Олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг нээж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үг хэллээ.
Тэрбээр "Эрхэм хүндэт судлаач, эрдэмтэн мэргэд ээ. Дэлхийн монгол судлалын их хуралдай, Монголч эрдэмтдийн 12 дугаар их хуралдааны төлөөлөгч, эрдэмтэн судлаач, хүндэт зочин та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлчлан мэндчилж байна.
Таван жил тутам зохион байгуулагддаг олон улсын Монголч эрдэмтдийн их хурал нь дэлхийн монгол судлаач, эрдэмтэн судалгаа шинжилгээнийхээ үр дүнг эрдэмтэн мэргэддээ тайлагнаж, номын сайн нөхөдтэйгээ учран золгодог их хуралдай билээ.
Монгол улс, монгол туургатны гал голомтыг сахин суугаа бахдам түүх, баялаг өв соёлтой улс юм. Ийм учраас өнөөдрийн даяаршлын эрин үед нийт монгол туургатан төдийгүй, хүн төрөлхтний өмнө өөрийн түүх хэл соёлын өвөрмөц өнгө төрх, давтагдашгүй хэв маягаа хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах үүрэг хүлээсэн ард түмэн билээ.
Монгол улсыг монголчуудыг судлагдахуунаа болгосон монгол судлал нь Монгол улс, үндэстний оршихуйтай шууд холбоотой амин чухал салбар ухаан учраас Монголын төрийн анхаарлын төвд байх учиртай.
Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг баталж, монгол судлалыг дэмжих сан, монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулж, монгол судлалыг нэгдсэн бодлоготойгоор хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна.
Дээрх хүчин чармайлтын үр дүнд Монгол судлалын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай болж, тус салбар өргөжин хөгжих суурь тавигдсан билээ. Орон орны монгол судлаач та бүхэн бол монгол улс, нийт монголчуудыг шинжлэх ухаанчаар судлан шинжилж, монголын тухай үнэн бодитой мэдлэг мэдээллийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, сурталчлан алдаршуулдаг чухал үүрэгтэй хүмүүс билээ.
Өнөөдрийн байдлаар олон улсын монгол судлалын чиглэлээр дагнан судалгаа шинжилгээ явуулж буй 23 төв, төв болон евроази зэрэг хавсарга судалгаа эрхэлж буй 20 төв, Монгол судлалын чиглэлээр нийт 43 төв, салбар үйл ажиллагаагаа явуулж байна.
Сүүлийн хоёр жилд Монгол судлалын дотоод гадаадын үйл ажиллагаа идэвхжин 2022 онд "Чингис хааны ертөнц ба Монгол судлал" цогц арга хэмжээ, энэ жил Монгол судлалын их хурлыг зохион байгуулж байна.
Цаашид гадаадын Монгол судлалын төвийг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, урамшуулах бодлогыг ЗГ болон БШУ яамнаас дэмжин ажиллах болно.
Монгол улсын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл бол монгол судлал бөгөөд шилдэг сайн судлаач эрдэмтэнгүйгээр энэ салбар хөгжих боломжгүй юм. Монголын төрөөс онцгойлон анхаарч, ивээлдээ байлгах салбар бол монгол судлал юм.
Монгол улс ардчиллын замаар замнаснаас хойш 30 гаруй жилийн хугацаанд Монгол судлалын бүхий л салбар чиглэлд томоохон ахиц дэвшил гарлаа. Эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулийн эрдэмтэн багш нар энэ чиглэлээр олон бүтээл туурвин нийтлүүлж байна" гэв.
М.Дэвээжаргал