Тухайн аж ахуйн цаад нууц эздийг томруулдаг шилээр харвал салбартаа олон жил ажилласан нөлөө бүхий хурган дарга эсвэл акулд тооцох боссууд нуугдаж байдаг нь эхнээсээ ил болоод буй. Хамгийн наад захын жишээ гэвэл сангуудыг сааж, Асемаас санхүүжиж, ЖДҮ-г ЖДҮ-дсэн эзэд нь Их хурлын гишүүд, сайд, дарга нар байв. Энэ бол том хүрээллээр харвал шүү дээ. Үүнээс арай наахнуур нь харвал, Богд банк Хөгжлийн банкыг "хөөргөж" байгаад 21 орчим тэрбум төгрөгийг харилцах данс руугаа шилжүүлсэн гэх асуудал гарсан. Эдгээр нь он дамжин олны дунд үүссэн хэрүүлийн гол бай.
Тэгвэл өрөмийг нь томчууд дээгүүрээ хувааж идээд хусам нь борчуудад үлддэг гэдгийг харуулсан нэгэн мэдээлэл цахим орчинд тараад байна. Энэ бол УИХ-ын зарим гишүүд болон Монголбанкны удирдлагууд ББСБ-ын магнайд заларсан гэдэг мэдээлэл. Өөрөөр хэлбэл, Монголд бүртгэлтэй бүх хамгаалалтын алба цагдаагийн хурандаа нарын мэдэлд байдаг. Хурандаа нар үүгээрээ далайлгаж, бусдыг эрхшээдэгтэй адил зүйл юм. Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээллээс харахад манай улсад нийт 595 банк бус санхүүгийн байгууллага бүртгэлтэй байдаг бол үүнээс хөрөнгө орлогоо нээлттэй мэдүүлдэг цөөнгүй төрийн өндөр албан тушаалтны компаниудтай 82 байгууллагын нэр таарсан байна.
Бүр тодруулбал, үүнд УИХ-ын дөрвөн гишүүний нэр багтсан бол мөн Монголбанк, Төрийн банк, Хөгжлийн банкны удирдлагуудын мэдэлд маш олон ББСБ байна хэмээжээ.
Нэрлэвэл,
1.Төрийн банкны орлогч захирал Н.Батгэрэлийн “Гэрэлфинанс” ББСБ
2.Төрийн банкны газрын захирал Х.Эрдэнэбилэгийн “Бүрэнтөгрөг” ББСБ
3.Хөгжлийн банкны хэлтсийн захирал Н.Будбаярын “Женералфинанс” ББСБ
4.Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одын “Ялгуулагч” ББСБ
5.Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын “Баруун-Урт хөгжил” ББСБ
6.Монголбанкны газрын захирал Т.Амарсайханы “Бат энд инвест” ББСБ
7.Монголбанкны ахлах хянан шалгагч Д.Ганбатын “Арвис-Итгэл" ББСБ
8.Монголбанкны хэлтсийн захирал П.Эрдэнэтуяагийн “Болд кредит” ББСБ (П.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бэр юм)
9.УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал премиум” ББСБ
10.УИХ-ын гишүүн Л.Энхболдын “Ирээдүй Инвест” ББСБ
11.УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар капитал партнерс” ББСБ
12.Төрийн банкны орлогч захирал Д.Бямбасүрэнгийн “ТА финанс" ББСБ
13.Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэнгийн “Трасткапитал” ББСБ тус тус байна.
Банк бус санхүүгийн байгууллагын жилийн хүү нь 30 орчим хувь байдаг гэх. Өөрөөр хэлбэл, жилийн ийм өндөр хүүгээр дамжуулж мөнгө хүүлдэг гэж ойлгогдохоор. Тэдэнд ийм орон зай эзэлж, иргэдийн эрэлтээр тоглох боломжийг төр олгосон гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Учир нь дээр хэлснээр томчууд нь бага хүүтэй, уян хатан нөхцөлтэй зээлийг хамчихаар энэ зэрэгт хүрч чадахгүй ч дундаас арай дөнгүүр нь арилжааны банкнаас зээл авна. За, бүр чадал муутай нь өндөр хүүтэй ч хамаагүй ББСБ-аас зээл авч бизнесээ урагшлуулахыг хүсэмжлэх нь ойлгомжтой. Эцсийн дүндээ бизнес нь урагшлах бус харин ч хамаг байдгаа тавьж туух нь ойлгомжтой. Ингэж л төрийн бодлогыг тодорхойлох гэж төрд заларсан томчууд нь, Монголын эдийн засаг, банк санхүүгийн бодлогыг тодорхойлох ёстой Монголбанкны захирлууд нь ББСБ ажиллуулах замаар өөрсдийн хөрөнгийн зузаатгах замналыг тодорхойлж суух нь хэр шударга зүйл бэ.
Хэрвээ дээрх мэдээлэл үнэн байвал Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагууд чухам ямар эх үүсвэрийн мөнгөөр ББСБ-ыг санхүүжүүлж, иргэдээс мөнгө “хүүлж" байгааг хууль хяналтын байгууллагууд шалгах нь зүйд нийцэх биз ээ.
Сэтгэгдэл (26)