Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Энхцэцэгтэй улс төрийн намын санхүүжилтийн талаар ярилцлаа.
-Монголын Улс төрийн намын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал таны бодлоор ямархуу байна вэ?
-Маш хяналтгүй, замбраагүй байна. Хамгийн гол нь ямар их үүсвэрээс хэдэн төгрөг орж ирээд юунд зарцуулж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь ямар хор уршигтай вэ гэхээр 60 тэрбум, ЖДҮ шиг том том авилгын эх үүсвэр болох эрсдэлтэй. Хүмүүс намуудыг төрийн мөнгөнөөс зувчуулж, төрийн албыг худалдаж санхүүждэг гэж харддаг. Энэ хардлагыг буруу гэдгийг нь тодорхойлох ганц зүйл нь хяналт. Гэтэл намууд хэзээ ч санхүүгийнхээ тайланг ил болгож тайлагнадаггүй. Ингэхээр энэ хардлагыг няцаах арга байхгүй болж таарна биз дээ.
Эцсийн эцэст ямар хор уршиг гарж байна гэхээр улс төрийн намд цаашлаад төрд итгэх ард түмний итгэл суларна. Ийм нөхцөл байдалд хүрэхээр Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэсэн зүйл яригдаж байгаа юм. Яаж өөрчлөх вэ гэхээр бусад улс орны туршлагыг судлах хэрэгтэй. Бусад улсын зөв зүйтэй зүйлийг өөрийн нөхцөлд тохируулж, Монголын нөхцөлд буулгаж тохируулж үзэх хэрэгтэй гэдэг үүднээс бид хэлэлцүүлэг хийсэн.
-Аль улсын туршлагыг хамгийн сайн жишиг болно гэж үзэж байна вэ?
-Канад Улсын туршлагыг голчлон ярилцсан. Канадад улс төрийн намыг хоёр өнцгөөс хардаг. Нэгдүгээрт, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлж байгаа гэдэг үүднээс. Хоёрдугаарт, ардчилсан тогтолцоонд улс төрийн нам ямар үүрэгтэй байх вэ гэдэг тодорхойлолтоор дамжуулж төрийн үйл хэрэгт оролцох хэлбэрийг сонгуулиар дамжуулж олж авч байгаа төрийн институц гэж тодорхойлдог.
Тиймээс заавал сонгуульд оролцох естой. Тэгж байж л бүртгэлтэй болдог. Бүртгэлтэй болсон тохиолдолд ил тод байх, хариуцлагатай байх үүргийг нь оногдуулж, төрөөс санхүүжүүлэх эрхийг нь нээж өгдөг. Ийм зохицуулалтыг хийж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл Канадад бүртгэлтэй, бүртгэлгүй нам гэсэн хоёр төрлийн нам бий гэсэн үг. Бүртгэлтэй нам нь улс төрийн сонгуульд оролцсон намыг хэлдэг.
Сонгуульд оролцохгүй бол бүртгэлээсээ хасагдчихдаг. Өөрөөр хэлбэл, ардчилсан тогтолцоонд намын гол үүрэг бол мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж сонгуульд оролцох ёстой. Үүнийг хийж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжих эрхгүй болж бүртгэлээс нь түдгэлзүүлдэг. Энэ мэт өвөрмөц байдлаар зохицуулж байна. Нөгөө талаас үүрэг, хариуцлагыг нь хүлээлгэдэг, хэрэгжүүлүүлдэг, хянадаг тогтолцоо Канадад байдаг. Сонгуулийн хувьд бид ганцхан зарчмыг чухал гэж үзлээ. Канадад янз бүрийн санаанууд чөлөөтэй, тэгш нөхцөлд өрсөлдөх нөхцөлийг хангасан байх ёстой гэж үздэг. Тэгээд санхүүжилтийг тэр талаас нь дэмждэг. Корпорац болон хуулийн этгээд хандив өгч болохгүй гэдэг. Харин өөрөөс нь гарах хөрөнгө нь хичнээн баян чинээлэг нэр дэвшигч өрсөлдсөн ч дээд тал нь 5-25 мянган ам.доллар гэж хязгаарладаг. Өөрсдийн халааснаас түүнээс илүү гаргаж болохгүй. Сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс жирийн сонгогчдын дэмжлэгийг олж авч тэднээс санхүүжилт босго гэж шаардаж байгаа юм. Ингэхээр намууд сонгогчидтой сонгуулийн бусад жилд ч холбоотой ажиллах, цаашлаад өдөр бүр сайн дурынхны оролцоотой ажилладаг болох нь харагддаг юм. Сонгогчдоос санхүүжилт ол гээд хуулиар шахахаар гол ажил нь бэлэг тараах бус мөнгө татах үйл ажиллагаанд илүү анхаарч юм билээ. Үүнээс улбаалж олон боломж үүсч байгаагийн нэг нь сонгогчдын боловсрол нэмэгддэг. Захын сонгогч аль нам нь ямар мөрийн хөтөлбөр баримталж байгаад үнэлэлт өгөөд сонгуульд оролцдог. Сонгуулийн сонголт нь тодорхой байдаг нь ийм давуу талтай.
-Канадын энэ жишээг манайд нутагшуулах боломжтой юу?
-Манайд "тойрог усалдаг" гэх муу нэртэй зүйл бий. Ардчилсан тогтолцоонд хийх ёстой ажил мөн үү гэдэг нь эргэлзмээр. Биш гэвэл бид юу хийх ёстой вэ. Намууд ямар байж төлөвших ёстой вэ гэдэг зөв зүйтэй алхмуудыг өөрсдөөсөө хийх ёстой. Сонгогчид бэлэг хүлээдэг, хүсдэг гэдэгт анхаарч, өөрсдөө сонгогчын боловсролд хамгийн их үүрэг рольтой институц гэдгээ намууд мартсан.
Хэрвээ манай сонгогчид бэлэг хүсдэггүй болчихвол бид бэлэг тараахаа болино гэж ярьдаг. Гэтэл тэд иргэддээ бодлогоо танилцуулдаг, сонгогчид юу хүсч байгааг сонсдог байх. Тэрийгээ нэгтгэж, төрийн бодлого болгож хэрэгжүүлдэг байх ёстой. Сонгогчдын боловсролд хамгийн үүрэг рольтой институц нь нам байх ёстой. Энэ ажлаа маш бага хэрэгжүүлж байгаа нь өнөөгийн намын тогтолцооны хамгийн гол дутагдал болж байна. Нам шинэчлэгдэж цэвэршиж, үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж, одоо байгаа муу нэрээсээ салаад, сонгууль мөнгөний сонгууль болохоо байвал дараагийн сонгуулийг дэмжье, төрөөс санхүүжүүлье гэдэг асуудал хурдан шийдэгдэнэ.
-Улс төрийн намууд санхүүжилтийн тайлангаа оройтуулдаг, тайлангаа тавьдаггүй гэдэг. Ингэх нь намуудад ямар ашигтай юм бэ?
-Мэдээж хэрэг дуртай газраасаа санхүүжиж дураараа дургих боломжтой болно. Энэ нь хэнд ашиггүй вэ гэдгийг асуух нь зүйн хэрэг. Энд нийтийн эрх ашиг хамгийн ихээр хохирно. Тухайлбал, ямар нэг чинээлэг компаниайн санхүүжилтээр сонгогдсон нөхөр хэний төлөө ажиллах вэ гэвэл нөгөө хүндээ л ажиллана. Өөрт ойр байгаа мэдээлэл, эрх мэдлээ хэний төлөө ашиглах вэ гэдэг нь эргэлзээтэй болчихож байгаа юм. Нийтийн эрх ашгийн үүднээс нийтэд үйлчилж чадах уу гэдэг нь эргэлзээтэй болно.
Тиймээс Канадад хувийн компаниас санхүүжилт авахыг хориглосон нь ийм учиртай. Манайд ядаж эхний ээлжид тухайн нэр дэвшигч, намд ямар нэгэн компаниас дэмжлэг өгсөн бол төрийн тендер өгөхгүй байх хамгийн наад захын хариуцлага тооцохгүй байна.
-Тайлангаа мэдүүлдэг болгохын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Ингэхийн тулд хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тайланг хүлээж аваад хянах, ямар хариуцлага хүлээлгэхийг Улс төрийн хуулиар сайн зохицуулж өгөх шаардлагатай.
-Парламентад суудалгүй намуудыг төрөөс санхүүждэг болгох тухай өмнө нь ч, одоо ч их яригддаг. Ингэх нь төсөвт алдагдалгүй гэж үү?
-Улс төрийн олон ургалч үзлийг дэмжиж байгаа юм. Зөвхөн парламентад суудалтай нам гэхээс илүүтэй олон нийтийн дэмжлэг авсан намууд парламентийн гадна ажиллах боломжтой. Тэдэнд шударга хандахын тулд хэрвээ сонгогчдын тодорхой хувийн саналыг авсан тохиолдолд төрөөс санхүүжилт олгодог болох ёстой. Энэ бол олон улсад үйлчилдэг нийтлэг жишиг. Ингэж байж олон ургалч үзлийг дэмжиж, улс төрийн тэгш оролцоог дэмжиж бололцоотой.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)