Монголын Эдийн засгийн форумын хэвлэлийн төвд “China first highway engineering” компанитай хийсэн суурь хэлцлийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Монгол Улсын эдийн засгийн форум” буюу олон улсын гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын өргөн хэмжээний чуулга уулзалт долдугаар сарын 9-10-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Эдийн засгийн форумын ач холбогдол бол манай Улаанбаатар хотод л хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн суурь төслөөр явж байгаа.
Гадаад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тал дээр манай Засгийн газрын зүгээс анхаарч ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахад анхаарч, боовсронгуй болгож оруулна.
Сая “Хотын хөгжил” сэдэвт нэгдсэн хуралдаан хэлэлцэж Улаанбаатар хот төлөвлөлттэй холбоотой дэлхийн хотуудад тулгамдаж байгаа асуудал, дэлхийн хотуудын эдийн засаг, хөгжлийн талаар олон улсын компаниуд, санхүүгийн байгууллагууд, мөн УИХ-ын төлөөллүүд оролцож асуудлуудыг хэлэлцсэн нэлээн үр дүнтэй, өгөөжтэй хурал боллоо.
Олон улсын санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банкны удирдлагууд, Улаанбаатар хотын улирдлагууд түүхэн гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, Эмээлтийн аж үйлдвэрийн парк буюу "Эко парк"-ыг 2010 оноос хойш яригдаж, төдийлөн ахицтай явахгүй байсан энэ төсөл 2023 онд УИХ, Засгийн газрын дэмжлэгийг авч Улаанбаатар хотод эдийн засгийн бодит эргэлтийг нэмэгдүүлэх ихээхэн хэмжээний жин дарах төсөл эхлүүлж байгаад талархалтай байна.
Монгол Улс, тэр дундаа ХАА-н салбарыг хөгжүүлэх, арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хотын эрүүл ахуйн шаардлагад нийцсэн Улаанбаатар хотын эко шаардлагыг хангасан, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан амжилттай сайн төсөл бол Эмээлтийн аж үйлдвэрийн технологийн паркын төсөл юм. Энэ төсөл дээр Дэлхийн банк 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл өгч байгаа.
Энэ төсөл явснаар хот хөдөөгийн малчдын малын мах, арьс шир, дайвар бүтээгдэхүүнтэй холбоотой зүйлүүд эдийн засгийн эргэлтэд орж өгөөжөө өгөх юм.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан алдааг засах ийм цаг хугацаанд бид бүхэн ажиллаж байгаа. Улаанбаатар хотын хөгжлийн концепцыг 2020-2030 он хүртэл үргэлжлүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар оруулахаар БХБЯ-д хэлэлцэж байгаа.
Хотын ерөнхий төлөвлөгөө гэдэг бол хотын хөгжлийн гол зураглал. Хотын ерөнхий төлөвлөгөөг оруулж батлуулснаар Улаанбаатар хотын хөгжлийн зөв төлөвлөлт, тулгамдаж байгаа асуудал, алдаа оноог засаж сайжруулах ажлууд хийгдэнэ.
Төлөвлөгөөг задлаад үзэхээр, 2020-2030 он бол алдааг засах он жилүүд. Гаргасан алдаа маш их байгаа. Газар олголтоос эхлээд хот байгуулалт, хот төлөвлөлттэй холбоотой асуудал, голын голдиролд байшин сав барих, голын голдиролд оршин суух иргэдэд газар олгох, байшин барих зөвшөөрөл олгох, хууль зөрчих гээд маш олон асуудал хотыг тойрон эргэлддэг. Улаанбаатар хотод шинэчлэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон.
Эдгээр асуудлыг үе шаттай цэгцлэх, хотын төлөвлөлтийн алдаа, тэр дундаа гүүрэн байгууламж, замын байгууламж, үер усны далан байгууламжийн ажлуудыг хийх, шинээр хийх олон ажил байна.
2031-2040 он бол Улаанбаатар хотыг олон тулгуурт хөгжлийн бодлогод гаргах буюу нэг төвт хотоос олон төвт хотод хүргэх бодлогыг явуулах цаг хугацаа.
2041-2050 онд хотын хөгжлийн шинэ шат. Бид экологийн тэнцвэрт нийцсэн “Эко Улаанбаатар”, “Иргэндээ ээлтэй Улаанбаатар” хот болгох. Агаарын бохирдолтой тэмцэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх урт хугацааны төлөвлөгөөг гарган ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)