Намрын чуулганаар 24 орчим хуулийн төсөл хэлэлцэгдэхээр байгаа. Уг төслүүдээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлогдоод байна. Тодруулбал, “Bank of china” Хятадын банкнаас эхлээд гадаадын банкууд манай улсыг сонирхож байгаа тухай олон яригдсан. Гадаадын банкыг Монголдоо оруулъя гэхээр манай банкууд дампуурна гэж эсэргүүцээд, зарим судлаачид нь эдийн засаг хараат болох эрсдэлтэй гэх мэт асуудлуудыг ярьж байсан юм. Гадаадын банк орж ирэх гээд байгаа шалтгаан нь уул уурхайг дагаад зах зээл нь байгаа хэрэг.
Тэгэхээр хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлах гол шалтгаан нь гадны банкууд төлөөлөгчийн газраа нээхээс өмнө урьтаад банкны тухай холбогдох хуульд өөрчлөлт оруулах, гарч болох эрсдэлээс хамгаалахын тулд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль шаардлагатай байна.
Ер нь Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нь гадны хөрөнгө оруулалтын банкинд Монголд үйл ажиллагаа явуулах боломж олгох, салбар нээх зөвшөөрөл өгөх тохиолдолд тухайн банкин дахь төрийн мэдлийн эзэмшил нь 50 хувиас багагүй байх гэдэг шалгуур тавьж байгаа аж. Өөрөөр хэлбэл, манай улс гадны банк орж ирэхээс зугтаад байх биш нүүр тулах гэж буй. Тодруулбал, хууль эрх зүйн орчноо сайжруулан угтахаар бэлтгэл ажлаа хангахаар төлөвлөж байгаа юм.
Хөрөнгө оруулалтын банкны талаар тайлбарлая. Энэ нь хэдийгээр “хөрөнгө оруулалтын” гэх тодотголтой ч ихэнх тохиолдолд өөрийн мөнгөөр биш бусдын мөнгийг аливаа төсөл, хэлцэлд татан оруулж энэ процессыг удирдан зохион байгуулах улмаар энэ үйлчилгээнээсээ төлбөр авах мөн элдэв төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг анхдагч болон хоёрдогч зах зээлд худалдах, арилжих, зуучлах энэ замаар бусдын хөрөнгийг өсгөж өгөх гэсэн үндсэн үйл ажиллагаануудаас ашиг олдог байгууллага юм. Хөрөнгө оруулалтын банк нь оруулагчдад ашигтай бизнес олох болон Компаниудад хөрөнгө босгоход зуучилдаг байна. зах зээл өндөр хөгжсөн орнуудад чухал салбарт тооцогддог байна.Уг хуулийг 2016 оны сүүлээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй хэсэг гишүүд санаачлаж байжээ.
Санаачлагчдын зүгээс хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн зах зээл дээр илүү өрсөлдөөн бий болгох шаардлагатай. Эрсдэлтэй гээд зах зээлээ хаачихаад суугаад байж болохгүй. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны хуулийг энэ салбарыг зохицуулж буй Банкны тухай хууль зэргээс заавал тусад нь батлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Хэрэв зөв зохицуулалт хийж чадвал, гадны банкыг оруулж ирж болохгүй гэх шалтгаан байхгүй. Учир нь дотоодын банкууд өндөр хүүтэй зээл олгодог, хүүгээс хүүгийн хооронд амьдарч байна гэх иргэдийн ундуйцал байдаг. Тиймээс гадны банк манайд орж ирснээр өрсөлдөөн бий болоод зогсохгүй зээлийн хүү багасах боломжтой. Иргэдэд ашигтай гэсэн үг. Энэ талаар гишүүд мөн л банкны системийн өрсөлдөөн нэмэгдэж, хүү буурна гэж тайлбарлаж байв.
Хөрөнгө оруулалтын банкны хуульд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт тусгагджээ.
Түүнчлэн зээлийн хуваарилалтын үр ашиг нэмэгдэж, валютын урсгал сайжирч эдийн засаг хүндрэлтэй үед эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа аж. Энэ талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд орж ирснээр манайд хамгийн их дутагдалтай байгаа гадаад валют, капиталын урсгал нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Хадгаламжийн хүү өндөр байх тусмаа бусад санхүүгийн зуучлалын өртгүүд буурах ямар ч боломжгүй. Үүнийг задалж, банкны системд төвлөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлогын цөм байх учиртай. Хөрөнгө оруулалтын банк энэ чиглэлд үйл ажиллагаа явуулна. Гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авчирч манай зах зээл рүү нийлүүлэх ёстой. Түүнээс дотоодын банкууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөхгүй” хэмээн ярьж байв.
Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар заасан бөгөөд Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар тусгажээ.
Тэгвэл Хөрөнгө оруулалтын банк нь Хөгжлийн банкнаас юугаараа ялгаатай вэ гэхээр тодорхой хэмжээний ашиг олж болно. Харин Хөгжлийн банкны тухай хуульд “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд” гэж заасан байдаг юм.
Хөгжлийн банк нь арилжааны банкны адил хадгаламж төвлөрүүлэхгүй, арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Хөрөнгө оруулалтын банк, Хөгжлийн банк хоёулаа үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. Хөгжлийн банк нь зээлийн ямар нэг хязгаар тогтоогоогүй бол Хөрөнгө оруулалтын банк 100 тэрбумаас доошгүй гэж тусгасан байгаа.
Энэ талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Хөрөнгө оруулалтын банк Хөгжлийн банктай төстэй. Манайх ганцхан Хөгжлийн банкийг хараад суух юм бол явахгүй. Манай зарим арилжааны банк их хэмжээний зээл гаргаж төсөл санхүүжүүлэх чадваргүй. Хөрөнгө оруулалтын банк банкуудад зээл олгохоос гадна томоохон төсөл хөтөлбөрүүдийг ч санхүүжүүлээд явна. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын банкаар дамжуулж гадны банкуудыг Монголд орж ирэх боломжийн нээж, хөрөнгө оруулагчдыг татах юм. Түүнээс Хөгжлийн банкнаас ялгараад байх зүйлгүй” гэж ярьсан нь бий.
Тиймээс хууль эрх зүйн орчноо сайтар бүрдүүлчихвэл Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар иргэдэд хүртээмжтэй гэж ойлгож болно.
Б.Цэрэнлхам
Сэтгэгдэл (1)