Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, “Даян дэлхийн ногоон хөгжил”-ийн байгууллага хамтран “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ыг хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлахдаа эрчим хүчний салбарыг эдийн засгийн суурь дэд бүтэц, үндэсний аюулгүй бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдолтой, тэргүүлэх салбар гэдгийг онцолж тэргүүлэх зорилт болгон баталсан.
Эрчим хүчний сайдын хувьд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлээ тодорхойлохдоо хэрэглээний өсөлттэй уялдуулан шинэ эх үүсвэрүүдийн байршил болон хүчин чадлын төлөвлөлтийг боломжит нөөцөд тулгуурлан хөрөнгө оруулалтын оновчтой хувилбарыг сонгон үе шаттай хэрэгжүүлэх, системийн найдвартай байдлыг хангах нь зүйтэй гэж үзэж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр эрчим хүчний сэргэлтийн бодлогод туссан Тавантолгойн ЦС, Дулааны гуравдугаар ЦС-ын өргөтгөл, Амгалангийн ДЦС-ын өргөтгөл, Бөөрөлжит болон Багануурт барих шинэ ЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах ажлуудын хэрэгжилт төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа хэдий ч цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээний өсөлтийг гүйцэх хэмжээнд хурдан хийгдэж чадахгүй байгаа нь ойлгомжтой байна. Эрчим хүчний үйлдвэр, хэрэглээний баланс алдагдаж, нийлүүлэлтийн хомсдол үүсэж байгаа нь бусад салбаруудын үйл ажиллагааг хязгаарлаж нийт эдийн засгийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байна.
Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах зорилт тогтвортой хөгжлийн гол тулгуур бөгөөд нөхөн сэргээгддэггүй эрчим хүчний анхдагч хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулах нь ирээдүйн хэрэглээний өсөлтийг тогтвортой, найдвартай хангахад чухал юм.
Бид эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой бугшсан асуудлыг үнэ тариф нэмэх замаар шйидвэрлэж чадахгүй. Харин үр ашиггүй байдлыг халж үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглэгчдийн бүх шатанд хэмнэлтийг хийх нь өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр болно.
Цаашид хэмнэлтийн бодлогыг хэрэглэгчид хэрэглээндээ өөрөө тохируулга хийдэг, цахилгаан дулааны зохистой хэрэглээг дэмжсэн төлбөрийн ухаалаг тогтолцоотой уялдуулах, цахилгаан дулаан хангамжийн системд шинээр хэрэглэгч холбох, техникийн нөхцөл гарах үйл ажиллагааг системийн чадлын ачаалалтай уялдуулах, барилга байгууламжийн эрчим хүч, дулааны хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх асуудлыг чухалчилж үзэх шаардлагатай байна" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)