Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор 2018-2021 оны стратеги, төлөвлөгөөгөө баталсан байна.
Хорооны стратеги төлөвлөгөөг дээрээс доош (top-down) буюу алсын хараа болон эрхэм зорилго гэсэн үнэмлэхүй хэсгээс үйл ажиллагааны төлөвлөгөө хүртэл нарийвчлагдан задрах байдлаар арга зүйн логик дараалалтай боловсруулжээ. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд орц, гарцыг тодорхойлж, хэмжүүр үзүүлэлт, хүрэх үр дүнг тусган газар, нэгжүүдийг хуваарилж, эцэст нь үнэлж болохуйцаар төлөвлөсөн байна.
Мөн хуралдаанаар, “МИК ОССК” ХХК-ийн орон сууцны хоёрдогч зах зээлд ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах бүрдээ хуулийн дагуу үүсгэн байгуулсан тусгай зориулалтын компани /ТЗК/-уудын дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиар бонд гаргагч багц үнэт цаас гаргах болгондоо ТЗК байгуулахаар заасан байдаг бөгөөд “МИК ОССК” ХХК өнөөдрийн байдлаар 16 багц үнэт цаас гаргаад байна.
“МИК Актив Нэг ТЗК”- “МИК Актив Арван зургаа ТЗК” ХХК-уудын дүрэмд “Мөнгөн хөрөнгийг зөвхөн Засгийн газрын болон төв банкны богино хугацаатай үнэт цаас худалдан авах, шалгуур хангасан банканд хадгаламжийг байршуулах” гэж заасныг “МИК ОССК” ХХК-ийн ТУЗ-өөс “Мөнгөн хөрөнгийг Засгийн газрын болон төв банк, хуулийн этгээдийн үнэт цаас худалдан авах, худалдах, шалгуур хангасан банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах” гэж өөрчилсөн байна. Ингэснээр зээлдэгч нар сар бүрийн эргэн төлөлтөөсөө илүү төлөлт хийх үед ТЗК-уудын транс дансанд байршиж буй мөнгөн хөрөнгийг Засгийн газрын болон төв банкныхаас гадна хуулийн этгээдийн үнэт цаасанд байршуулах боломж нэмэгдэж байгаа юм.
Хорооны хуралдаанд Хяналт шалгалт, зохицуулалтын газар /ХШЗГ/-аас “Зохицуулалттай этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тогтоох тухай” 94 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ. Тус тогтоолоор, үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд доод тал нь 30.0 сая төгрөг, брокерийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд 100.0 сая төгрөг, дилерийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд 200.0 сая төгрөг, андеррайтерын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээд 1.0 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байхаар заасан. Өнөөдрийн байдлаар 54 үнэт цаасны компани /ҮЦК/ зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаагаас 25 нь буюу 46.2 хувь нь дээрх хэмжээг хангахгүй байна. Иймд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ хангахгүй байгаа компаниудад хууль, журмын дагуу холбогдогдох арга хэмжээ авах шаардлагатай байгааг ХШЗГ-аас танилцуулав.
Түүнчлэн хуралдаанаар, холбогдох хууль тогтоомж, журмын шаардлагыг хангасан “Хужиртайнбулгийн ундарга”, “Завхан нөхөрлөл” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Нарны хөтөч ББСБ”, “Гүн түншлэл ББСБ”, “Хамона ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сэргээв. “Жаргалант хайлааст”, “Түмний хишиг буян”, “Элитдөч”, “Арвин дэм” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг тус бүр гурван жилээр сунгаж, “Бичил глобус финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олголоо. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдээр өмгөөллийн “Новус лоо групп”, “И Эл Би партнерс” ХХН-ийг, аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр “Атланта баланс аудит” ХХК-ийг тус тус бүртгэлээ.
Мөн "Өнөр их наяд” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Альянсфинанс групп ББСБ”, “Та финанс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, “Гранд девелопмент ҮЦК”, “Дархан брокер ҮЦК”, “Санар ҮЦК” ХХК-ын үнэт цаасны дилерийн, “Эгбуман зоос” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа, “Нейшнл Инвэстмент Менежмент” ХХК-ийн харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
С.Нацаг