Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд эрчимтэй саарснаас болж, бизнесийн тэргүүлэх салбар болох уул уурхай, барилгын салбар царцанги байдалд шилжсэн юм. Тиймээс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтэд манай улс хамрагдаж, гал намжаахыг оролдсон байдаг. Гэвч тус өргөтгөсөн санхүүжилтэд хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн санхүүжилт өмнөх жилүүдийнхээс буурсан байна.
Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд ипотекийн зээлд жилдээ 6-8 мянган иргэн хамрагдаж, 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан байна. Үүний 110 тэрбум төгрөгийг Засгийн газраас, 190 тэрбум төгрөгийг Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгожээ. Одоогийн байдлаар 216 мянган өрх гэр хороололд амьдарч байгаагаас 35 мянган өрх урьдчилгаа 30 хувь төлөөд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болох нь судалгаагаар гарчээ. Өнөөдрийн байдлаар зах зээлд нийт 59 мянган айлын орон сууц баригдаж байгаагаас 330 төсөл хэрэгжиж байна. Үүнээс ашиглалтад орсон 5800 орчим айлын орон сууц бэлэн байна. ОУВС-гийн зүгээс халамжийн шинж чанартай ипотекийн зээлийг зогсоо гэсэн хатуу шаардлага тавьсан ч Засгийн газар хэлэлцээр хийсний хүчинд тодорхой хязгаарлалттайгаар ипотекийн зээлийг арилжааны банкууд олгож буй.
Тэгвэл энэ оноос ипотекийн зээлийг шинэ журмаар хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг журамд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхээр Сангийн яам, Монголбанкнаас санал нэгджээ. Монголбанкнаас арилжааны банкуудтайгаа тохирсны хүчинд ипотекийн зээлийг арилжааны банкууд өөрсдийн санхүүжилтээс олгохоор болсон байна. Ингэснээр шинэ журмаар ипотекийн зээлийн эх үүсвэр 600 орчим тэрбум болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд ипотекийн зээл олголтын хүртээмж нэмэгдэх учир ашиглалтад орсон шинэ барилгууд худалдааны эргэлтэд орох боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр, ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал сүүлийн үед эрчимтэй яригдах болсон.
Гэвч энэ нь боломжгүй гэдгийг албаны хүмүүс илэрхийлсэн байна. Учир нь ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд зээлийн хүүг бууруулахыг хориглосон учраас зээлийн хүүд өөрчлөлт оруулах хууль эрх зүйн боломжгүй болжээ.
Гэсэн ч өнгөрөгч сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2029 он хүртэл хэрэгуүүлэх “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг баталсан байна. Гурван үе шаттай хэрэгжих уг хөтөлбөрийн үр дүнд барилгын салбарын чадавх 2020 онд 1.38 дахин, 2025 онд 2.6 дахин, 2028 онд 3.9 дахин өснө гэж тооцоолсон юм. Эцэст нь дүгнэхэд ОУВС-гаас хориглосны дагуу зээлийн хүүг бууруулах боломжгүй ч, зээл олголтын хүртээмж хумигдах вий гэдгээс айлтгүй болох нь ээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (3)