МАН-ын 2020 оны сонгуулийн уриа "хүчээ нэгтгэе" байв. Өдгөө "Хэнтийн хөгжлийн төлөө хүчээ нэгтгэе" гэх нь холгүй болжээ. Хэнтий аймаг 2020 оноос хойш буюу 2021 оны төсвийн жилээс эхлээд 21 аймгийн дундаас "толгой цохино" гэдэг шиг хамгийн их хөрөнгө оруулалтыг хүртсээр ирсэн юм.
Тухайлбал, 2021 оны төсөвт 125.9 тэрбум, 2022 оны төсөвт 214.5 тэрбумыг төлөвлөж байсан бол 2023 онд 270.7 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгө оруулах шийдвэр гаргасан.
Тус аймгаас төрсөн дарга нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, сайд Х.Нямбаатар, сайд Б.Бат-Эрдэнэ гэх зэргээр хуруу даран тоолж болно. Цаашилбал, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аавынхаа нутгаар гэвэл УИХ-ын гишүүн Э.Батшугарыг ч энэ дараалалд оруулах боломжтой.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Мянганы суут хүн Их Эзэн чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулахаар тусгасан байдаг.
Үүний хүрээнд Хэнтий аймагт монголын төрт ёсны түүх, дурсгалын үнэт өв, нүүдлийн соёл, уламжлалт ахуйд түшиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа юм. Хэнтий аймаг ийнхүү "сонгогдсон", "шидээвэр" болж, бусад аймгийн хөгжил тоосонд нь бүрэлзэн хоцорч байх шиг.
Тодруулбал, орон нутаг судлах музейн шинэ барилга ашиглалтад орлоо. Мөн 100 жилийн ойдоо зориулан шинэхэн наадмын талбайтай ч болов. Гэтэл тулгар төрийн ойн наадмаараа нийслэлийн ард иргэд "үнхэлцэг" шиг цэнгэлдэх хүрээлэндээ шахцалдан, барьцалдан наадсаар байна.
Үүгээр зогсохгүй, 600 хүний суудалтай театртай болов. Харин нийслэл хот дахь Драмын театрын гадна талбайн зогсоол, тохижилтын ажил одоо болтол "самгардсаар". Хэдэн улаан тоосго өрж байснаа буцаагаад л нурааж байх жишээтэй.
Энэ жил таван аймаг түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй. Бүтээн байгуулалт хийснээрээ ч чимээ имээгүй өнгөрч байх шиг. Харин хамгийн их шагнал гардуулснаараа мөн л Хэнтий аймаг толгой цохив бололтой.
Ихээхэн хөрөнгө оруулалт "саадгүй" очдог тус аймагт Андлалын хөшөө барьж төсвийн мөнгөөр тоглосон түүх бий. Эзэн Чингис гэх нэрийн дор тэр зүгт "төсөв-ус шиг урсдаг" нь энэ бүхнээс бэлхнээ харагдана.
Улаанбаатараас 330 гаруйхан километрийн зайд орших эл аймгийн хөгжлийг алслагдсан аймгийн хөгжил гүйцнэ гэвэл "дашин шог" болсон нь тодорхой. Баруун аймгийн төсвийг дөрөв нугалахуйц хөрөнгө шүү дээ. Тодруулбал, Хэнтийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 3.5 сая төгрөг гэсэн үг.
Данхар төсөвтэй дарга нарын нутгийн бүтээн байгуулалт сайхан ч дов довоо чимэглэдэг нь монгол хүний араншин гэхэд хилсдэхгүй. Хамт хөгжих ёстой атал нэг аймаг ийнхүү "цойлж" байх юм. Талхны зөөлнийг тэд нутаг руугаа баринтаглан "барьж", захыг нь хорь хувааж "хаяж" өгчээ.
М.ДВ
Сэтгэгдэл (6)