Өглөө босоод ажилдаа яаран гүйсээр автобусны буудал дээр ирнэ. Удаан хүлээсний эцэст явах чиглэлийн автобусандаа сууж, олны дунд чихэлдэн явсаар ажилдаа хоцрох минь олонтаа. Үүдээр орсон даруй "Шахаад өг, шахаад өг. Ахиад гуравхан хүн оруулчих. Малаа, гөлөгөө" хэмээн загнах, бор хүрэл царайтай, туранхай ах. Хэчнээн эрт гарсан ч ажилдаа хоцорч очихоо мэддэг болоод удлаа. Бусдын адил машинтай ч биш, түмнийхээ дунд чихэлдэн яваа энгийн хүмүүс. Ардаас орж ирсэн хүн урагшаа яваач гэх нь зандрангуй, урд буй хүн ёолонгуй эргэж харснаа намайг л буруутгах нь хэцүү. Тэдний дунд зогсоо өөртөө "тэвч" гэж хэлэх минь өрөвдмөөр... Хэзээ нэг түгжрэлгүй зам, сэлүүхэн автобусаар түүртэлгүй ажилдаа ирэхийг тааж үл чадна. Амьдрал ердөө л энэ автобус гэдгийг ахин дахин ухаарсаар 25 нас хүрсэн ч энэ амьдралаасаа бууж, салхи татуулан алхахыг үл хүсэх тийм хөгийн амьдралдаа би дэндүү живчихсэн. Уг нь заримдаа гэрийн зүг алхаж хүрэх ч таатай байдаг даа. Дэргэдүүр зөрөх хүмүүс дэлхийнх биш юм шиг ярвагар төрх зүүх, хажууд нь би өөрийгөө амьдралд хайртайг сайн мэднэ.
Өглөөхөн суусан автобусанд нэгэн бүсгүй гар утсаа алдсан байв. Унаанд буй дүүрэн хүмүүсийн зарим нь халаглаж, зарим нь "Лайтай авгай вэ, ажилдаа хоцорлоо шүү дээ" гэх нь сонсогдсон. Би ч дотроо бухимдаж байлаа. Цагдаа дуудсанаас хойш 20 минутын дараа ирж, хүмүүсийг нэг нэгээр нь нэгжин буулгасан юм. Буух гэж яарах хүмүүс хоорондоо маргаж, эгээ л нударга зөрүүлэх нь холгүй. Эцэст нь тэр бүсгүйн гар утас автобусны нэгэн суудал дороос олдов. Үлдсэн хүмүүс хараал, зүхлээ бараад жолоочид хурдан явахыг тушаагаад цааш хөдлөв. Би ч ажил руугаа алхлаа.
Монголын амьдралд модоор нүдүүлэн барин амьд явах цаг хэзээ дуусах вэ. Цаг хугацаа өнгөрөх тусам стресс нэмж буй энэ газраас үтэр тонилж, аав ээжийнхээ дэргэд адуу хариулж амьдармаар байна. Дэлхий заримдаа там шиг санагддаг. Хэн нэгэн андуураад нэрлэчихсэн байж магадгүй...
Л.Сайнаа