БАРИМТ 1
Бүгд Найрамдах Ливан улс нь 10,456 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 161-ээр байранд) Ази тивийн баруун захад Израиль болон Сири улсуудын голд оршдог. Мөн улсынхаа баруун талаар Газар дундын тэнгист гарцтай ба Кипр улстай далайн хилээрээ хиллэдэг.
БАРИМТ 2
Ливан улсын нийт хүн ам нь 6.85 сая бөгөөд 95 хувь нь араб, 4 хувь нь армен үндэстнүүд байдаг. Харин шашны хувьд ливанчуудын 57 хувь нь исламыг шашныг 40 гаруй хувь нь христийн шашныг тус тус шүтдэг. Тэд шашин дотроо олон ялгаатай урсгалуудыг шүтдэг тул Ливан улс шашны хувьд маш өргөн соёлтой орноор нэрлэгддэг.
БАРИМТ 3
Ливан улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн амьдарч байсан гэх хамгийн эртний нотлох баримтууд одоогоос 7,000 жилийн өмнөх цагт харьяалагддаг. Манай эриний өмнөх 64-ээр онд Ромын эзэнт гүрэн тус бүс нутгийг эзлэн авснаар христийн шашин ихэд тархсан. Гэвч исламын шашинтай эртний арабууд Ливан улсын газар нутгийг эзлэн авч шинэ шашныг дэлгэрүүлсэн.
БАРИМТ 4
Ливан улсын газар нутгийг 16-аар зуунд Османы эзэнт гүрэн өөрсдийн эрхшээлдээ оруулж 400 жилийн турш удирдсан. Улмаар дэлхийн нэгдүгээр дайны дараа Османы эзэнт гүрэн нуран унахад ливанчууд сиричүүдийн хамт Франц улсын харьяа дор оршин тогтнох болсон. Тэд 1920 онд Их Ливан улсыг байгуулсан бөгөөд 1926 онд үндсэн хуулиа баталсан.
БАРИМТ 5
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацист германууд Франц улс руу халдаж байх үед францчуудын Ливан улсыг удирдах хүч чадал эрс багассан. Улмаар тэд 1943 оны арван нэгдүгээр сарын 22-нд тусгаар тогтнолоо зарлаж Франц улсын Ливан улс дахь эрх мэдэл 1945 онд дууссан.
БАРИМТ 6
Улмаар Франц улс 1946 онд зэвсэгт хүчнээ Ливан улсын газар нутгаас татан авсан. Ливан улсад 1975-1990 ны хооронд янз бүрийн улс төрийн болон шашны бүлэглэлүүдийн дунд иргэний дайн өрнөсөн. Энэхүү дайн нь шашны үр нөлөө улс төрд хэт хүчтэй байснаас болж христийн болон исламын шашинтай хүмүүсийн дунд үүссэн гэж олон улс судлаачид үздэг.
БАРИМТ 7
Иргэний дайн дууссан хэдий ч гадаадын цэргүүд Ливан улсад үйл ажиллагаа явуулсаар байв. Тэдний хөрш зэргэлдээх Сири улсын зэвсэгт хүчин 1976-2005 он хүртэл, нөгөө хөрш болох Израиль улсын зэвсэгт хүчин 1985-2000 он хүртэл Ливан улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Дайны дараа Ливан улс үндэсний дэд бүтэц болон эдийн засгаа сэргээхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан.
БАРИМТ 8
Ливан улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 92-аар байранд жагсдаг эдийн засгийн дунджаас дээш орлоготой хөгжиж буй орон. Тус улс нь Персийн булангийн газрын тосны арвин их баялагтай орнуудаас гадна хамгийн өндөр хөгжилтэй Араб лигийн улсуудын нэг юм.
БАРИМТ 9
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр Ливан улсад авилга, улс төрийн тогтворгүй байдал, мөнгөн тэмдэгтийн үнийн уналт, хөрвөх чадварын уналт, өргөн хүрээний барааны хомстол, ядуурал болон ажилгүйдлийн өндөр хувь гэх зэрэг сөрөг үзүүлэлтүүд их бий. Тус улсын нийслэлийг Бейрут гэдэг ба 2.4 сая хүн амтай.
БАРИМТ 10
Ливан улсын албан ёсны хэлнүүд нь араб болон франц. Ливанчууд ихэвчлэн араб хэлийг ливан аялгаар ярьдаг. Ийм учраас бусад орны араб хэлтэй хүмүүс тэдэнтэй тийм ч хялбар ойлголцохгүй. Ливан улс нэгдмэл конфессионал парламентын засаглалтай бөгөөд одоогийн ерөнхийлөгчийг нь Мишель Аун гэдэг.
БАРИМТ 11
Иргэний дайн дэгдэхээс өмнө 1960-аад онд Ливан улс санхүүгийн тогтвортой байдал болон олон талт байдлаасаа шалтгаалж “Зүүний Швейцар” гэх хоч нэрийг авч байжээ. Одоогоор тус улсад улс төрийн үндсэн долоон нам байгаа. Нам тус бүр ихэвчлэн аль нэг шашны урсгалыг шүтдэг хүмүүсээс бүрддэг.
БАРИМТ 12
Ливан гэх нэр нь тус улсад байдаг далайн түвшнээс дээш 2,500 метрт оршдог Ливаны нуруудаас гаралтай. Ливан улсад ямар нэгэн газрыг хоёр хүн эзэмших боломжтой. Нэг хүн тус газрыг эзэмшдэг бол нөгөө хүн нь тус газар дээр газар тариалан эрхэлж ургац хураах эрхийг эзэмшдэг. Хэрэв ливанчууд өөрийнхөө газрыг ганцаараа эзэмшихийг хүсвэл хоёр өөр эзэмших эрх худалдаж авах ёстой.
БАРИМТ 13
Ливан улсад ойролцоогоор 3,000 гаруй ургамлын төрөл зүйлс ургадаг. Мөн арван нэгээс гуравдугаар сарын хооронд Ливан улсын жилд орох борооны 80 хувь нь ордог. Жилийн үлдсэн хэсэгт Ливан улсын цаг агаар ихэвчлэн хуурай, халуун байдаг гэсэн үг. Тус улсад дэлхийн хамгийн шилдэг шөнийн клуб болох SKYBAR байдаг.
БАРИМТ 14
Эх орондоо амьдардаг ливанчуудаас гадаадад амьдардаг ливанчуудын тоо илүү их. Ийм учраас дэлхий дээрх нийт ливанчуудыг тоолбол 6.85 сая бус 15 гаруй сая хүн бүртгэгдэнэ. Мөн тус улсад маш олон тооны эмч, сувилагч нар ажилладаг. Хэд хэдэн судалгаанаас үзэхэд 10 ливан хүний дунд нэг эмч оногддог. Энэ нь маш сайн үзүүлэлт юм.
БАРИМТ 15
Ливан улсад өөр орны төрийн далбааг мандуулах хориотой. Уг хуулийг тэд 1945 онд үндсэн хуулийнхаа хамт баталсан. Ливан улс бол ард иргэдээ хувийн зурагт болон радиотай байхыг хүлээн зөвшөөрсөн анхны Араб орон. Өнөөдрийн байдлаар Ливан улсад 450,000 гаруй дүрвэгчид амьдарч байна. Мэдээж тэдний ихэнх нь Сири улсаас дүрвэн ирсэн.
БАРИМТ 16
Маш олон тооны ливанчууд Бразил улсад амьдардаг. Тус улсад ойролцоогоор 6 сая ливанчууд байдаг гэх судалгаа байдаг бөгөөд Аргентин, Мексик, Колумб, Эквадор, Бүгд Найрамдах Доминикан гэх мэт Америк тивийн орнуудад ливанчууд олноороо амьдардаг. Мөн Ливан улс нь элсэн цөлгүй Ойрх Дорнодын цор ганц улс юм байна. Мөн хамгийн олон христийн шашинтай иргэдтэй Ойрх Дорнодын улс билээ.
БАРИМТ 17
Ливан улсад байдаг Библ гэх хотод хүн төрөлхтөн манай эриний өмнөх 8,800-7,000 жилийн хооронд анх суурьшсан. Ингэснээр тус хот нь өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний амьдарсаар байгаа хамгийн эртний хотоор нэрлэгддэг. Мөн уг хотод дэлхийн хамгийн анхны цагаа толгой үүссэн гэж судлаачид үздэг.
БАРИМТ 18
Финикчүүд болох уугуу ливанчууд бол дэлхийн анхны цагаан толгой зохиосон ард түмэн. Гэхдээ эрдэмтдийн судалгаанаас үзэхэд финикчүүд Христофер Колумбаас өмнө Америк тив дээр хөл тавьсан бөгөөд тэндээс финикчүүдийн ДНК олджээ. Мөн дэлхийн анхны хуулийн сургууль Ромын эзэнт гүрний үед Ливан улсын нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг байв.
БАРИМТ 19
Та бидний сайн мэдэх Том-Жерри хүүхэлдэйн киног бүтээгчид болох Уильям Ханна болон Жозеф Барбера нар хоёул Ливан гаралтай хүмүүс байж. Мөн орчин үеийн залуусын хэрэглэдэг iPod-ыг Энтони Майкл Фаделл гэх Ливан-Америк хүн бүтээсэн. Мөн хэд хэдэн түүхэд өгүүлснээр үзмэн ягаан өнгийн пигмент хамгийн анх Ливан улсаас олдсон.
БАРИМТ 20
Дундаж Ливан хүн жилд 2,000 гаруй тамхи татдаг. Тэд тамхины хэрэглээгээрээ дэлхийд гуравдугаар байранд бичигддэг бөгөөд хүүхдүүд 11-12 насандаа тамхи татаж эхэлдэг. Мөн тус улсад дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн таван дурсгалт газар бий. тэдгээр ийн дөрөв нь эртний хотууд байдаг бол үлдсэн нэг нь Кадиша гэх хөндий.
БАРИМТ 21
Ливан улсад хамгийн алдартай спортууд бол хөлбөмбөг болон сагсанбөмбөг. Ливаны сагсанбөмбөгийн үндэсний шигшээ баг нь ДАШТ-д 2001-2007 оны хооронд гурван удаа дараалан эрхээ авч оролцсон тивийнхээ хамгийн хүчирхэг багуудын нэг юм. Мөн Ливан улсын баг тамирчид 1936 оноос хойш олимпд оролцож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 22
Домогт өгүүлснээр Ливан улсын нийслэл Бейрут хот долоон удаа үнс болтлоо сүйрч дахин баригдсан. Ийм учраас тус хотыг “Домгийн галт шувуун хот” гэж нэрлэдэг. Галт шувуу гэх домгийн амьтан нь насан нөгчих үедээ үнс болон шатаж өөрийн үнснээсээ дахин төрдөг билээ.
БАРИМТ 23
2020 онд Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж дор хаяж 200 хүний аминд хүрч, 6,000 хүнийг бэртээсэн аймшигт осол гарсан гэдгийг та бүхэн санаж байгаа биз. Уг тэсрэлт нь Хирошимагийн цөмийн дэлбэрэлтээс 20 дахин бага хор нөлөөтэй байсан. Энэхүү ослын гол шалтгаан нь агуулахад хадгалж байсан 2,750 тонн аммонийн нитрат дэлбэрсэнд оршдог.
БАРИМТ 24
Ливан улсын төрийн далбаа нь улаан, цагаан өнгөнүүдээс бүрддэг бөгөөд төв хэсэгтээ улсын төрийн сүлд болох хуш модны дүрсийг багтаадаг. Улаан өнгө нь эрх чөлөөний төлөө урссан дусал цус болгоныг, цагаан өнгө нь энх тайван, цэвэр ариун байдал болон өндөр уулсын цасыг, хуш мод нь аз жаргал, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал болон үүрд мөнх байдлыг бэлгэддэг.