Хэдхэн жилийн өмнө “Хуримтлалтай Монгол хүн” бий болгоно гэж улстөрчид сүржинээр лоозондож байв. Уриа лоозонд нь итгэсэн ард түмэнд тэднийг Их хуралд тухлах гишүүр нь болж, харин сонгогдсон нөхдүүд нь улсын хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрхийг атгаж, ард түмний төлөө гэж хоолойгоо хий шахаж, хашгирч, бахирсан боловч юун хуримтлалтай Монгол хүн байтугай хөрөнгөтэй Монгол хүн ч Монголд бараг алга. Байгаагаас зээлээс зээлийн хооронд бэдрэх татвар төлөгчид л байна. Тэгвэл Монгол хүний орлого, зарлага нь тэнцсэн буюу хэчнээн ажиллаад ч хоногийн хоол, банкны зээлнээс илүү гарахгүй байгааг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр баталлаа. Иргэдийн дундаж орлого, зарлага тэнцсэн шалтгаан нь хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ, бусад зардлууд нэмэгдсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, өрхийн дундаж орлого болох 1.1 сая төгрөгөөс хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнд зарцуулаад хуримтлал үүсгэхэд хүрэлцэхгүй байна гэдэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нь орлогын хэмжээнээс давсан үзүүлэлт аж.
Мөн цалин нэмэгдэхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хэмжээ нэмэгддэг. Тиймээс манай улсад үнийн хий хөөрөгдөл үүссэнийг дээрх судалгаа харуулав.
Ингээд нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг хүргэе
Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь авч үзвэл, өнгөрсөн оны IV улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 74.8 /8.3 хувь/ мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49.6 /5.5 хувь/ мянга, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 114.5 /12.7 хувь/ мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 117.2 /13 хувь/ мянга, 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 252.4 /28 хувь/ мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 240.7 /26.7 хувь/ мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 81.1 /9 хувь/ мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 92.8 /10.3 хувь/ мянга байна.
Мөн нийгмийн халамжийн тэтгэвэрт олгосон тэтгэврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин их буюу 6.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Түүнчлэн өнгөрсөн сард 18 хүртэлх насны 911.5 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд 5956 эх амаржиж, 6001 хүүхэд мэндэлжээ. Харин нялхсын эндэгдэл 112 болж, өмнөх оны мөн үеэс 16-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 139 болж, 26 буюу 23 хувиар тус тус өссөн байна.
Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн эмнэлэгт хүүхэд төрөэнгүүт регистрийн дугаар олгох ажлыг эхлүүлсэн. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 6124 хүүхдэд регистрийн дугаар олгожээ. Нийт 6124 хүүхдийн 3140 нь эрэгтэй, 2984 нь эмэгтэй, 143 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3385 грамм, дундаж өндөр 51 см, байна.
Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгчид өнгөрсөн сард 3.7 мянга болж, өмнөх оны мөн үеэс 333 буюу 10.0 хувиар өчсээ. Үүнд, салхин цэцгээр 39.6 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 36.3, цусан суулгаар өвчлөгчид 15.3, сүрьеэгээр өвчлөгчид 7.9, трихомониазаар өвчлөгчид 6.9 хувмар өссөн нь нөлөөлжээ. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 127 буюу 3.8 дахин, тэмбүүгээр өвчлөгчид 102 буюу 17.5 хувиар, мөөгөнцрөөр өвчлөгчид 13 буюу 8.2 хувиар, вирүст хепатитаар өвчлөгчид 10 буюу 20.4 хувиар тус тус буурчээ.
Нийслэлд өнгөрсөн сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 268 байна.
Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл өнгөрсөн сард 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 594.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр өссөн байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)