Монгол, ОХУ, БНХАУ гурван улСаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийг монгол тээвэрчид гүйцэтгэх боломжтой болжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээлэлдээ "Монгол Улсын AH-3, AH-4 гэсэн хоёр зам Азийн автозамын сүлжээнд холбогдсон. Энэ замаар монгол жолооч стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр бүх төрлийн ачаа тээвэрлэх боломжтой боллоо. Ингэхийн тулд эхлээд ж ахуйн нэгж, хувь хүн Авто тээврийн үндэсний төвд хүсэлт гаргана. Тавигдах шаардлагын хувьд,
- Евро-4, түүнээс дээш ангиллын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх
- Ачаа илгээх болон хүлээн авагчтай талтай тээвэрлэлтийн гэрээ хийсэн байх ёстой юм байна.
Уг шаардлагыг биелүүлж байж гурван улсыг холбосон тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичиг олгоно гэлээ.
Азийн автозамын сүлжээнд холбогдсон АН-3, автозам гэдэг нь Алтанбулагийн боомтоос Замын-Үүдийн боомтоор гарч БНХАУ руу нэвтрэх замыг хэлэх юм байна.
Харин AH-4 автозам нь Ховд аймгийн Булган сумын боомтоор Баян-Өлгийн аймгийн Улаан байшингийн боомтоор гарах автозамын хэлэх аж. Одоогийн байдлаар “Мон-Авто транс” компани ОХУ-ын Улаан-Үүд хотоос Монгол Улсыг дайрч, БНХАУ-ын Тяньжин хот хүртэлх тээвэрлэлтийг өнгөрсөн арванхоёрдугаар сард амжилттай хийжээ.
Энэ талаар ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга "Гурван улс хоорондоо 200 тээврийн хэрэгсэл оруулах боломжтой. Өөрөөр хэлбэл монгол өөрийнхөө 200 тээврийн хэрэгсэлд, ОХУ мөн өөрийн улсын 200 тээврийн хэрэгсэлд эрх олгоно. Ачааны тоо хэмжээ, эргэлтийн цаг хугацаанаас хамаарч энэ тоог нэмэх эсэхээ шийднэ" гэлээ.
Харин Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпалам "Баруун талын коридорын дагуух тээвэрлэлтийг 2020 оны сүүлээр эхлүүлэхээр ажиллаж байна. Тээвэрлэлт гүйцэтгэх ААН-д тавих шаардлагын хувьд БНХАУ-ын нутаг дэвсгэрт тавигдаж буй шаардлагын дагуу Евро-4 болон түүнээс дээш экологийн стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нар уг хэлэлцээрийн хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх бүрэн боломжтой.
Тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийг "Авто тээврийн үндэсний төв’” ТӨҮГ-т хандан авна. Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс олон улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай БНХАУ-ын Тээврийн яамтай байгуулсан Протоколыг 2019 онд шинэчлэн байгуулсан. Уг шинэчилсэн протоколоор Монгол эсхүл Хятадын тээвэрчид өөрийн тээврийн хэрэгслээр Монгол Улс, БНХАУ-д болон гуравдагч улсад бүртгэлтэй хагас чиргүүлээр Монгол-Хятадын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн.
Шинэчилсэн протокол 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн ачих боломжгүй овор хэмжээ ихтэй, аюултай ачааг БНХАУ-д бүртгэлтэй чиргүүлээр тээвэрлэж болно гэсэн үг юм” гэлээ.