БАРИМТ 1
Бүгд Найрамдах Тажикстан улс нь 143,100 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Төв Азид байрладаг далайд гарцгүй орон. Тус улс нь урд талаараа Афганистан улстай, баруун хэсгээрээ Узбекистан улстай, зүүн талаараа Хятад улстай, хойд хэсгээрээ Киргизстан улстай тус тус хиллэдэг.
БАРИМТ 2
Тажикстан улсын нийт хүн ам нь 9.5 сая бөгөөд тэдний 85 гаруй хувийг нь тажик үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт тажикчуудын 98 хувь нь исламын шашинтай. Тажикстан улс тэр чигээрээ исламын шашныг шүтдэг гэхэд болно. Мөн уг улсын нийслэл хотыг Душанбе гэдэг.
БАРИМТ 3
Одоогийн Тажикстан улсын газар нутаг дээр хүрэл зэвсгийн үеэс эхлэн олон өөр өөр соёл, ёс заншил, өв уламжлалтай овог аймгууд оршин тогтносоор ирсэн. Тус газар нутгийг захирч явсан гүрнүүдээс дурдвал Ахеменидийн эзэнт гүрэн, Ираны (Сасани) эзэнт гүрэн, Саманидын эзэнт гүрэн, Их Монгол улс гэх мэтээр үргэлжилнэ.
БАРИМТ 4
Хамгийн сүүлд тажикчуудыг Оросын эзэнт гүрэн өөрсдийн мэдэлдээ оруулж захирсан. Улмаар тажикчууд Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг болохоос өөр аргагүйд хүрч 1929 онд Тажикстаны Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах улс болохоосоо өмнө Узбекистаны нэг хэсгийн хувиар хэсэг зуур оршин тогтносон.
БАРИМТ 5
Зөвлөлт Холбоот улсын задралын үеэр 1991 оны есдүгээр сарын 9-нд тажикчууд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд уг үл явдлыг яг араас нь тус улсад иргэний дайн өрнөж эхэлсэн. Энэхүү дайн нь 1991-1997 оны хооронд үргэлжилсэн. Дайны дараа Тажикстан улсын улс төрийн тогтвортой байдал болон гадаадын тусламжууд тус улсын эдийн засгийг өсөхөд нь хамгийн ихээр тус хүргэсэн.
БАРИМТ 6
Тажикстан улс 1992 оны гуравдугаар сарын 2-нд НҮБ-д албан ёсоор элсэн орсон ба 1994 оны арван нэгдүгээр сарын 6-нд одоогийн үндсэн хуулиа баталсан. Тажикстан улсын албан ёсны хэлнүүд бол тажик болон орос хэл. Тажик хэлийг бидний мэдэх перс хэлний нэгэн урсгал гэж үздэг. Ийм учраас Тажикстан улс нь перс хэлийг өнөөдрийг хүртэл албан ёсоор ашигладаг дэлхий дээрх гуравхан улсын нэг юм.
БАРИМТ 7
Тажикстан улс одоогийн байдлаар дарангуйллын дэглэмт ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч Эмомали Рахмон тус улсыг 1994 оноос хойш тасралтгүй удирдсаар байгаа бөгөөд Тажикстан улсад өндөр хувийн авилга, эрүүдэн шүүлт, хүмүүсийг үндэслэлгүйгээр шоронд хорих, улс төрийн хэлмэгдүүлэлт, хүссэн шашнаа шүтэх эрх чөлөөгүй байх гэх мэт хүний эрхийг зөрчсөн гэмт хэргүүд түгээмэл тохиолддог.
БАРИМТ 8
Тажикстан улс үндсэн дөрвөн аймагт хуваагддаг. Тус улс нь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 125-аар байранд, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээгээр 147-аар байранд жагсдаг хөгжиж буй орон. Уг улсын эдийн засаг нь ихэвчлэн хөнгөн цагаан, мөнгө гуйвуулга болон хөвөнгийн үйлдвэрлэл дээр тогтдог.
БАРИМТ 9
Тажикстан гэх нэрийг перс хэлнээс шууд орчуулбал “Тажикчуудын газар нутаг” гэсэн утгатай. Тус улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн хамгийн оройдоо манай эриний өмнөх дөрөв дэх мянганаас суурьшиж эхэлсэн. ЮНЕСКО-д бүртгэлтэй Саразмын археологийн дурсгалт газарт тус цаг үеийн хүмүүсийн суурингуудын үлдэгдлүүд байдаг. Энэ нь хүн төрөлхтөнтэй холбоотой Төв Ази дахь хамгийн эртний олдворуудын нэг юм.
БАРИМТ 10
Өмнө нь дурдсанчлан Чингис хаанаар удирдуулсан Их Монгол улс Тажикстан улсын газар нутаг дээр амьдарч байсан овог аймгуудыг эзлэн авсан. Мөн Тажикстан улсад таван жилийн турш өрнөсөн иргэний дайнаас болж хамгийн багадаа 20,000 хүн амь насаа алдсан. Мөн Тажикстан улс алдарт Торгоны замын хамгийн гол зүрхэн цэг нь байсан.
БАРИМТ 11
Тажикстан улсын газар нутаг уулархаг бүс нутагт харьяалагддаг ба 90 гаруй хувийг нь уул нурууд бүрдүүлдэг. Тажикийн үндэсний парк болох Памир зангилааны төв хэсэгт оршдог өндөр уулсыг ЮНЕСКО дэлхийн үнэт өвөөр бүртгэн авсан. Уг уулс нь Евразийн хамгийн өндөрлөг нуруудын нэг хэсэг юм. Уг байгалийн үзэсгэлэнт бүс газарт 1,085 мөсөн гол, 170 гол, 400 нуур бүртгэгдсэн.
БАРИМТ 12
Тажикстан улсад дэлхийн хоёр дахь том далан байдаг. Нурек гэх уг далан нь 70 километр урт Вахш голын дээгүүр баригдсан. Мөн өнөөдрийн байдлаар Тажикстан улс дэлхийн хамгийн том даланг 2028 он гэхэд барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. 335 метрийн өндөртэй байх Рогун далан нь БНХАУ дахь 205 метрийн өндөртэй дэлхийн хамгийн том далангаас 30 метрээр өндөр байх юм.
БАРИМТ 13
Тус улсад дэлхийн хоёр дахь хамгийн өндөрлөг цэг дээр байрладаг хурдны зам бий. M41 гэж нэрлэгддэг Памир Памир хурдны зам нь алслагдсан бүс нутгуудыг холбож өгдгөөрөө алдартай. Уг замын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 4,655 метрийн өндөрт байдаг. Энэ нь манай орны хамгийн өндөрлөг цэг болох Алтай Таван Богдын Хүйтний Оргилоос хамаагүй өндөрт гэсэн үг.
БАРИМТ 14
Дэлхийн түүхэнд бичигдэн үлдсэн хамгийн аюултай газар хөдлөлтүүдийн нэг Тажикстан улсад 1907 онд тохиолдсон. Уг газар хөдлөлт Тажикстан болон Узбекистан улсуудын газар нутгийг хамарсан бөгөөд үүнээс болж 12,000 гаруй хүн амиа алдсан. Тажикстан улсын эрчим хүчний ихэнх хэсгийг усан цахилгаан станцууд үйлдвэрлэдэг.
БАРИМТ 15
Тажикстан улсын нийслэл Душанбе хотын нэрийг перс хэлнээс орчуулбал “Нэг дэх өдөр” буюу “Даваа гараг” гэсэн утгатай. Учир нь уг хотын суурийг даваа гарагт тавьсан. Душанбе хотод байдаг 165 метрийн өндөртэй далбааны иш өндрөөрөө дэлхийд хоёрдугаар байранд ордог. Тус улсын талаас илүү хэсэг нь далайн түвшнээс дээш 3,000 метрт оршдог ба хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 7,496 метрт оршдог Исмоил Сомони оргил.
БАРИМТ 16
Жил бүр олон сая ам.долларын үнэтэй хар тамхи Тажикстан улсын хилээр дамжин өнгөрдөг. Учир нь Тажикстан улс 1,300 километрийн урттай хилийг Афганистан улсын хойд хэсэгтэй хуваалцдаг ба тэнд л дэлхий дээрх нийт нийт хар тамхины 90 гаруй хувь боловсрогддог. Улсынхаа дундаж өндөрлөгийн хэмжээгээр Тажикстан улс дэлхийд гуравдугаар байранд ордог.
БАРИМТ 17
Хэрэв та Тажикстан улсаар аялбал өөрийн бичиг баримт, бэлэн мөнгө гэх мэт үнэт зүйлсээ үргэлж аюулгүй газар нууж авч явах эсвэл үлдээхийг зөвлөж байна. Гэхдээ та гадаад үнэмлэхийнхээ хуулбарыг өөрөөсөө салгаж болохгүй. Учир нь цагдаагийн албан хаагчид бараг л жуулчидтай таарах болгондоо тэдний үнэмлэхийг шалгаж эх оронд нь хууль бусаар нэвтэрсэн эсэхийг нягтлан хардаг.
БАРИМТ 18
Тажикстан улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тажикстаны хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1992 оны зургадугаар сарын 17-нд анхныхаа албан ёсны олон улсын тоглолтыг Узбекистаны шигшээ багийн эсрэг хийж 2:2 харьцаатайгаар тэнцэж байсан. Одоогийн байдлаар дэлхийн чансааны 114-ээр байранд эрэмбэтэй тэд тив дэлхийн хэмжээнд онцлох томоохон амжилт хараахан гаргаж байгаагүй.
БАРИМТ 19
Хөлбөмбөгөөс гадна Тажикстан улсад гуштигири (уламжлалт бөхийн барилдаан), бузкаши (морин дээр тоглодог поло мэтийн спорт) гэх мэт уламжлалт спортууд нь нэлээд нэр хүндтэй. Бузкашиг ганцаарчилсан болон багийн төрлөөр тоглох боломжтой ба тажикчууд ихэвчлэн Наурызын баяраар уг спорт/тоглоомыг тоглодог.
БАРИМТ 20
Өнөөдрийн байдлаар Тажикстаны баг тамирчид олимпын наадмаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиудыг хүртээд байгаа. Тажикстан улс жуулчдад аюултай орнуудын эгнээнд бичигддэг. Ялангуяа нийслэл Душанбе хотод үе үе амиа золиослох болон алан хядах үйл ажиллагаа тохиолддог ба оройн цагаар аюултай хот болон хувирдаг.
БАРИМТ 21
Тажикстан улсын төрийн далбаа нь улаан, цагаан, ногоон өнгийн хэвтээ зурааснууд болон алтан шаргал өнгийн титэмний дүрснээс бүрддэг. Улаан өнгө нь Тажикстан улсын ялалт, эв нэгдэл, Зөвлөлт Холбоот улсын эрин үе, ажилчин анги болон эх орныхоо төлөө амиа өгсөн дайчдыг, цагаан өнгө нь хөвөнгийн үйлдвэрлэлийг, долоон од болон титмийн дүрс нь өөр өөр нийгмийн бүлэгт харьяалагдах тажикчуудыг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 22
Тажикчууд ядуу буурай амьдралтай боловч хуучны Зөвлөлт Холбоот улсын ард иргэддээ үнэгүй боловсрол эзэмшүүлэх бодлогын ачаар 15-аас дээш насны тажикчуудын бичиг үсэг тайлагдсан байдал нь 99.8 хувь. Гэхдээ ихэнх тажикчууд бага болон дунд боловсрол эзэмшсэнийхээ дараа хөдөлмөр эрхлэхээр сургуулиасаа гардаг.
БАРИМТ 23
Тажикстан улс манай орны адил хавар, зун, намар, өвөл гэх дөрвөн улиралтай. Гэхдээ өвлийн улиралд дундаж температур нь Цельсийн дөнгөж 0 градус байдаг. Тус улсын хилийн бүс болон хэд хэдэн тодорхой бүс нутгуудад салгагдаагүй тэсрэх бөмбөгнүүд өнөөдрийг хүртэл байдаг. Гэхдээ тэсрэх бөмбөг байх магадлалтай газрууд руу хүн нэвтрэх хориотой тул одоогийн байдлаар тажикчууд аюулгүй гэсэн үг.
БАРИМТ 24
Исламын шашнаас болж тажикчууд гахайн мах идэх боломжгүй. Мөн уг шашнаас болж тажикчууд согтууруулах ундаа хэрэглэх ёсгүй боловч тэд уг дүрмийг тэр бүр дагаж мөрдөөд байдаггүй. Мөн бусад исламын шашинтай орнуудтай харьцуулахад тажик эмэгтэйчүүд хамаагүй эрх чөлөөтэй.