“Токио-2020” зуны паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулгатай ярилцлаа.
-Паралимпын наадамд өрсөлдсөн тамирчин, өрсөлдүүлсэн дасгалжуулагч болгон аваад байдаггүй алтан медалийг атгаж, монгол түмнээ баярлуулж чадсан Э.Содномпилжээ та хоёрт халуун баяр хүргэе?
-Баярлалаа. Танай сайтын мэдээллийг уншдаг Монголынхоо зон олонд энэ өдрийн мэнд хүргэе.
-Та хоёрт баяр хүргэсэн мэндчилгээ хэр их ирж байна?
-Тоймгүй олон хүн залгаж, зарим нь цахим хаягаар зогсолтгүй баяр хүргэж байна. Монголчуудын маань сэтгэл сайхан юм.
-Тэмцээний талаар асууя. Түүний бэлтгэл сургуулилтыг хангаж өгдөг багшийн хувьд хүнд хэлээгүй, бусадтай хуваалцаагүй ямар сэтгэгдэл танд байна вэ?
-Бид “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль авахыг гол зорилгоо болгон таван жил хамтдаа зүтгэсэн. Тамирчнаа түрүүлнэ гэдэгт итгэж байсан.
-Э.Содномпилжээ бол тив, дэлхий, Гиннесийн дээд амжилтыг эзэмшигч. Сая болсон паралимпын наадамд бас өвөрмөц нэгэн амжилтыг тогтоосон нь Монголын аль ч тамирчны үзүүлээгүй амжилт юм даа?
-Монголчуудын хүсэн хүлээсэн алтан медаль бид бүхэнд ирлээ. Тэрбээр пауэрлифтингийн спортод байж болох бүх дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Олон хүн түүгээр бахархан, баярлаж байна. Хамгийн чухал нь тамирчин өөрийгөө бүрэн дайчилдаг, ёс суртахууны өндөр сахилга баттай байх ёстой. Тамирчин, дасгалжуулагч харилцан ойлголцож чадаж байж амжилт гарна.
-Та хоёр паралимп болж буй Токио хотод өмнө нь хэдэн удаа очиж байв. Лав хоёр жилийн өмнө Японд болсон тэмцээнээс медаль авсан санагдана?
-Бид энд өмнө нь гурван удаа ирсэн нь ДАШТ, Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээн юм. “Токио-2020” паралимпын наадмын өмнө тус улсад цаг агаар, хоол унд нь хэр тохирохыг сорих зорилгоор энд ирж байсан. Японд 10 хонохдоо тамирчныхаа жинг тохируулах, хоол хүнс зэргийг урьдчилж судалсан нь энэ.
-Сонирхолтой юм. Урьдчилсан судалгаагаар хамгийн гол нь юу олж мэдсэн бэ?
-Монгол хүнд Япон орны цаг агаар таатай биш шиг санагдсан. Эрт ирвэл хүч буурахыг олж мэдсэн болохоор сая паралимпад цаг нэлээд тулгаж ирсэн. Тэр нь ч зөв боллоо.
-Тэмцээний өмнө Бурхан Халдун хайрхандаа мөргөсөн гэж сонслоо?
-Тийм ээ. Энэ хавар Э.Содномпилжээ, тамирчин О.Мөнхбат, дүү Хосоотой хамт Бурхан Халдун хайрханд очсон. Очих замдаа үдэлж, цай уугаад байтал таван сайхан зүсмийн адуу биднийг чиглээд ирсэн. “Олимпын таван цагираг хэмээх бэлгэшээж, алтан медаль авах нь” гэж хөөрөлдөж билээ.
-Ямар сонин тохиол вэ?
-Харин тийм. Их бэлгэдэлтэй юм болсон. Буцах замд бас есөн адуу таарсан.
-Э.Содномпилжээ маань Япон явахынхаа өмнө коронавирус туссан гэв үү?
-Тэгсэн. Бэлтгэл сургуулилт таарчихсан байх үед харамсалтай нь коронавирусээр өвдсөн. Бид хоёул хүнд туссан болохоор нэлээд ядарсан. Уушгиндаа хатгаа авч 14 хоног эмчлүүлээд эдгэрсэн дээ. Бэлтгэлийн хэм суларсан тал бий. Биднийг эмчилсэн алтан гартай эмч нартаа баярласнаа илэрхийлье. Би Цэргийн эмнэлэгт, Э.Содномпилжээ ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн. Коронавирус туссан үедээ ч бэлтгэлээ хийж байлаа. “Бүрх малгай” компанийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Тус компанийн бэлтгэлийн зааланд бэлтгэл сургуулилтаа алдалгүй хийж байсан юм.
-Хэрэв паралимп хойшлогдоогүй, өнгөрсөн жил болсон бол Э.Содномпилжээгийн өргөх жин хэд байх байв?
-Цар тахал хэрэв болоогүй, Пилжээ өвдөөгүй байсан бол 250 км-ыг хангалттай шахах байсан. Тухайн үеийн бэлтгэл дээр 260 кг-ын даац авч байлаа. Энэ өвчин бол яах аргагүй олон хүнд аюул тарьж байна.
-Тэмцээн бол үзэгч бидний хувьд амархан харагддаг. Тэмцээний талбарт, ард талд чухам ямар үйл явдал өрнөдөг вэ?
-Жинхэнэ “алаан” болно. Захилга өгөх, бие халаалт гээд ажил жинхэнэ утгаараа өрнөдөг дөө. Захиалга өгнө гэдэг чинь шатар тоглох дайны юм болно. Тамирчдын хооронд сэтгэл зүйн дайралт бас явагдана.
-Э.Содномпилжээ шиг тамирчин болохын тулд залуус юуг эрхэмлэвэл зохих вэ?
-Хөдөлмөрлө. Мөн үг дааж сурах хэрэгтэй. Би Пилжээд хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн ханддаг. Тэр хүн зүгээр суугаад аварга болоогүй. 21 жил хичээллэж байж энэ оргилд хүрлээ. Залуустаа хэлэхэд хов битгий ярь, хог битгий тарь. Сэтгэл зүйн хаттай байх хэрэгтэй. Тэгж чадвал монгол хүнд хийж чадахгүй зүйл үгүй юм.
-Дэмжиж тусалсан хүмүүстээ баярласан талархсанаа энд илэрхийлж болох юм?
-Хүн төрөлхтний их баяр цэнгэл болсон нэр хүндтэй наадмаас алтан медаль авахад гүн дэмжлэг үзүүлсэн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Цэрэнжанхарын Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон түүний баг хамт олонд баярлалаа гэж хэлье. Биеийн тамир, спортын салбар маань босоо удирдлагатай болсноор спортын салбарт тулгамдаж байсан олон асуудал цэгцлэгдсэн. Мөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, найз З.Буяннэмэх, Э.Билэгт даргатай Үндэсний шигшээ баг, Б.Эрдэнэваанчиг даргатай Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны хамт олонд баярлалаа. Мөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны анхны ерөнхийлөгч Б.Батцэнгэл, дараагийн Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байна. Тэгвэл өдгөө холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Заяабаатарын Буяннэмэх холбоо удирдах хугацаанд пауэрлифтингийн 2018 оны ахмадын ДАШТ, 2019 оны Азийн АШТ, хэвтээ шахалтын Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулж чадсан. Хийж бүтээсэн бүх зүйлд нь талархаж байна. Холбооны Удирдах зөвлөлд байгаа Цэнд-Аюушийн Бямбацоож ах, найз Чулууны Гантулга, Сандуйжавын Энхбаатар, Вандангийн Эрдэнэбилэг нартаа ч баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу. Та бүхний спортын төлөө гэсэн сэтгэлд маш их баярлаж явдаг шүү. Мөн Холбооны ерөнхий менежер Бямбасүрэнгийн Энхбаяр, “Стронг” клубын дасгалжуулагч Хүдэрийн Энхболд, пауэрлифтингийн шүүгч, тамирчин, дасгалжуулагч, нийт спортын салбар хороодууд, паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат та бүхэнд баярлалаа.
-Сэтгэл хөдөлтөл талархал илэрхийллээ, та. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)