“Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэснээ Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн. Энэ талаар СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-“Эрдэнэс тавантолгой”-г хаалттай хувьцаат компани болгохоор зөвшөөрснөө Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдсэн. Хаалттай хувьцаат компаниар бүртгэхийг зөвшөөрсөн нь ямар учиртай юм бэ?
-Компанийн тухай хуульд зааснаар хязгаарлагдмал, хувьцаат хувьцаат компани гэсэн хоёр төрөл байдаг. Хувьцаат компани нь дотроо хаалттай, нээлттэй гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Нээлттэй гэдэг нь 50-иас хувьцаа эзэмшигч буюу олон нийтэд нээлттэй байдлаар хувьцаагаа санал болгож, арилжихыг хэлдэг. Харин хаалттай гэдэг нь тухайн компанийг стратегийн хөрөнгө оруулагчид сонирхоод тодорхой тооны буюу 50-иас доош тооны хүмүүс хэлэлцэж ярилцсны үндсэн дээр эзэмшсэн хувьцаагаа Үнэт цаасны төлбөр тооцооны төвд бүртгүүлэхийг хэлдэг юм. “Эрдэнэс тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэсэн нь ямар учиртай юм бэ гэхээр өнгөрсөн хугацаанд нь “Эрдэнэс тавантолгой” гэдэг компани бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Тэгсэн атлаа өөрсдийгөө “хувьцаат компани” гэж нэрлэж ирсэн. Өөрөөр хэлбэл, холбогдох хууль, журмын дагуу хувьцаат компанийн эрх аваагүй байсан гэсэн.
-Энэ хугацаанд хувьцаат компани болох хүсэлт тавиагүй юм уу?
-Хоёр удаа хүсэлт гаргасан. Эхнийх нь нээлттэй хувьцаат компани болохоор материал ирүүлсэн. Гэтэл Үнэт цаасны хуулиар баримт бичгийн бүрдэлт хангаагүй учраас буцаасан. Дараа нь хаалттай болох хүсэлтээ Төвлөрсөн хадгаламжийн төвд гаргасан. Хаалттай хувьцаат компаниар бүртгүүлэхийн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгүүлэх ёстой. Тэндээс бичиг баримт шаардлага хангаж байна гэсэн тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бичиг ирүүлдэг. Энэ бичгийн хариуг тав хоногийн дотор өгөхгүй бол Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс автоматаар хаалттай хувьцаат компаниар бүртгэж авах эрх зүйн зохицуулалттай. Энэ дагуу “Эрдэнэс тавантолгой”-г хаалттай хувьцаат компаниар бүртгэх санал манайд ирсэн.
-Ийм бичиг хэзээ ирсэн юм бэ?
-Өнгөрсөн оны аравдугаар сард ирсэн. Шийдвэр яагаад ирсэн гэхээр бичиг баримт хянаж байх явцад “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр байсан эсэх, хувь хүн, төрийн байгууллагаас гаргасан гомдлыг хянаж үзэх шаардлагатай болсон. ийм нөхцөл байдалтай давхцсан учраас Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү “Энэ компанийг хаалттай хувьцаат компаниар бүртгэж авахаас түр хүлээнэ үү” бичиг өгсөн юм. Ингээд хороон дээр ажлын хэсэг байгуулагдаж, ирсэн гомдол саналыг нягталж үзсний үндсэн дээр “Хаалттай хувьцаат компаниар бүртгэе” гэдэг шийдвэр гаргасан.
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 12 тэрбум ширхэг хувьцааг Монгол Улсын иргэд эзэмшдэг. Ийм байхад хаалттай хувьцаат компаниар бүртгэх нь зөв гэж үү?
-Засгийн газрын анхны тогтоолоор Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр хувьцаа эзэмшүүлсэн. Улсын бүртгэлд хэдий бүртгүүлсэн ч гэлээ “хувьцаат компани” болохын тулд холбогдох хууль журмын дагуу бүртгүүлэх ёстой. Тиймээс л эхний ээлжид хаалттай хувьцаат компаниар бүртгэсэн. Өнгөрсөн хугацаанд “Засгийн газрын тогтоолоор иргэдэд эзэмшүүлсэн хувьцааг “Эрдэнэс тавантолгой” компанийнхаа санхүүгийн тайланд тусга” гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Үүний дагуу 2018 оны тайланд 12 тэрбум хувьцааны нэг ширхэг хувьцааг нэрлэсэн үнэ болох 134 төгрөгөө үнэлж, санхүүгийн тайланд тусгасан.
-Холбогдох хууль, журмаараа хувьцаа эзэмшигчдийн тоо нь 50-иас доош тохиолдолд хаалттай хувьцаат компаниар бүртгэдэг гэлээ. Гэтэл “Эрдэнэс тавантолгойн” ХК-аас Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг шүү дээ. Хаалттайгаар бүртгэсэн нь зөв гэж үү?
-Нээлттэй хувьцаат компани болохын тулд Үнэт цаасны тухай хуулиар үнэлгээ, аудит гэсэн хараат бус гурван дүгнэлт гаргуулах ёстой. Дээр нь нээлттэй болсноор ямар үйл ажиллагаа явуулах талаар үнэт цаасны танилцуулгыг бүрдүүлэх гээд олон ажил бий.
-Хаалттайгаас нээлттэй хувьцаат компани болж болох уу?
-Болно. Ямар ч асуудал байхгүй. Эхний ээлжинд бид яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэхээр 2012 оны Засгийн газрын 181 дүгээр тогтоолд “Хэрвээ Эрдэнэс тавантолгой” ХК нь Засгийн газарт хувьцаагаа нэрлэсэн үнээс худалдахаас бусад тохиолдолд хувьцааг бусдад бэлэглэх, өвлүүлэх, худалдахыг хориглоно” гэсэн заалтыг мөн үндэслэсэн.
-Нээлттэй болоход хэдий хэр хугацаа шаардагдах бол?
-Энэ бол тухайн компаниас хамаарах асуудал. Уул уурхайн компанид хугацаа нэлээд ордог. Яагаад гэхээр газрын доорх баялагийг үнэлэхдээ тусгай код ашигладаг олон улсын зэрэглэл шаардах гээд ажиллагаа ихтэй.
-Ногдол ашиг тараахыг Засгийн газраас үүрэг болгосон. Хаалттай хувьцаат компани болсноор энэ процесст саад болохгүй биз дээ.
-Ногдол ашиг тараах шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийгээгүй байж ногдол ашиг тараах талаар ярих нь өрөөсгөл. Хувьцаа эзэмшигчдийн төлөөлөлд ард түмний төлөөлөл, Засгийн газар хооронд зөвшилцөл болох ёстой.
Г.Нацаг-Эрдэнэ