БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос 2015 оны 3 дугаар сард Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны замыг хамтран байгуулах зорилго, төлөвлөгөө бүхий стратегийн баримт бичгийг гаргасан байдаг. Уг баримт бичигт Нэг бүс, нэг зам санаачилгад хамаарах хамтын ажиллагааны үндсэн зарчмуудыг заасан бөгөөд санаачилгад багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой чиглэлүүдийг тодорхойлсон. Нэг бүс, нэг зам санаачилгын зорилго нь Ази, Европ, Африкийг 5 чиглэлээр холбох эдийн засгийн бүсүүд бий болгохоор зорьж буй бөгөөд энэхүү чиглэлээ амжилттай хөгжүүлэх 6 корридорыг бий болгохоор болсон билээ. Энэ 6 корридорын нэг нь Хятад-Монгол-ОХУ-ын эдийн засгийн корридор юм.
Манай гурван улс нь хуурай замаар холбогдсон эдийн засгийн олон жилийн хамтын ажиллагааны арвин баялаг түүхтэй. 2014 оны 9 сард гурван улсын тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Душанбегийн уулзалтаар анх удаа уулзаж Хятад-ОХУ, Хятад-Монгол, ОХУ-Монгол хоёр талт харилцаануудад үндэслэсэн гурван талт хамтын ажиллагааг хэлэлцсэн. Энэхүү уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны чиглэл, үндсэн хамрах хүрээг зарчмын хувьд тодорхойлсон байдаг.
Гурван улсын тэргүүн Хятадын Торгоны замын эдийн засгийн бүс, ОХУ-ын Евроази ландбрижийн шинэчлэл болон Монголын Талын зам гурвыг холбох талаар санал нэгдсэн бөгөөд төмөр зам, хурдын замын холболт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, гаалийн хяналт, тээврийн хүчин чадлыг сайжруулж, транзит тээврийг нэмэгдүүлж Хятад-ОХУ-Монголын эдийн засгийн корридорыг бий болгох зэрэг багтаж байдаг.
Төслийн хүрээнд Хятад Монгол ОХУ-ыг холбосон хурдны авто замын АН3 төслийг анх 2014 онд концессоор барьж байгуулахаар эхэлсэн боловч өнөө хэр замын тавигдаж эхлээгүй байна. Манай улсын нутаг дэвсгэр дээрх 1000 гаруй км замыг концессоор Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцөлөөр “Чингис ланд девелопмент–Шинэ хөгжлийн зам” ХХК барихаар 2014 онд гэрээ байгуулан эхлүүлсэн. Харамсалтай нь өмнөх ЗГ-н үед концесс эзэмшигчийн гэрээг цуцалж төслийг 2.5 жил зогсоосон байдаг. Харин энэ зуны 6 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар тус компанийн концесс эзэмшигчийн гэрээг сунгахаар болж улмаар төслийн үйл ажиллагаа дахин сэргэсэн байна. Ямартай ч төр засгийн үл ойлголцолын үр дүнд манай улс эдийн засгийн олж болох боломжуудаа алдсаар байгааг онцлох нь зүй юм.
Манай улстай зэрэг шахуу эхэлсэн Хятад-Пакистан, Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарийн эдийн засгийн корридорын ажил эрчимтэй хөгжиж дэд бүтцүүд нь тавигдаж эхэлсэн байдаг. Бид байгалийн баялагаа бус газар зүйн байрлалаа ашиглан шинэ хурдын замаа хурдан барьж транзит тээвэр, татвар хураамж, үйлчилгээний хөлс зэргээс ашиг олох бүрэн боломж байсаар байна. Гагцхүү боломжоо бид алдсаар байх уу эсвэл бүс нутгийн бусад орны адил ашиглах уу гэдэг сонголт бидний гарт байна.
Сэтгэгдэл (4)