Пауэрлифтингийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк Улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнээний суултын ангилалд анх удаа Монгол эмэгтэй медаль хүртсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Бид 63 кг жинд хүрэл медаль хүртсэн анхны Монгол эмэгтэй болох Б.Батхишигтэй ярилцлаа. Тэрбээр тэмцээндээ оролцохоор Турк Улсыг зорьсон бөгөөд хараахан эх орондоо ирээгүй байгаа юм.
-Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн танд халуун баяр хүргэе. Энэ медаль ДАШТ-ээс авсан тань анхны медаль уу?
-Тийм ээ. Би пауэрлифтингийн спортоор хичээллээд дөнгөж таван сар болж байна. Өнгөрсөн гуравдугаар сард улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо хүрэл медаль хүртэж, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Пауэрлифтингээр хичээллэж эхэлснээс хойш анхны том тэмцээн энэ байлаа. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас 10 тамирчин оролцож байгаа бөгөөд надаас мундаг амжилтыг үзүүлсээр байна.
-Та хэдэн настайдаа спортод хөл тавьсан бэ?
-Ээж, аавын талд спортоор амжилт үзүүлсэн олон мундаг хүн бий. Би жүдо бөхийн спортод анх хөл тавьсан, хэдийнэ 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.
-Спортын төрлөө өөрчлөхөд ямар ялгаа гарсан бэ?
-Пауэрлифтинг руу орохоос өмнө нь жүдо бөхөөр хичээллэж байсан болохоор надад дөхөм байлаа. Жүдо бөхийн бэлтгэл сургуулилт бол хүчний бэлтгэл зайлшгүй ордог, дөхөм байдаг. Ах маань анх Энхболд багшид хөтөлж шавь оруулахад багш маань суурь сайтай охин байна гэж хэлээд дэргэдээ авсан. Сая хэлсэн дээ, гуравдугаар сард болсон тэмцээнээс анхны медалиа аваад их урам авлаа. Дахин тэмцээнд орох хүч өгдөг юм билээ.
-Жүдогоо орхиход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээн авсан бэ?
-Надад пауэрлифтингийн спорт их таалагдсан. Тэглээ ч өөрийгөө өөр зүйлд сорьж үзмээр санагдсан болохоор гэрийнхэ маань хориглоогүй. Гол нь эрсдэлтэй байж магадгүй гэж зөвлөсөн. Гэр бүлийнхэн маань намайг цаг ямагт дэмждэг.
- Увс аймгийн шинэхэн арслан Б.Нямсамбуу та хоёрыг хамаатан гэж дууллаа. Тэр үнэн үү?
-Тийм ээ. Ах бид хоёр хүчний бэлтгэлээ нэг дор хийдэг. Түүнээс гадна манай аав, ээжийн талд улс, аймгийн цолтой бөх олон бий.
-ДАШТ-д орохдоо сэтгэлзүйн хэрхэн хангаж оролцсон бэ?
-Мэдээж бусад тамирчны адил тэмцээндээ түрүүлнэ гэж сэтгэлзүй болон биеэ өндөр хэмжээнп бэлтгэж ирсэн. Гэвч тэмцээнд ирэхийн өмнө ар гэрт маань багахан асуудал гарсан нь сэтгэл зүйд нөлөө үзүүлсэн тал бий. Гэхдээ энэ зүйл надад их туршлага боллоо. Ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ сайн оролцож тэргүүн байр авахын төлөө хичээнэ ээ.
-Энэ удаагийн тэмцээнд 157 кг-ын жинг өргөсөн. Бэлтгэл дээрээ хамгийн ихдээ хэдэн кг-ыг өргөж байв?
-Бэлтгэл дээр ихдээ 200 кг-ыг өргөж байсан. Их зөрүүтэй байгаа биз.
-Таны дараагийн тэмцээн хаана товлогдсон бэ?
-Удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдана. Энэ тэмцээнд амжилттай оролцохын төлөө бүх хүчээ дайчилна аа. Энэ тэмцээн маань дуусахад дараагийн тэмцээн хүлээж байна. Тийм учраас энд бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж байна.
-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье
Т.Мөнхжаргал