны нийгэм болж төлөвшихөд бодлогын судалгааны хүрээлэн чухал үүрэгтэй. Туйлын үнэн гэж байдаггүй ч, түүнд ойрхон үнэн гэж бий. Тэр цэгийг академик байгууллагууд тогтоох агаад улстөрчдийг худал ярих нь бүү хэл, мэдээлэл дутуу зүйлээ ярих боломжгүй ёс зүйн шахалтыг үзүүлдэг. Бодлогын судалгааны хүрээлэнгүүд л улс орны урт хугацааны бодлогыг тодорхойлж, удирдагчдаа үнэлдэг мэдлэг, мэдээлэлтэй иргэний нийгэм төлөвшин бүрдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн ярьдаг улстөрч байв. Үүнээс найман жилийн дараа улсынхаа Ерөнхий сайдаар томилогдсон түүний уг байр суурь хэвээр буй нь судалгааны хүрээлэн дээр суурилсан төрийн бодлоготой байж урагш алхана гэдэг дэлхийн хөгжингүй орнуудын “хөгжлийн нууц”-тай яв цав нийцэж байна . Ер нь яагаад Google-д бэлтгэгдсэн монгол инженерүүд эх орондоо ажиллаж, ер нь яагаад “Мазаалай” нэртэй хиймэл дагуул задгай сансарт хөөрч, ер нь яагаад сарыг судлаж, нөөцийг нь олборлох “Артэмисийн гэрээ“-нд Монгол Улс ойртож болохгүй гэж? Сансар дэлхийн бүх улсаас ижил зайд буюу далайн төвшнөөс дээш 80 км-т л байгаа шүү дээ.
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Ө.Батбаяр
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын айлчлал цаг хугацааны хувьд тун сонирхолтой, нөгөө талаас маш хүндрэлтэй, дэлхий нийтэд гарч байгаа их олон өөрчлөлтийн дунд болж буйгаараа онцлог боллоо. Цар тахлын дараа эдийн засгийн уналт огцом тэлж, дэлхий хэд хэдэн туйлт хуваагдал руу явж байна. Дээр нь улс төр болоод эдийн засгийн олон зөрчилдөөнтэй үед Монгол Улсын Ерөнхий сайд “Гуравдагч хөршийн бодлого”-оо баталгаажуулж АНУ-д айлчлал хийлээ. Айлчлалаар “Гуравдагч хөршийн стратегийн түншлэл”-ийг баталгаажуулж авлаа. Энэ баримт нь өөрөө маш том, маш олон агуулгатай.
АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
Бид газар зүйн хувьд хоёр хөрштэй. “Гуравдагч хөршийн бодлого” гэдэг бол 1990-ээд оноос хойш олон жилийн хугацаанд судлагдаж байж гарч ирсэн нэр томьёо. Гуравдагч хөрштэй байх саналыг АНУ-аас ноён Ж.Бэйкэр гаргаж байсан юм билээ. “Гуравдагч хөршийн бодлого” орон болгонд байдаггүй. Оюуны санаа, үзэл санааны хувьд, бас ардчиллыг бидэнд хувааж эзэмшүүлэх, ардчиллын үнэт зүйлийг мэдрүүлэх, АНУ болон барууны бусад орнууд, ардчилсан улс орнуудаас хөгжлийнхөө замыг суралцах боломжийг олгосон. Энэ утгаараа “Гуравдагч хөршийн бодлого” гэдэг нь өөрөө бидний нэрлэдэг гуравдагч хөршүүдэд маш их ач холбогдолтой. Улс төрийн өндөр ач холбогдол, агуулгатай байдаг. Бидний хувьд сорилт шаардсан ухагдахуун. Стратегийн түншлэлтэй, тэр дундаа “Гуравдагч хөршийн бодлого”-оо шингээсэн стратегитай байна гэдэг өөрөө бас илүү онцлог, илүү тодорхой болгосон зүйл юм.
АНУ дахь Монгол Улсын ЭСЯ
Стратегийн гуравдагч хөрш гэдэг улс төрийн харилцааны өндөр ач холбогдолтой үүцээс гадна Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлал эдийн засгийн олон боломжийг нээж өглөө. Айлчлалын үеэр уул уурхайн зарим бүтээгдэхүүн, тухайлбал зэс, газрын ховор элемент дээр хамтран ажиллах санал гарч ирлээ. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан тооцоогоор газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ ойрын 10 жилд 600 хувиар өсөх төлөвтэй гэдгийг ”Financial Times” сонины мэдээлж байна. Манай орны экспортын гол бүтээгдэхүүн зэсийн эрэлт 2035 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, хэрэглээ 50 сая тоннд хүрнэ гэдэг сайхан мэдээг ч судалгааны байгууллагууд гаргажээ. Ураны чамгүй нөөцтэй бидний хувьд цөмийн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгдэж, 125 тэрбум долларт хүрнэ гэдэг мөн л чихнийхээ хажуугаар хайнга өнгөрүүлэх мэдээлэл биш. Ийм эерэг статистик дундуур Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улсынхаа ДНБ-ийг ойрын арван жилд гурав дахин өсгөнө хэмээснийг “Вашингтон пост” мэдээллээ.
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
Америкийн талтай эдийн засгийн цаашдын хөгжилд яаж хамтран ажиллах, цаашид юу хийх вэ гэдгээ ярилцаж, ерөнхий зураглалыг гаргаж, баримт бичиг дээр гарын үсэг зурлаа. Тухайлбал, уул уурхайн салбар. Түүний дотор чухал элементүүд дээр хамтарч ажиллахаар тохирлоо. Шинэ зуун эхэлж байгаа энэ үед техник, технологийн бүх салбарт зэс болон газрын ховор элемент дээр хамтран ажиллах чиглэл гарч байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт хамтарч ажиллая гэж байгаа. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Гуравдугаарт, цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллана. Мөн Батлан хамгаалахын салбар дээр НҮБ-ын чиглэлээр Энхийг сахиулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэж ярилцсан.
АНУ-ын Худалдааны яам
Сүүлийн хориод жил яригдаж байгаа ч цаасан дээр буусан баримт бичиггүй, яриа төдийд л явсан зүйл бол Америк руу шууд нислэг үйлдэх Монгол мөрөөдөл. Харин АНУ дахь Монголын Элчин сайдын яам, Зам, тээврийн хөгжлийн яам сүүлийн жил гаруйн хугацаанд маш нягт нямбай, шаргуу ажилласны хүчинд Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Монгол-Америк хоорондын шууд нислэгийн шугамыг нээх баримт бичгийг албажуулж чадлаа. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэйжэйжтэй “Тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан юм. Энэ хэлэлцээрийг байгуулснаар Монгол-Америкийн хооронд шууд нислэг хийх боломж бүрдэж байгаа. Эдийн засагт олон боломжийг нээх энэ нислэгийг Ерөнхий сайдыг эх орондоо ирснээс хоёрхон хоногийн дараа Монголд газардсан МИАТ компани шинээр түрээслэж байгаа “Хубилай хаан” үйлдэнэ.
Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт
Түүхэн гэрээ болж байна. 2002 оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд АНУ-аас манай улс руу шууд нислэг үйлдэх санал тавьсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, агаарын тээврийн либерчлалын хүрээнд АНУ руу ийнхүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Тодорхой бэлтгэл ажил хангагдах ёстой учраас 2024 оны эхний хагас жилд багтаан шууд нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөсөн.
Өнгөрсөн хугацаанд АНУ руу зорчихын тулд Бээжин, Истанбул, Сөүлээс дамжих байдлаар хамгийн багадаа 24-48 цаг зарцуулдаг байсан. Харин шууд нислэг үйлдэж эхэлвэл Улаанбаатар хотоос АНУ руу 12 цаг нисэж, тус улсын аль ч хотод очих боломжтой болох юм. Ингэснээр нислэгийн хугацаа 2-3 дахин буурна. Мэдээж нислэгийн хугацаа багасч байгаа учраас тасалбарын үнэ мөн буурна. Өнөөдрийн байдлаар тус улс руу зорчих тасалбарын үнэ 3000-4000 ам.доллар байгаа бол шууд нислэг үйлдсэнээр тасалбарын үнэ 1500 орчим ам.доллар болж буурах юм. Өөрөөр хэлбэл, манай улсын иргэд богино хугацаанд, хямд тасалбараар АНУ руу зорчих боломжтой болно. Нөгөө талаас шууд нислэг үйлдэх нь хоёр улсын эдийн засаг, бизнес, харилцаа, соёл, боловсрол гээд бүхий л талаар эерэг нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн байдлаар хоёр улс хоорондын худалдааны эргэлт 200 сая ам.доллар хүрэхгүй хэмжээнд байгаа. Харин АНУ, Монгол Улс хооронд нислэг үйлдэх нь манай улсын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, бизнес хөгжих таатай нөхцөл бүрдэх юм.
АНУ дахь Монгол Улсын Элчин сайд яам
-
МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг Боинг 787-9 төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Хубилай хаан бол тус гэрээний дагуу ирж буй эхний хөлөг.
-
В787-9 агаарын хөлөг нь өргөн биетэй, 14,000 километр буухгүй нисэх техникийн боломжтой, 315 зорчигчийн суудалтай. Эдгээрээс 16 нь бизнес, 21 нь премиум, 276 энгийн суудал юм. Тэгвэл МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалжээ.
-
Хубилай хааныг В767 маягийн агаарын хөлөгтэй харьцуулахад түлшний зарцуулалт 20 хувиар бага, нүүрстөрөгчийн хийн зарцуулалт бага тул байгальд ээлтэй, техник эдийн засгийн үр ашигтай.
-
Агаарын хөлгийн нислэгийн удирдлагын системд электрон системийг өргөн нэвтрүүлж, далавчны аэродинамикийг сайжруулж, хөдөлгүүрээс гарах дуу чимээг багасгасан нь зорчигчдод илүү тав тухтай аж.
-
2019 оны зургаадугаар сарын байдлаар дэлхийн зах зээлд 72 улсад 1,441 агаарын хөлөг захиалагдаж, өнөөдрийн байдлаар 882 ширхэг В787 маягийн агаарын хөлөг олон улсад нислэг үйлдэж байгаа.
-
Анх 2011 онд агаарын зорчигч тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн үеэс хойш нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангасан агаарын хөлөг болохоо баталсан.
-
Хубилай хаанаар эхний ээлжид Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Монгол Улс газар зүйн хувьд түгжигдмэл байж болно. Харин оюун ухааны хувьд хэзээ ч үгүй гэж билээ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Энэ бол түүний биш, Монголын амбийц. Монгол Улс MITRE шиг бодлогын судалгааны хүрээлэнтэй болж, бодлогын судалгааны хүрээлэндээ Ivy League-ийн сургуулиудын төгсөгчдийг урьж, NASA-тай хамтран сансар огторгуйг эзэмшиж яагаад болохгүй гэж?...
...“Монголын арга тасарч, арчаагүй болдог цаг өнгөрсөн зуунаар дууссан” хэмээн миний хайрладаг нийтлэлч Ж.Гангаа агсан бичсэн байдаг юм. Стратегийн гуравдагч хөрш АНУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлал, Монгол төрийн баримталж буй гадаад бодлого зэргээс харахад үнэн гэж би итгэнэм. Зөвлөлтийн 16 дахь республик болохоор адгаж асан Монгол өнөөдөр “Энх тайвны бэлгэ тэмдэг” гэж дэлхийн даргаар үнэлүүлж байгаа нь үнэхээр л “арга тасарч, арчаагүй болдог” цагаа өнгөрсөн зуундаа үлдээж, олон туйлт ертөнцөд өөрийнхөөрөө тоглох замаараа аажуухан ч болов алхаж яваа гэдэг итгэл улам бүр төрүүлнэ.
Жич: Эш татсан өгүүлбэрийг нийтлэлч Ж.Гангаа “Монгол хоёр хөрштэй, хоёулаа Монголын дайсан” хэмээх нийтлэлдээ дурдсан билээ.
С.Ононтуул
Сэтгэгдэл (1)