Өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн хөнгөн жин болох эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн тэмцээнээр эхэлсэн. Тэмцээн болж буй энэ цаг мөчид “Рио-2016” олимпын хүрэл медальт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, жүдоч Г.Отгонцэцэгтэй хэсэг хором ярилцлаа. Тэрбээр өнөөдөр тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй “Залуучуудын манлайлал” чуулганд оролцож буй юм. Мөн энэхүү арга хэмжээний үеэр боче тоглолоо.
-Тусгай олимпын хорооноос зохион байгуулж буй энэ арга хэмжээнд олон хүүхдүүд цуглажээ. Та энэхүү үйл ажиллагаанд оролцож буй сэтгэгдлээ хувцаалцахгүй юу?
-Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа тусгай олимпын хороонд маш их талархаж байна. Би жүдо бөхийн сургалтын клуб нээгээд, хүүхдүүдэд хичээл заагаад явж байна. Энэ хугацаанд манай клуб дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж хичээллэж байгаа. Эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмээс тусгаарладаг. Тиймээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй байж, спортын үйл ажиллагаанд оролцоосой, спортын клубүүдэд хамрагдаасай гэдгийг уриалах зорилгоор энэхүү үйл ажиллагаанд оролцож байна. Хүүхдүүд маань клуб, үйл ажиллагаанд оролцоод явбал илүү хурдан хөгжих, би ч гэсэн бусадтай адил шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх болов уу гэж бодож байна.
-Сая таны боче тоглохыг харлаа. Өмнө нь тоглож байв уу?
-Анх удаа тоглож үзлээ. Энэхүү үйл ажиллагааны урилгыг өгөхдөө манай хүүхдүүдтэй хамт боче тоглооч хэмээн хүсэлт тавьсан. Ингээд юүтүбээс боче тоглож байгаа бичлэг үзсэн юм. Бичлэгт шидэж тоглоод байсан. Харин энд арай өөрөөр өнхрүүлж тоглодог юм байна. Сонирхолтой байлаа.
-Та бид хоёрыг ярилцаж буй энэ мөчид жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. ДАШТ-ийг үзэгчийн суудлаас үзэх ямар санагдаж байна вэ?
-Тийм ээ. Энэ жил анх удаа үзэгчийн зүгээс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байна. Монголын баг тамирчдаа олон олон аваргатай болоод ирээсэй хэмээн маш их хүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт Жүдо бөхийн холбооноос багш нарт сургалт семинар явуулсан. Тэр үеэр жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байгаа тамирчидтайгаа бэлтгэл сургуулилт хийсэн. Тамирчид маань маш өндөр түвшний бэлтгэл хийсэн. Тиймээс бүх тамирчид маань амжилттай сайн оролцоно гэдэгт итгэлтэй байна.
-Хамт бэлтгэл хийсэн гэлээ. Шигшээ багийнхны бэлтгэл хэр сайн байна вэ?
-Тамирчдаа ажиглахад бэлтгэл өндөр түвшинд хангагдсан гэж харж байна. Медалийн тоог ахиулах байх гэж бодож байна.
-Клубээ нээсэнд халуунбаяр хүргэе. Олон шавьтай болж байна уу? Клубынхаа сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Одоогоор клубт маань 100 гаруй хүүхэд хичээллэж байна. Манай клуб хоёрдугаар сард үүд хаалгаа нээсэн. Одоо долоо дахь сардаа үйл ажиллагаагаа явуулж байна. 14 хоногийн өмнө манай клуб бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны тэмцээндээ оролцлоо. Эрдэнэтэд болсон Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээнд маш амжилттай оролцоод ирлээ. Бид хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн.
Цаашид энэхүү үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлээд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан анги нээхээр төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ирээд, аав ээж нь надтай ярилцаад дасгал хөдөлгөөнийг нь хийлгээд явах ийм үйл ажиллагаа нээхээр ажиллаж байна.
-Жүдо бөхөөр хичээллэхэд маш олон эерэг үр дагавартай шүү дээ. Давуу талыг нь дурдахгүй юу?
Тийм ээ. Маш олон дуу талтай. Хувь хүний хөгжлөөс эхлээд маш олон давуу талыг хүүхэд эзэмшдэг. Сүүлийн үед хүүхдүүд дэлгэцийн хамааралтай болсон. Тиймээс спорт, хөдөлгөөн маш чухал. Спортоор хичээллэснээр таргалалтаас сэргийлэх, цаг заваа зөв боловсон өнгөрөөх, бие бялдрын зөв хөгжил зэрэг олон давуу талтай.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа, та бүхэнд.
Д.Батчулуун