“Капитал” банкийг "Төрийн банк"-тай нэгтгэх бэлтгэл ажил эхэлсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Тус банкны үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮ-гээс зээл авсан гэдэг шалтгаанаар АТГ-аас шалгаж байгаа юм.
Тодруулбал, хувьдаа 128 тэрбумын хөрөнгөтэй, “Капитал” арилжааны банк, “Бишрэлт” их дэлгүүр, "WellMart" сүлжээ дэлгүүрийн эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-аас зээл авсан нь илэрч, АТГ-ын хараанд өртөөд буй. Монголын толгой баячуудын нэгт тооцогддог тэрбээр ЖДҮ-ийн зээлээс гадна ажилгүй иргэдийг ажлын байртай болоход төрөөс дэмжих зорилготой “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр 7.6 тэрбум төгрөгийн талыг хувийн “Капитал” банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан гэж сэжиглэгдэж байгаа.
2015 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Г.Баярсайхан “Хөдөлмөр эрхлэлтийн сан”-ийн жижиг зээлийн эх үүсвэр болох 7.6 тэрбум төгрөгийг Б.Ундармаагийн “Капитал” банкаар дамжуулан зорилтот бүлэгт хүргэх гэрээ байгуулсан талаах мэдээлэл цацагдаж байсан. Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжих зориулалттай учраас жилийн долоон хувийн хүүтэйгээр хоёр жилийн хугацаатай олгодог жижиг зээл юм байна.
Гэрээний хугацаа 2017 оны есдүгээр сард дуусч, 2018 оны гуравдугаар сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг буцааж өгөхгүй ажээ. Аудитын шалгалтаар 7.6 тэрбум төгрөгийн ердөө 50 хувийг нь зориулалтын дагуу зарцуулсан. Үлдсэн 50 хувь нь зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй гэсэн дүгнэлт гарсан гэх мэдээлэл бий.
Өөрөөр хэлбэл, 3.5 тэрбум төгрөгийг арилжааны зориулалтаар “эргэлдүүлсэн” байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байгаа. Ийнхүү хоёр сангаас зээлсэн мөнгөө “Капитал” банкаараа дамжуулж, мөнгө угаасан байж болзошгүй гэж сэжиглэгдэж байгаа Б.Ундармаагийн мэдлээс “Капитал” банк гарч мэдэхээр байна. Ойрын эх сурвалжийн өгүүлснээр тус банк нь дөрвөн салбарынхаа үүдийг хаасан байна. Мөн дотоод уур амьсгал таагүй байгааг хэлсэн юм.
Үүнээс гадна тус банкны Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яамтай байгуулсан гэрээ дууссан учир тэтгэвэр, тэтгэмж, болон халамжийн мөнгийг тус банкаар дамжуулахыг зогсоосон гэх мэдээлэл цацагдаад байна.
Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол Капитал банк Төрийн банктай нэгдсээр төрийн мэдэлд шилжих юм. Хэрвээ ийм процесс үүсвэл Капитал банкны сангуудаас авсан зээлийн эргэн төлөлт хэрхэх нь тодорхойгүй юм.
Уг асуудлыг хуулийн хүрээнд Монголбанкнаас эцэслэж мэдэгдэх учиртай. Одоогоор Монголбанкнаас ийм мэдэгдэл хийгээгүй байна. Монголбанкны хяналт шалгалтын хороо энэ сарын 27-нд хуралдахаар товлогдсон. Энэ хурлаар Капитал банктай холбоотой асуудал яригдах уу, эсвэл бусад арилжааны банкны асуудал яригдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч Капитал банк Төрийн сангийн мөнгөө Төрийн банк руу шилжүүлсэн нь үнэн юм байна. Чухам ямар учраас Төрийн сангийн мөнгийг буцааж шилжүүлсэн нь тодорхой байгаа юм.
Энэ бүхнээс үзвэл Капитал банкны үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдолтой байгаа нь үнэн бололтой.
Г.Алимаа
Сэтгэгдэл (2)