БАРИМТ 1
Бүгд Найрамдах Гвиней-Бисау улс нь 36,125 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай ба Африк тивийн баруун захад байрладаг. Газар нутгийн нийт хэмжээгээрээ дэлхийд 134-ээр байранд жагсдаг тус улс хойд хэсгээрээ Сенегал улстай, зүүн урд талаараа Гвиней улстай хиллэдэг.
БАРИМТ 2
Гвиней-Бисау улсын хүн амын нийт тоо 2018 оны байдлаар 1.7 сая байсан бөгөөд тэдний 30 хувийг Баланта, 30 хувийг Фула, 14 хувийг Манжак, 13 хувийг Мандинка үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт гвиней-бисаучуудын 46 хувь нь исламын шашныг, 30.6 хувь нь нутгийн ардын шашныг, 19 хувь нь христийн шашныг шүтдэг.
БАРИМТ 3
Гвиней-Бисау улсын албан ёсны хэл нь португал хэл бол нийслэл хотыг нь Бисау гэдэг. Тус улс Гвинейн буланд байрладаг тул Гвиней гэх нэрийг авсан. Гэвч тэдний хөрш орнуудын нэг Гвиней гэх нэртэй байсан тул тус улс ялгагдахын тулд нэрнийхээ ард нийслэл хотынхоо нэрийг залгаж Гвиней-Бисау гэх нэртэй болсон.
БАРИМТ 4
Гвиней гэх нэрийн гарал үүслийн тухай албан ёсны тайлбар байдаггүй. Зарим хүмүүс уг үг нь бербер хэлнээс “Хар арьст хүмүүсийн нутаг” хэмээн орчуулагддаг гэ үздэг бол өөр бүлэг хүмүүс Мали улсын Женне гэх худалдааны хотыг илэрхийлдэг гэж үздэг. Мөн Гвиней гэх үгээр португалчууд одоогийн Сенегал улсыг, Европ тив тэр аяараа Африк тивийн баруун хэсгийг тодорхойлдог байсан гэх таамгууд байдаг.
БАРИМТ 5
Одоогийн Гвиней-Бисау улсын газар нутаг нэгэн цагт Каабугийн хаант улс болон Малигийн эзэнт гүрний нэг хэсэг байсан. Гэвч 16-аар зуунаас хойш португалчууд тус улсын газар нутгийг бага багаар эзлэн авч эхэлсэн. Улмаар тус улс 19-ээр зуунд албан ёсоор Португал улсын колони болсон.
БАРИМТ 6
Тухайн үед Португал, Испани болон Франц улсууд нэгэн зэрэг Гвиней гэх орнуудыг колоничилж байсан. Улмаар уг улсууд тусгаар тогтносныхоо дараа Португалийн Гвиней одоогийн Гвиней-Бисау, Испанийн Гвиней өнөөдрийн Экваторын Гвиней, Францын Гвиней өнөөгийн Гвиней улс болон хувирсан.
БАРИМТ 7
Гвиней-Бисау улс одоогийн Кабо Верде улсын хамт Португалийн колони байсан бөгөөд Африк тивийн захад оршдог уг улсууд боолын наймааны хамгийн гол цэг болдог байсан. Гвиней-Бисау улс 1973 онд Португал улсаас салж тусгаар тогтнолоо зарласан ба энэ нь 1974 онд олон улсын тавцанд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.
БАРИМТ 8
Гвиней-Бисау улсын төрийн далбаа ногоон, шар, улаан гэх үндсэн гурван өнгөнөөс гадна хар өнгийн одноос бүрддэг. Шар өнгө нь тус улсын хойд хэсэг дэх саванна буюу Африк тивийн онгон дагшин газар нутгийг, ногоон өнгө нь урд хэсэг дэх ой моддыг, улаан өнгө нь тусгаар тогтнолоо олж авахын тулд туулсан хүнд хэцүү цаг үеийг, хар өнгийн од нь Африк хүмүүсийг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 9
Тусгаар тогтносон цагаасаа хойш Гвиней-Бисау улсад 1980, 2003, 2010, 2012 онуудад төрийн эргэлт тохиолдсон. Мөн 1998-1999 оны хооронд Гвиней-Бисаугийн иргэний дайн өрнөсөн ба 2009 онд ерөнхийлөгч Жоао Бернардо Виейра бусдын гарт амь насаа алдсан.
БАРИМТ 10
Олон жилийн турш улс төрийн тогтворгүй байдалтай нүүр тулсаар ирсэн Гвиней-Бисау улсын түүхэнд Хосе Марио Ваз гэх цор ганц эрхэм ерөнхийлөгчийн албыг таван жилийн турш амжилттай хашсан. Түүнээс өмнөх ерөнхийлөгчид бүгд хугацаанаасаа өмнө огцорч аль эсвэл амиа алдацгаадаг байсан.
БАРИМТ 11
Тэрбээр 2014-2019 оны хооронд Гвиней-Бисау улсын ерөнхийлөгчийн хувиар ажилласан бол тус улсын одоогийн ерөнхийлөгчийг Умаро Сиссоко Эмбало гэдэг. Португал хэл уг улсын албан ёсны хэл боловч нийт гвиней-бисаучуудын дөнгөж 35 гаруй хувь нь уг хэлээр ярих чадвартай. Ихэнх гвиней-бисаучууд креол хэлээр хоорондоо харилцдаг.
БАРИМТ 12
Гвиней-Бисау улс бол дэлхийн хамгийн буурай хөгжилтэй, ядуу орнуудын нэг. 2021 оны байдлаар тус улс дэлхийн 14 дэх хамгийн бага хөгжилтэй орноор нэрлэгдэж байсан. Мөн тус улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 175-аар байранд жагсдаг. Энэ нь маш муу үзүүлэлт.
БАРИМТ 13
Сүүлийн 20 гаруй жилийн турш Гвиней-Бисау улс Латин Америк, Хойд Америк болон Европын орнуудаас хууль бусаар тээвэрлэгдэн орж ирдэг хар тамхины урсгалыг зогсоохоор тэмцэж байна. Хөгжил муутай орон тул Гвиней-Бисау улсад хар тамхи зарж борлуулах нэлээд хялбар.
БАРИМТ 14
Гвиней-Бисау улсын иргэдийн дундаж наслалт бол 58 жил. Энэ үзүүлэлт тэднийг дэлхийн хамгийн богино насалдаг ард түмэн болгож байгаа бөгөөд дэлхийн дундаж наслалт 73 жил байдаг. Мөн Гвиней-Бисау улс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг бөгөөд тус улсад 100,000 хүн тутмын 162 нь агаарын бохирдлоос болж нас бардаг.
БАРИМТ 15
Гвиней-Бисаучууд бол дэлхий дээрх хамгийн бага тамхи татдаг хоёр дахь ард түмэн. Гвиней-Бисау хүн жилд дунджаар 26 ширхэг тамхи татдаг. Тус улс дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг ч газаргүй дэлхийн 27 орны нэг. Гэхдээ тус улсын 88 арлаас бүрдэх Бижагосын археологийн төв ирээдүйд ЮНЕСКО-д бүртгэгдэх магадлалтай.
БАРИМТ 16
Бижагосын археологийн газрын нэг хэсэг болох Оранж арал дээрээс та нэгэн хоор үзэгдлийг харах боломжтой. Энэ нь давстай буюу шорвог усанд амьдрах чадвартай усны үхэр юм. Усны үхэр гэх амьтан ихэнх тохиолдолд цэнгэг усанд амьдардаг боловч Оранж арлын усны үхэрнүүд арьсаа ариутгахын тулд шөнийн турш шорвог усанд байдаг.
БАРИМТ 17
Мөн Гвиней-Бисау улсын Поло гэх арал бол ногоон яст мэлхийн хамгийн олноороо өндөглөдөг гурав дахь газар. Уг арлын эрэг дээр жил бүрийн зургадугаар сараас нэгдүгээр сар хүртэл 30,000 яст мэлхий өндөглөн, тэднийгээ дарцгаадаг. Өндөгнүүд хагарч, үр төл нь өсөж томормогц яст мэлхийнүүд арлыг орхидог ба зургаан сарын дараа дахин ирцгээдэг.
БАРИМТ 18
2020 онд Гвиней-Бисау улсад хоёр ерөнхийлөгч, хоёр ерөнхий сайд албан ёсоор ажиллаж байсан. Маргаан дагуулсан сонгуулийн дараа төр баригч намынхан ялалт байгуулсан ерөнхийлөгчөөс гадна өөрийн намын нэр дэвшигчийг нэгэн зэрэг ерөнхийлөгчөөр томилсон. Манай улсын Ардчилсан намын нөхцөл байдалтай нэлээд төстэй.
БАРИМТ 19
Гвиней-Бисау болон Кабо Верде улсууд 1980 он хүртэл нэг улсын хувиар оршин тогтнодог байсан. Гэвч 1980 оны төрийн эргэлтээс болж хоёр улсууд салан, тус тусынхаа замаар явцгаасан. Гвиней-Бисау бол Африк тивийн эх газар дээрх зургаа дахь жижиг газар нутагтай орон.
БАРИМТ 20
Гвиней-Бисау улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Гвиней-Бисаугийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг дэлхийн чансааны 115-аар байранд эрэмбэлэгддэг ба 2017, 2019, 2021 онуудад Африкийн цомд оролцож байсан. Гвиней-Бисау улсын тамирчид Европын томоохон багуудад хүчин зүтгэдэггүй ч тэдний хэд хэд нь Португалийн лигийн багуудад харьяалагддаг.
БАРИМТ 21
Гвиней-Бисау улсын баг тамирчид 1996 оноос зуны олимпд оролцож эхэлсэн. Гвиней-Бисау улсыг төлөөлөн олимпд оролцдог тамирчид ихэвчлэн чөлөөт бөхийн төрөлд хүч сорьцгоодог боловч өнөөдрийг хүртэл нэг ч олимпын медаль хүртэж байгаагүй. Мөн Гвиней-Бисау улсын тамирчид өвлийн олимпд оролцож үзээгүй.
БАРИМТ 22
Гвиней-Бисау улсын мэдэлд Атлантын далайн 90 гаруй арал харьяалагддаг ба хүн амьдардаг бүх арлыг эмэгтэй хүмүүс удирддаг. Тухайн арлынхаа хууль, эдийн засаг, шашин болон гэрлэлтийг эмэгтэйчүүд толгой мэдэн шийдэцгээдэг. Мөн эмэгтэйчүүд гэр бүлийнхээ ихэнх хөрөнгийг өөрийн нэр дээрээ эзэмшицгээдэг.
БАРИМТ 23
Гвиней-Бисау улсын эдийн засаг голчлон хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбар дээр тогтдог. Тус улс кешью гэх самрын экспортлолтоороо дэлхийн шилдэг таван орны нэгээр нэрлэгддэг. Мөн та Гвиней-Бисау улсаар дөрөвдүгээр сард зочилбол модноосоо унасан манго жимсийг хаа сайгүй харах болно.
БАРИМТ 24
Гвиней-Бисау улсад 7-13 насны хүүхдүүд заавал сургуульд сурч боловссрол эзэмших үүрэгтэй. 15-аас дээш насны насанд хүрсэн гвиней-бисаучуудын 53 хувь нь л бичиг үсэг тайлагдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд уг үзүүлэлт, гвиней-бисаучуудын Португал улсын их дээд сургуулиудад элсэн орч буй хувийн хамт бага багаар өссөөр байгаа.