Өнгөрсөн жилийн яг өдийд “Нийслэлчүүд 350 тэрбум төгрөгөөр цагаан сар тэмдэглэжээ” гэсэн мэдээг хараад арай үгүй байлгүй дээ гэж бодсон ч мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгааг үзээд хэлэх үг олдоогүй юм. Уг судалгаанд нийслэлийн нийт өрхийн 80 хувь, хөдөө орон нутгийн 94 нь хувь нь цагаан сар тэмдэглэдэг бөгөөд ингэхдээ нэг өрх дунджаар 1.2 сая орчим төгрөг зарцуулсан болохыг тэмдэглэсэн байсан юм. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2019 оны цагаан сарыг хэдэн төгрөгөөр тэмдэглэх тооцооллыг та хараад бараг итгэхгүй болов уу. Тодруулбал, энэ жил улсын хэмжээн дэх 895 мянган өрхийн 64 хувь нь цагаан сар тэмдэглэлээ гэж үзэхэд нэг өрх дунджаар 1.5 сая төгрөгөөр тооцоход улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөг зарцуулах нь.
Өөрөөр хэлбэл, монголчууд бид ДНБ-ийхээ 10 орчим хувьтай тэнцэх мөнгийг хэдхэн хоногийн дотор идэж, уугаад дуусгах нь ээ. Баяр ёслол тэмдэглэх нь хэт тансаг хэрэглээг дэмжиж, бяр чадал муутайгаа хөлдөө чирэх эрсдэлтэй гэж хэчнээн хэлж, яриад ч үг авахгүй нь ойлгомжтой. Тиймээс л баяраа тэмдэглэдэгээрээ тэмдэглэ. Гэхдээ учир начиртай хандах нь зүйтэй гэдгийг сануулах гэсэн юм.
Тодруулбал, нэг өрхөөс зарцуулах 1.5 сая төгрөгийн 80 орчим хувийг зочдын гарын бэлгэнд зарцуулах тооцоолол бий. Хамгийн гол ийм их хэмжээний мөнгөөр дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд хөрөнгө оруулалт хийдэг байсан бол нэг өөр. Гэтэл 670 тэрбум орчим төгрөг хятад руу урсана гэхээр харуулсал төрөхөөс өөр яалтай.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхийн тулд өр зээл тавьсан өрхийн тоо 17 хувиар нэмэгдсэн гэх тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос 2018 онд гаргасан. Тэгвэл дээрх үзүүлэлт энэ жил цөөнгүй хувиар нэмэгдэх нь тодорхой. Учир юу гэвэл, энэ жилээс такси үйлчилгээнээс эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ багагүй хувиар нэмэгдсэн. Дагаад иргэдийн халаасан дахь хэдэн бор нь цөөрнө үү гэхээр нэмэгдэхгүй нь лавтай.
Эцэст нь хэлэхэд хэдхэн хоногийн өмнө тэтгэвэр, тэтгэмж, цалинг нэмснээ Засгийн газраас мэдэгдсэн. Орлого нэмэгдсэн таатай мэдээг сонссон хөгшүүд тороо бариад худалдааны зах руу харайлгах нь ойлгомжтой. Олз орж ирж байхад наймаачид яаж зүгээр суух уу. Боломж таарвал ахиу хэдэн төгрөг олохоо бодно. Тэгээд л хэдхэн хоногийн дотор олон зуун тэрбум төгрөг хилийн дээсээр гарна. Монголчууд ийм л хэмнэлээр цаг хугацааг өнгөрөөж, тэр хэрэээрээ гаднын улсыг "угжиж" байна. Тэгвэл бид хэдий болтол гаднын зах зээлийг тэтгэж, дотоодын зах зээлийнхээ амыг татах бэ. Тиймээс л урд хөршөө тэтгэх биш харин дотоодын үйлдвэрлэгчдээ дэмж. Бэл бэнчин нь хүрэхгүй бол улсын мөнгөн тэмдэгтээрээ бэлгээ бэлдчих. Ингэж чадвал 670 тэрбум төгрөгөө дотоод аваад үлдэнэ шүү монголчууд минь.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)