Р.Чойномын нэрэмжит "Залуу нас" утга зохиолын нэгдэлийн гишүүн Жаргалсайханы Эдмоны анхны яруу найргийн "717" номоос таван шүлгийг түүвэрлэн хүргэж байна.
Э.С-Миний охин
Дотроос минь ургаж унаагүй ч гэлээ
Дотроо тордог бүх гунигаа инээмсэглэлд чинь гээлээ
Хориотой гэх бүх цээрүүдээсээ
Хорин насаа ирээдүйн чинь төлөө золилоо
Нууж урсгасан этгээд догдлолуудынхаа
Нулимс шиг гашуун үнэнийг ээжийн чинь хацарт шингээгээд
Хайрын баяраар л сахиусан тэнгэр болж ирсний чинь төлөө
Халамцуухан гэлдэрсэн шөнөө ч дурсамж болгон нэрийдлээ
Өмчлөгч бүхэн нь жамаараа ирдэг
Өчнөөн өдрүүд ирээдүйд хүлээн буй учраас
Өөрт чинь өвлүүлэх мөрөөдлүүддээ л, хамгийн гэгээнийг нь үлдээх болсон
Ерөөс ирээдүйгээ бидний хэн нь ч зохиож чадахгүй
Ертөнц бүгдийг нь аль эртнээс зэхчихдэг болж таарсан
Ямартаа ч нэгэн цагт хүү чинь байсан гэж итгэдэг
Ядруухан найрагчийн амь чи л болж таарсан
Нүдэнд чинь л оршдог, тийм тунгалаг орчлонгийн
Нүгэлгүй гэрэлт өдрүүдэд багтаж амьдардаг
Хайрын баяраар л хамгийн үнэн тэнгэр болж ирсэн
Хайрын шүлгийн догдлол юм чи минь.
***
Уруулаа хазаад л
Хайрын шүлэг сонсох гэж яарах
Угтаа ийм л охид
Эрсийн тавиланг эвддэг.
***
Голын усанд лусын дагинас завхайрдаг үлгэр эхэлсэн
Нигүүлсэнгүй охин тэнгэрүүд өнөөдрөөс
Вокзал дээр биеэ үнэлнэ
Буриад онгон маргааш намайг үхнэ гэж хэлсэн
Зүүний үзүүр дээр тогтох будааны үлгэрүүд
Гүн ухааны тухай сургаал байсан
Дүнзэн байшингуудаасаа ч илүү хуучирч байгаагаа
Дүүгээ цэрэгт явахад л мэдсэн
Бурхадын завхайрал миний эрх чөлөө болохоор
Заавартай ирдэггүй амьдралдаа алдахаас өөр сонголтгүй
Грек Ромын бурхад охидтойгоо нөхцөөгүйсэн бол
Есүс Христос онгон охиноос мэндлэхгүй байсан
Нүдээ боолгочихоод
Дэлгүүрийн лангуун дээр наминчлах Буддас
Нүглээ цагаатгаж дуусахад
Одоо л би эр хүн болно
Кораны хуудас хэзээ ч Библийнх шиг ариун байгаагүй
Библийн хуудас хэзээд Кораныхаас нимгэн байсан
Нимгэн ариун тэгээд нэг ч үгийн алдаа үгүй
Нэжгээд ийм л Сутрануудыг Кама гэж боддог
Гама ямагт Альпагаас ялгаагүй
Гай таарч би гүн ухаантан болоогүй
Ямар ч өршөөл тэгээд цагаатгалын шаардлагагүй
Ял гавьяа минь хэнд хамаагүй
Ямар ч бурхад тэгээд хувь гэж байхгүй
Яруу найрагт бүхий л зүйлс үнэн байх албагүй
Голын усанд лусын дагинас завхайрдаг үлгэр эхэлчихсэн
Нигүүлсэнгүй охин тэнгэрүүд өнөөдрөөс
Вокзал дээр биеэ үнэлцгээнэ
Буриад онгон маргааш намайг үхнэ гэж хэлсэн.
***
Олны дунд ганцаардахыг олонтаа мэдэрсэн
Одоо л амьдралд дахиад дурлах эрхтэй.
***
Хурхын Шар тал, тариан түрүү, намрын навчсаа дуулъя
Хонгор чи, холдоод одсон ч сэтгэлд минь
Үүрдээс удаан үлдэж л таараа
Яаруу он жилүүд голын урсгал шиг хангираад одсон ч
Янагийн дуутай шувуудын цэнхэр хавар минь
Нисээд ирэхэд чамайгаа би хүлээсээр л байх болно оо.