БАРИМТ 1
Бүгд Найрамдах Палау улс нь 459 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай (дэлхийд 180-аар байранд) Номхон далайн баруун хэсэгт байрладаг арлын орон. Палау улс нийт зургаан өөр арлын бүсийн 340 гаруй арлуудаас бүрддэг. Палау улс далайн хилээрээ Индонез, Микронези, Филиппин гэх улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 2
Тус улсын хамгийн алдартай арлыг нь Корор гэдэг ба уг арал дээр Палау улсын хамгийн их хүн амтай хот болох Корор оршдог. Харин тус улсын хамгийн том арлыг Бабелдаоб гэдэг бөгөөд энэхүү арал дээр тус улсын нийслэл Нгерулмуд байрладаг.
БАРИМТ 3
Палау улсын нийт хүн амын тоо нь 17,900 бөгөөд тэдний 73 хувь нь уугуул палаучууд байдаг бол 22 хувь нь ази гаралтай хүмүүс. Харин шашны хувьд палаучуудын 90 гаруй хувь нь христийн шашныг 5.7 хувь нь модекнгэй буюу Бабелдаоб арлын төрөлх шашныг шүтдэг.
БАРИМТ 4
Палау улсын газар нутаг дээр анх манай эриний өмнөх 2,500 онд Зүүн Өмнөд Ази буюу ихэвчлэн Индонез улсын газар нутгаас хүмүүс очиж суурьшсан хэмээн эрдэмтэд үздэг. Мөн Чехийн эрэл хайгуулч Пол Клейн гэх хүн Филиппин улсын далайн эрэг дээр сөнөсөн онгоцтой палаучуудын тусламжтайгаар Палау улсыг хамгийн анх дэлхийн газрын зураг дээр зурсан.
БАРИМТ 5
1783 онд англи далайчин Хенри Вилсоны хөлөг онгоц сүйрч далайн давлагаанд туугдсаар Палау улсын арлуудын нэг дээр нь очсон. Ингэснээр тус багийн гишүүд Палау улсын газар нутаг дээр хөл тавьсан анхны европчууд болсон. Улмаар 1885 онд Палаугийн арлууд Испанийн Зүүн Энэтхэгийн нэг хэсэг болсон байв.
БАРИМТ 6
Гэвч 1898 оны Америк-Испанийн дайнд Испани улс ялагдал хүлээж тэд 1899 онд Палау арлуудыг Герман улсад зарснаар Палау улс Германы Шинэ Гвинейгийн нэг хэсэг болсон. Төд удалгүй дэлхийн нэгдүгээр дайны дараа Палаугийн арлуудыг Япон улс эзлэн авч удирдах болсон.
БАРИМТ 7
Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон-Америкийн зэвсэгт хүчний Пелелиугийн тулаан тэргүүтэй хэд хэдэн томоохон тулаанууд Палаугийн арлууд дээр өрнөсөн. Улмаар 1947 онд Палаугийн арлууд нь бусад Номхон далайн арлуудын адилаар Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр гэгдэх болж АНУ-ын харьяанд орсон.
БАРИМТ 8
Палаучууд 1978 онд Микронезийн Холбооны улсад нэгдэхээс татгалзсанаар 1994 онд АНУ-тай Чөлөөт холбооны гэрээг байгуулсны эцэст Палау улс бүрэн эрхт тусгаар тогтносон улс болсон. Гэхдээ үүний өмнө тэд 1979 онд үндсэн хуулиа баталж, 1981 онд Бүгд Найрамдах Палау улсыг аль хэдийнээ байгуулчихсан байсан.
БАРИМТ 9
Палау улс нь ерөнхийлөгчийн засаглалтай, АНУ-ын чөлөөт холбоотой орон. Үүний учир нь АНУ-ын талаас Палау улсыг батлан хамгаалж, санхүүжүүлж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нь хангадаг гэсэн үг. Палау улсын хууль тогтоох эрх мэдэл нь хоёр танхимаас бүрддэг Палаугийн үндэсний конгресс буюу их хуралд төвлөрдөг.
БАРИМТ 10
Палау улсын эдийн засгийн ихэнх хэсэг нь аялал жуулчлал, газар тариалан болон загас агнуурын салбарууд дээр тогтдог. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь америк доллар бол албан ёсны хэлнүүд нь палау болон англи. Эдгээр хэлнүүдээс гадна япон, тобиан, сонсоролез гэх хэлнүүд орон нутгийн хэлний хувиар ашиглагддаг.
БАРИМТ 11
2017 онд Палау улс жуулчдаас “Эко-амлалт” авдаг дэлхийн анхны улс болсон. Тэд тус улсын хилээр нэвтрэх үедээ гадаад үнэмлэх дээрээ амлалт болгон гарын үсэг зурах ёстой. Ингэснээр тухайн жуулчид Палау улсад байх хугацаандаа байгаль орчинд ээлтэй байх үүрэгтэй болж байгаа юм.
БАРИМТ 12
Мөн нисэх онгоцонд байх үед нь бүх жуулчдад Палау улсад байх үедээ биеэ хэрхэн авч явж, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцах мөн хийж болох болон болохгүй зүйлсийн тухай нарийн тайлбарласан бичлэгийг үзүүлдэг. Өмнө нь хэлсэнчлэн Палау улсад зэвсэгт хүчин гэж байхгүй. Хэрэв гадаадын эзлэн түрэмгийлэгчид тус улс руу халдвал АНУ, палау улсыг хамгаална.
БАРИМТ 13
Палау улс 2020 онд хад болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг нарны тоснуудыг хориглосон. Ийнхүү гол зорилго нь тэд шүр, хад гэх зэрэг далайн амьдралын салшгүй нэг хэсэг болсон хэсгүүдийг хайрлан хамгаалж тэднийг гэмтээдэг химийн бодисуудыг хориглох явдалд оршино. Тэд мөн уг төрлийн бараануудыг хориглосон дэлхийн анхны орон.
БАРИМТ 14
Палау улсад далайн залхагаар дүүрэн нуур бий. Далайд гарцгүй уг нууранд хүн болон бусад амьд биетэд хор нөлөөгүй (хатгадаггүй) 5 сая далайн залхаг амьдардаг. Тэд өдрийн туршид нарны тусгалыг даган байрлалаа өөрчилдөг. Мөн Палау улс аварга загас агнахыг 2009 онд хуулийн дагуу хориглосон. Тэд мөн л уг хуулийг тогтоосон дэлхийн анхны улс.
БАРИМТ 15
Палау улсыг зарим тохиолдолд “усан доорх Сэрэнгети” гэж нэрлэдэг. Сэрэнгети гэдэг нь Танзани улсад байдаг Африк тивийн зэрлэг байгалийг харуулсан хамгийн үзэсгэлэнт парк билээ. Харин Палау улсын далайн эргээр шумбах үед гайхамшигт далай доорх байгаль болон сүйрсэн хөлөг онгоцнууд маш тод харагддаг.
БАРИМТ 16
Номхон далайн орнуудын адилаар палаучууд нэлээд илүүдэл жинтэй ард түмэн. 2018 оны дэлхийн хамгийн илүүдэл жинтэй улсуудыг жагсаасан судалгаагаар тэд Науру улсын араас хоёрдугаар байранд бичигдэж байсан. Палаугийн уламжлалт нийгэм бол матриарх. Эмэгтэйчүүд давуу байдлыг гартаа авч ихэнх чухал шийдвэрүүдийг хийдэг.
БАРИМТ 17
Одоогийн байдлаар ЮНЕСКО-д бүртгэгдсэн Палау улсын цор ганц үнэт өв бол Лагүүн дахь Хадан арлууд. Энэхүү газар нь шүрэн хадаар хүрээлэгдсэн оюу өнгийн устай нуурын дундах хүн суурьшаагүй олон зуун шохойн чулуун арлуудаас бүрддэг. Мөн тэдгээр арлуудыг холоос харахад мөөг мэт хэлбэртэй.
БАРИМТ 18
Палау улсын төрийн далбаа нь номин цэнхэр өнгийн дэвсгэр дээрх шар өнгийн дугуй хэлбэртэй дүрснээс бүрддэг. Энэхүү далбаа нь хэлбэр дүрсний хувьд Бангладеш болон Япон улсуудын төрийн далбаануудтай тун төстэй. Номин цэнхэр өнгө нь тус улсын НҮБ-ын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр байсан цаг үеийн тухай лавлагааг бэлгэддэг бол шар өнгийн дугуй дүрс нь тэргэл сарыг бэлгэддэг.
БАРИМТ 19
Палаучуудын ёс заншлаар тэргэл сар гарсан үед загас агнах, мод тарих болон бусад онцгой зүйлсийг үйлдэхэд онц сайн байдаг юм байна. Палау улс бол шорвог усны матрын уугуул нутаг. Тэд бол Палау улс дахь хүний аминд хүрэх хамгийн өндөр магадлалтай аюултай амьтад. Гэхдээ тус улсад матар хүн рүү дайрах тохиолдол маш цөөн бүртгэгддэг.
БАРИМТ 20
Палау улсын шоронгийн хоригдлууд үлгэрийн самбар гэгдэх улсынхаа домог бүхий модон хавтанг сийлж олон нийтэд зарж өөрийн хуримтлалтай болох боломжтой. Мөн Палау улсын Корор арал дээр Сүүн зам гэх алдартай цагаан шавартай хэсэг газар байдаг. Энэхүү шаврыг нүүрэн дээрээ тавих нь хүний гоо үзэсгэлэнд маш их эерэг нөлөөтэй ба хүнийг таван насаар залуу харагдуулах чадвартай гэнэ.
БАРИМТ 21
Палау улс маш нам дор бүсэд оршдог бөгөөд тус улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 242 метрт оршдог. Иймээс дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс болж далайн түвшин нэмэгдсээр байвал Палау улс бүхэлдээ далайд живэх аюулд өртөөд байгаа. Ийм нөхцөл байдалд амьдардаг хүмүүс байгаль дэлхийгээ юм бүхнээс илүү хайрлахгүй байх аргагүй.
БАРИМТ 22
1920-оод онд Япон улс Палаугийн арлуудыг удирдаж байхдаа нутгийн иргэдийг бейсболын спорттой танилцуулсан. Өнөөдрийн байдлаар Палау улсад хамгийн алдартай спорт нь бейсбол бөгөөд тус улсын үндэсний шигшээ баг 2007 оны Номхон далайн орнуудын наадамд түрүүлж байсан удаатай. .
БАРИМТ 23
Палау улсын үндэсний хөлбөмбөгийн шигшээ баг гэж байдаг боловч тэд FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн биш тул тив дэлхийн тэмцээнүүдэд оролцох боломжгүй. Палау улсын баг тамирчид 2000 оноос хойш олимпын наадамд оролцсоор ирсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч медаль хүртээгүй байна.
БАРИМТ 24
Палау хүүхдүүд 16 нас хүртлээ сургуульд сурч боловсрол эзэмших үүрэгтэй. Насанд хүрсэн палаучуудын 97 хувь нь бичиг үсэг тайлагдсан байдаг. Харин Палаучууд их дээд суралцахын тулд ихэвчлэн АНУ-ыг зорьдог бол цөөн хэсэг нь Гуам, Филиппин гэх зэрэг улсуудын болон улсынхаа олон нийтийн коллежуудад элсэн ордог.