Хангийн тэнгэр хуйсганан байлаа. Хавар аятай шороон шуурга дунд залуу Ерөнхий сайд чанга яригчийн ард ирэв. “Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км замыг найман сарын дотор бүрэн дуусгаснаа зарлаж байна...” хэмээн баяртайгаар мэдэгдсэн түүний үгэн дунд экспортын гол гарц Гашуунсухайтын 267 км төмөр замыг 16 жил гацааснаас үүдсэн “Алдагдсан боломж”-ууд тэр чигтээ дурайж байв.
Хэрвээ экспортын төмөр замууд өнөөдрийн хурдаар урагшилсан бол... Хэрвээ энэ замуудыг хэн нэгэн элдэв үлгэр зохион гацаагаагүй бол...Хэрвээ...Хэрвээ...Хэрвээ... Монгол Улс энэ өдөр гадаад өрийн дарамтгүй, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давчихсан, иргэдийн амьдралын чанар эрс өөрчлөгдсөн байх байлаа. Ийм олон “Хэрвээ”-н дунд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км замыг найман сарын дотор үндэсний хөрөнгө оруулагчид бүтээн байгуулсанд талархахаас яах вэ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн энэ төмөр зам бол ачааны төмөр зам. Нэг ёсондоо экспортын зам. Замын-Үүд, Гашуунсухайт хоёрын яг дунд байрладаг Хангийн боомт Хятадын Мандал боомттой холбогдчихвол жилдээ 25 сая тонн хүртэлх ачаа барааг нэвтрүүлнэ. 2017 онд зурсан протокол буй ч холбох цэгээ эцэслээд тогтоочихвол дэлхийн зах зээл бидэнд 242 км-ээр ойртож ирнэ. Учир нь, манай улсын нүүрсний гол хэрэглэгч Хятадын төмөрлөгийн үйлдвэр байдаг Бугат хот Мандал боомттой төмөр замаар холбогдсон байдаг. Далайд гарцгүй ч бид, дэлхийн хамгийн том зах зээлтэй хаяа дэрлэн оршдог билээ. Төмөр замаар холбогдсоноор энэ зах зээл бидэнд 242 км-ээр ойртож байгаа хэрэг шүү дээ. Энэ цаг мөчид БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч “Ханги-Мандалын төмөр замын холбох цэг” гэсэн нэгэн хүсэл өвөртлөөд тус улсын дарга Ши Жинпиньтэй уулзах буй за...
“Монголиан транс лайн”-ынхан энэ төмөр замыг концессын гэрээгээр барихдаа дээр хэлсэнчлэн ердөө найман сарыг л зарцуулжээ. Энэ бол 240 өдөр 226.9 км замыг барьсан гэсэн үг. Өдөрт бараг нэг км төмөр зам. Хувийн хэвшлийнхэн ингэж ажиллажээ. Эрх зүйн орчинд нь саад хийхгүй бол хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулж чаддаг гэдгээ энэ төмөр замаар харууллаа. Ерөнхий сайдын хэлсэнчлэн эдийн засаг -4.6 хувиар агшсан, үнийн өсөлт, ханшийн савалгаатай энэ үед ийм богино хугацаанд ийм төмөр замыг бүтээж чадсан гэдэг бол БАХАРХАЛ.
Төмөр замын суурь бүтцэд 600 орчим сая доллар зарцуулсан гэгдэж байгаа Зүүнбаян-Хангийн зам 20 жилийн концессийн гэрээгээр баригдсан. Өөрөөр хэлбэл, 20 жилийн дараа энэ төмөр замыг барьсан “Монголиан транс лайн” компани Зүүнбаян-Хангийн төмөр замыг төрд шилжүүлэн өгнө гэсэн үг ээ.
Хангийн төмөр зам бол хэдийгээр хувийн хэвшлийнхэн барьж байгуулсан ч Монгол Улсын гол төмөр замтай холбогдож байгаа зам. Нээлтээ хийсэнтэй нь зэрэгцээд муулаад байгаачлан мухар төмөр зам ч биш. Магадгүй 1.6 жилийн дараа холбогдох Гашуунсухайтаас өмнө Хятадын төмөр замтай холбогдох төмөр зам. Учир нь, энэ замын холбох цэгийг урьдчилан тохирсон 2017,2019 оны протокол буй бөгөөд Мандалын өртөө ердөө хилийн цаана наймхан км-т байгаа билээ. БНХАУ-ын Бугат-Мандалын төмөр зам нь 2021 онд нээлтээ хийсэн, ер нь л Хангийн төмөр замтай холбогдоход бэлэн зам. Энэ төмөр зам мухар төмөр зам болохгүй гэдгийн баталгаа нь хувийн хэвшлийнхэн өөрсдийнх нь гаргасан 600 сая ам.доллар. Гашуун боловч үнэн зүйл нь төр биш, хувийн хэвшлийнхэн барьсан учир энэ төмөр зам “мухар” байх эрсдэл маш бага. Төрийн мөнгө л уйлдаггүй болохоос биш хувийн хэвшлийнхний төгрөг бүр тооцоолол дунд эргэлтэд ордог.
Харин энэ төмөр замын бүтээн байгуулалтаас асуух ганц л асуулт байгаа. Хангийн төмөр замаар тээвэрлэх өртөг хэд байх вэ? Тавантолгойн буюу төрийн нүүрсийг тонн тутмыг нь хэдэн ам.доллараар тээвэрлэх вэ? Мөнгөтэй нь хөгжмөө захиалдгийн дагуу төмөр замыг эзэмшигч энэ тарифыг тогтоох ёстой. Хангийн төмөр замын эзэмшигч бол эхний 20 жилдээ төр биш, “Монголиан транс лайн”.
Далайд гарцгүй орны хувьд төмөр зам бол стратегийн хамгийн чухал салбар. Манайхтай адил газар зүйн байршилтай улс орнууд төмөр замын суурь бүтцээ төрийн мэдэлд байлгадаг бөгөөд харин дээгүүр нь явах хөдлөх бүрэлдэхүүнийг хувийн хэвшилд өгч болдог. Харин Хангийн төмөр зам энэ зарчмаас үл мэдэг хазайж буй. 20 жилдээ бид Хангийн төмөр замаар хийх тээврээ “Монголиан транс лайн” компанийн тогтоох тарифаар хийх болно. Энэ замаар Тавантолгойн нүүрс хийгээд Болд төмөр Ерөө голын төмрийн хүдрийг зөөвөрлөнө гэж байгаа. Болд төмөр Ерөө голын төмрийн хүдрийн хувьд бол тээврийн зардал 0 гэхэд болно. Учир нь, энэ төмөр замын эзэмшигч нь Болд төмөр Ерөө голын эзэн. Харин Тавантолгойн нүүрсний тариф хэд байх бол? Энэ тарифын үнэ ханшийг хэтэрхий монополиор тогтоохгүй аваас Зүүнбаян-Хангийн төмөр замын бүтээн байгуулалтад алга ташихаас өөр сонголт үгүй. Гэхдээ Монголын төрд атгасан хөзөр бий. Энэ нь концессын гэрээгээр хувийн хэвшлийнхэн эзэмшиж байгаа Хангийн төмөр зам Монголын гол төмөр замаас салаалсан зам гэдэг нь. Үүн дээр л төр хувийн хэвшлийн түншлэл огтлолцож буй. Ийм нөхцөлд Хангиас Мандал хүртэлх Монголын галт тэрэг дохио хангинуулан уухилах цаг тун удахгүй биз ээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ХҮРЭХ ТЭЭВЭР 242 КМ-ЭЭР БОГИНОСЛОО
Төмөр замын түүхэнд шинэ хуудас эргэлээ. Хангийн төмөр зам бол хоёр дахь Замын-Үүд, хоёр дахь Гашуунсухахйт. Боомилогдсон боомтын зангилаа энэ бүтээн байгуулалтаар тайлагдаж эхэллээ. Ингэснээр экспортын орлого анх удаа 2023 онд 11 тэрбум долларыг давах болно. Цар тахлаас улбаалж эдийн засаг -4.6 хувиар агшсан, дайны нөхцөл байдлаас үүдэж үнийн өсөлт үүсэж, ханшийн савалгаа үүссэн хүнд цаг үед “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг дэмжин, төр-хувийн хэьшлийн түншлэлээр төсвөөс санхүүжилтийн дэмжлэггүыгээр, нэмэлт өр үүсгэхгүйгээр энэхүү бүтээн байгуулалалтыг хийж чадсан хувийн хэвшлийнхнээр Монгол Улс бахархаж байна. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбосноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэх боломж бүрдлээ...
(Зүүнбаян-Хангийн төмар замын нээлт дээр хэлсэн үгээс 2022.11.25)
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: ХАНГИЙН ТӨМӨР ЗАМ ЦАГ ХУГАЦААГ ХЭМНЭЖ, ӨРТӨГ ЗАРДЛЫГ БУУРУУЛНА
Хангийн төмөр зам бол экспортын, импортын төмөр зам. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрс, Болд төмөр Ерөө голын төмрийн хүдрийг экспортлохоос гадна импортын бас нэгэн шинэ гарц нээгдэж байна. Хангийн төмөр замыг Мандалын төмөр замтай холбох цэгийг БНХАУ-тай тохирчихвол Бугатын төмөрлөгийн үйлдвэр рүү нүүрсээ, төмрийн хүдрээ тээврийн өртөг багатайгаар хүргэж, Монгол Улсад ирэх ашиг нэмэгдэнэ. Бугатын төмөрлөгийн үйлдвэр бол Хятадын томоохон төмөрлөгийн үйлдвэр. Манай улсын экспортолж байгаа нүүрсний дийлэнх энэ үйлдвэр рүү нийлүүлүүлэгддэг. Хангийн төмөр зам ашиглалтад орсноор цаг хугацаа хожно, өртөг зардал багасна. Түүнээс гадна Зүүнбаян-Хангийн төмөр замаар транзит тээвэр хийх боломж бүрдэж байгаа. Хангийн төмөр зам хилийн шугамын наана 600 метрт өргөн, нарийн хос царигаар оччихсон байгаа. Хятадтай холбох цэгээ тохирох хүртэл энэ хүртэл төмөр замаар нүүрс, төмрийн хүдрээ тэвэрлээд автозамаар хил гаргах боломжтой.
(Зүүнбаян-Хангийн төмөр замын нээлт. 2022.11.25)
УИХ-ЫН ГИШҮҮН, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: ЭКСПОРТЫН ТӨМӨР ЗАМУУД ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ ДҮН АВЧИРНА
Монгол Улсад нэг ч төгрөгийн өр үүсгэхгүйгээр, Засгийн газрын баталгаагүйгээр, нэг ч тонн нүүрс авахгүйгээр хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөөр наймхан сарын дотор барьж байгуулсан төмөр зам өнөөдөр ашиглалтад орж байна. Эдийн засагт ачаалал өгөөд байхгүйгээр бүх эрсдэлээ хувийн хэвшлийнхэн өөрсдөө даагаад санхүүгийн боломжит бүх арга хэрэгслийг ашиглаж барьсан ийм төмөр зам. Энэ бол экспортын төмөр зам. Төмрийн хүдэр нүүрсээ энэ замаар экспортлох боломж нээгдэж байна. Экспортын гарц руугаа төмөр зам барьж байгуулаагүйгээс ямар их боломжийг алдсан гэдгийг өнгөрсөн арав гаруй жилийн түүх бидэнд харуулж байна. Баялгийг борлуулж байж л ард иргэдэд үр өгөөжөө өгдөг. Экспортын ийм төмөр замууд Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгнө. Хангийн төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 120 гаруй аж ахуйн нэгж оролцон эрх зүйн орчноор нь хангаад өгвөл бүтээн байгуулж чаддаг гэдгээ харууллаа.
(2022.11.25 Зүүнбаян-Хангийн төмөр замын нээлт)
ХАНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ 20 ЖИЛИЙН ДАРАА ТӨРД БУЦААН ӨГНӨ
“Монголиан транс лайн” компанийн Ерөнхий захирал Б.Баяржаргал:
Зүүнбаян-Хангийн төмөр замыг барих анхны ТЭЗҮ төмөр замын суурь бүтцэд 400 сая доллар байсан. Энэ өртөг нэлээд нэмэгдсэн. Энэ жил түлшний үнэ, хил гааль гээд цар тахалтай холбоотой олон хүчин зүйл нөлөөллөө. Дээрээс нь богино хугацаанд барихын тулд дандаа бэлэн бүтээгдэхүүн урьдчилсан захиалгагүйгээр авсан учир төсөвт өртөг нэмэгдсэн. Хятадын талтай холбох цэгээ тохироод төмөр замаа холбочихвол хоногт 8-9 галт тэрэг солилцоно гэж одоогоор тооцсон. Нэг галт тэргийг 100 вагонтойгоор тооцож байгаа. Манай энэ зам бол хүнд даацын, гуравдугаар зэрэглэлийн ачааны зам. Хятадын уул уурхайд ашигладаг дохиолол холбооны системээр удирдана. Одоо хоёр өртөөнд, хоёр зөрлөг дээр 27 суман шилжүүлэг, зургаан гүүр, 252 хоолой хийгдсэн. 20 жилийн концессын гэрээгээр компани өөрийн хөрөнгөөр энэ төмөр замыг барьж байгууллаа. 20 жилийн дараа үнэ төлбөргүйгээр төмөр замыг улсад буцаан өгөх ёстой. Хөрөнгө оруулалтаа хэдийи хугацаанд нөхөх нарийн тооцоогоо хийгээд явж байгаа.
(Зүүнбаян-Хангийн төмөр замын нээлт 2022.11.25)
С.Ононтуул
Сэтгэгдэл (5)