УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ.
Тэрбээр, “Намрын чуулганаар нэг зүйл хэлэлцэх асуудалд багтсангүй. Цаг хугацааны хувьд нэлээн шахаастай явж байгаа.
Тэр нь юу гэвэл наймдугаар сарын 12-ны өдөр Лондонгийн арбитр дээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр гарсан 103 дугаар тогтоолоор зургаан заалт бүхий үүрэг даалгаврыг Засгийн газарт даалгасан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас ажлууд хийгдсэн.
Бид энэ зургаан чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард жил гаран суусан. Хэлэлцэгч талтай гаргасан бүх саналаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүдэд танилцуулах, 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцуулах шаардлага байна.
УИХ хэрхэн шийдвэр гаргахаас шалтгаалж цаашид арбитрт маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны асуудал яригдана. Нийт таван заалт үндсэндээ хэрэгжсэн гэж ажлын хэсэг үзэж байгаа. Нэлээн олон зүйл дээр хөрөнгө оруулагч тал буулт хийсэн саналууд ирсэн.
Одоо чуулганы төгсгөлд энэ асуудлыг хэлэлцэхээр иргэний нийгмийн байгууллагуудаас хулгайгаар төгсгөлд нь энэ асуудлыг хэлэлцлээ гэдэг асуудал гарч болзошгүй учраас ээлжит бусаар энэ асуудлыг хэлэлцэх талаар УИХ-ын дарга чиглэл өгөхийг хүсэж байна” гэв.
УИХ-аас баталсан 103 дугаар тогтоолыг тодотговол, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг парламентаар хэлэлцэн баталсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар уг 103 дугаар тогтоолыг баталсны дараа ач холбогдлыг нь тодотгон хэлэхдээ,
“Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох Засгийн газраас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэгдэнэ.
Өр тэглэгдсэнээр 2051 он хүртэл ногдол ашиг авахгүй, 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх байсан эрсдэлээс зайлсхийж чадлаа” гэж байсан нь ийнхүү хоёр жил орчмын дараа ямар үр дүнд хүрснийг ажлын хэсгээс танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ. Х.Нямбаатар сайдын хэлж буйгаар Засгийн газарт өгсөн зургаан заалт бүхий чиглэлээс таван заалт нь хэрэгжсэн гэснийг онцлууштай. Чухам аль заалт нь бүрэн хэрэгжээгүй байгааг ажлын хэсгийн танилцуулгаас харах үлдлээ. Ганцхан сарын дараа арбирт хэлэлцэх уг асуудлыг УИХ-аас яаралтай хэлэлцэж шийдэх нь чухал байгаа юм.